АТГ-аас 2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн, Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг, Хянан шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга Б.Баярсайхан нар оролцлоо.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн: Өнгөрсөн онд АТГ-аас Румын улсын Авлигатай тэмцэх газарт айлчлал хийж, туршлага солилцсон. Мөн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дугаар хурал, Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг өндөр түвшний уулзалт, Сүлжээ удирдах зөвлөлийн 27 дугаар хурал зэрэг олон улсын чуулга, уулзалтад хамрагдсан.
Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтаар 2022 онд 366 албан тушаалтны ХОМ-ийг шалгасан. Шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хянан шилжүүлсэн мэдүүлэг 50 нэгжээр өссөн байна. Өнгөрсөн 2021 онд 315 албан тушаалтан байсан. Мөн 2022 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар нийт 612 гомдол мэдээлэл ирж, хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэлт 95.6 хувьтай байгаа нь өмнөх оноос 101 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний мэдүүлгийг шалгаж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. 2022 онд нийт хянан шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оноос 300 нэгжээр өссөн байна.
2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5 их наяд 24 тэрбум 895 сая 829 мянган төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 их наяд 374 тэрбум 934 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. 2021 онд их наяд төгрөгийн хохирол авлигын улмаас үүсээд байсан бол энэ онд 5 их наяд болсон байна. Битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 518 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. 8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үл хөдлөх хөрөнгө, 6.4 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг улсын орлого болгосон. Британийн Виржиний арлаас 2.2 тэрбумын буюу 1.6 сая долларын газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлж, 11.3 тэрбум төгрөгийн хураан авч, улсын орлого болгосон байна.
Нүүрсний хулгайд хахууль авсан иргэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогдсон.