Көүч Г.Батхандтай ярилцлаа.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. MENTOR HUB-аас таны хичээлийг сонсож байгаад зочноор урья гэж шийдсэн юм?
-Баярлалаа. Миний хувьд 2018 оноос көүч гэх мэргэжлийг сонирхож, ICF-ийн сургалтыг төгссөн. Одоо албан ёсны шалгалтууддаа ороод явж байна. MENTOR HUB-д хувийн менежментийн чиглэлд ментор хийдэг. Үүнийхээ хүрээнд 12 хичээлийг оруулсан. Хувь хүн хэрхэн асуудал багатай, аз жаргалтай байх вэ гэдгийг хичээлээрээ дамжуулан ойлгуулахыг зорьдог. Мөн ментор хийхийн хажуугаар “Шинэ он, шинэ зорилго” төслийг нь ахалж байна.
-Хувь хүний хөгжил гэх сэдэв көүчтэй яалт ч үгүй холбогддог шүү дээ. Тантай ярилцах сэдвээ хувь хүний хөгжил гээд тодорхойлчихлоо?
-Монголчууд хувь хүний хөгжил ярьдаг болоод удаж байна. Хувь хүний хөгжлийн номууд бичиж, зөвлөгөө өгдөг болсон. Гэвч хувь хүний хөгжлийг өндөр амжилтад хүрэх, баян болох, олны танил болох зэргээр хязгаарлан ойлгох нь элбэг байна. Хувь хүний хөгжлийг таны хувьд хэрхэн тайлбарладаг вэ?
-Хүний туйлын зорилго бол таны хэлсэн баян болох, олны танил болох биш. Харин аз жаргалтай л амьдрах тухай ойлголт юм. Аз жаргал гэдэг хүний болгоны хувьд өөр. Аз жаргалыг мэдрэхийн тулд байнга сайжирч байх ёстой бол сайжрахын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг л хувь хүний хөгжил гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн өөрийгөө хөгжүүлж байж аз жаргалыг мэдэрдэг, түүнд ойртдог байх нь. Тэр хэмжээгээр амьдрал утга учиртай, зорилготой болдог. Хүн эхлээд миний өгөгдөл юу вэ, би юу хүсдэг вэ, миний зорилго, дуртай зүйл минь юу вэ, хаана байхаараа тайван байна вэ, би юу чадахгүй вэ, миний давуу болон сул тал юу вэ гэх мэтчилэн өөрийгөө таньж мэдэх чухал. Өөртэйгөө ярилцаж, өөрийгөө мэддэг болсноор сул талаа хөгжүүлж эхэлдэг. Ингэж байж зөв хөгждөг.
Харин хөгжих замд алдаа гараад байна, нэг л болохгүй байна гэх тохиолдол бий. Энэ нь ерөөсөө л өөрийгөө мэдэхгүй, өөр рүүгээ өнгийхгүй байна аа гэсэн үг. Өөр рүүгээ өнгийдөггүй хүн зөвхөн гадагшаа л хардаг, бусдыг харж, даган дуурайдаг. Бусдаас алдааг хайна, бусдын давуу талыг харж, бусад хүмүүс мундаг, өөрөөс нь илүү байгаа юм шиг санагдаж эхэлнэ. Өөрийгөө бусадтай харьцуулж, энэ хүн шиг болох ёстой гэж бусдын зорилгыг өөрийн зорилго болгодог. Ингээд хөгжил бус хямрал болж, за бүтэхгүй юм байна гээд шантардаг. Тиймээс өөртөө төвлөрч, өөрөөсөө асуулт асуух нь чухал. Би хүмүүст хүн бол өөрөө өөртөө хамгийн сайн көүч байдаг юм шүү гэж хэлдэг.
-Өөртөө төвлөрч, өөр рүүгээ өнгийх хамгийн чухал юм байна. Өөр рүүгээ төвлөрөхийн тулд бид хаанаас эхлэх вэ?
-Өөртөө хайртай байхаас эхэлнэ. Брэндийн хувцас авч өмсөөд л, гоё газар хоол идээд л, алдартай арга хэмжээ, шоунд очиж байгаагаар өөрийгөө хайрлаж байна гэж боддог. Мэдээж тухайн үедээ сайхан мэдрэмж төрүүлнэ. Гэвч өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө алдаатай нь, оноотой нь, асуудалтай нь, өөрийнхөө хамаг муу муухайтай нь хүлээн зөвшөөрөх, дээр нь хүндлэх. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг ч хайрлаж, байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг.
Өөрийгөө хайрласан хүн өөр рүүгээ төвлөрнө. Миний эрх яаж зөрчигдөж байна вэ, би ямар мэдрэмжтэй байна, бусдад яаж хандаж байна гээд өөрийгөө анзаарч эхэлдэг. Ингээд болохгүй байгаа зүйлээ олж мэдээд түүнийгээ өөрчлөх алхмуудыг хийж эхэлнэ. Хүн хөгжихийн үндэс энэ.
Бид ийм, ийм зүйлийг хийнэ гээд л зорьдог. Гэхдээ юуг хийж болохгүй вэ гэдгээ тодорхойлдоггүй. Би яаж ядарч, зовж явсан бай арай ч ингэхгүй шүү гэдэг зүйл. Би яасан ч хүний зовлонгийн шалтгаан болохгүй шүү, албан тушаал ахихдаа танил талаа хэзээ ч ашиглахгүй шүү гэх мэт. Зорилгодоо хүрэхийн тулд юу хийж болохгүй вэ гэдэг жагсаалтаа гаргачихад буруудахгүй.
Таны гэрийн асуудалд "саарал" ордон хамаагүй
-Хүний хөгжил амьдралын хэв маягтай хэрхэн уялддаг вэ?
-Би яг ямар амьдралаар амьдрах вэ, амьдрал минь хэрхэн өрнөх вэ, би юу бүтээж дуусах вэ гэдгээ бодож, түүнийгээ олох хэрэгтэй. Тэр амьдралдаа тохирсон карьер, санхүүгийн нөхцөл байдал, найз нөхөд, хүрээлэл, эрүүл мэнд , амьдрах орчин нь аяндаа тодорхой болоод ирнэ. Учраа олсон хүн гэж энийг л хэлнэ.
Тухайлбал, минимал амьдралын хэв маягтай амьдрахаар шийдлээ гэж бодъё. Нэгэнт ингэж амьдрахаар шийдсэн бол их эд баялаг цуглуулахгүй, өдөр шөнөгүй мөнгөний төлөө зүтгэхгүй. Өөр зүйлд хөрөнгө оруулж, өөр зүйлд анхаарал нь төвлөрнө. Эсвэл би карьер хөөнө, карьерынхаа оргилд хүрнэ гэж байгаа хүн зугаа цэнгэлд цагаа зарцуулахгүй. Яван чангарах зарчмаар өөртэйгөө ажиллана гэх мэт. Энэ мэтчилэн амьдралаа дизайнлаад ирэхээр яг түүнд нь тохирсон найз нөхөд, хүрээлэл, чадвар суугаад ирнэ. Үүн дээрээ зорилгоо гаргаад төлөвлөөд, яарахгүйгээр системтэй байвал өөрийн онцлогоор хөгжинө. Хүний амьдралд яарах ёстой зүйл бий. Бие хаа өвдөөд хэвийн бус байгаа бол яарах ёстой. Яаралтай арга хэмжээ авч эмчлүүлэх хэрэгтэй. Яарах ёсгүй зүйл ч бий. Хэт өндөр карьер, албан тушаал руу, амжилт руу яарах хэрэггүй.
-Би ингэж амьдарч байгаа нь нийгэм л муу байгаагийнх шүү дээ гэж ярих хүмүүс бий. Ер нь нийгэм хөгжсөнөөр хүн нь хөгждөг үү эсвэл хувь хүн хөгжсөнөөр нийгэм бүхэлдээ хөгждөг үү?
-Улс, эх орны хөгжлийг ярьдаг, шүүмжилдэг хүмүүс өөрөөсөө би юу хийж байна вэ гээд асуугаад үзэх хэрэгтэй. Бид сорилт ихтэй цаг хугацаанд амьдарч байж болно. Гэхдээ улс орноо сайхан болоосой л гэж хүсэж байгаа бол шүүмжлэхээ түр азнаад дор бүрнээ хичээх хэрэгтэй. Нийгмээ хөгжүүлэх нь миний хийх ажил биш, үүнийг тусдаа өөр хүмүүс хийдэг, улстөрчид хийдэг гэж ойлгодог. Гэтэл гэртээ ач зээгээ хараад сууж байгаа эмээ, өвөө нар ч нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа шүү дээ.
Ажил хийдэг хүмүүс манай байгууллага хөгжөөсэй, гоё байгууллагад ажилламаар байна гэдэг. Хувь хүн, тухайн ажилтан хөгжсөнөөр байгууллага хөгждөг. Байгууллага хөгжсөнөөр нийгэм хөгждөг. Улс орон хэцүү байна гээд дээр байгаа хүмүүсээ муулаад суудаг. Яах вэ, асуудал байхын хувьд байна. Гэхдээ нийгмийн хөгжил хувь хүнээс, чамаас шалтгаалдаг. Хувь хүн бүр ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна, өөрөө л тийм бай.
Өнөөдөр нэг л их гомдоллосон, уурласан, бухимдсан хүмүүс байх болж. Үнэндээ танай гэрт болж буй, таны оюун санаанд болж буй асуудал “саарал” ордонд болж буй асуудал хоёр шууд хамааралтай биш шүү дээ.
-Бид өөрөөсөө биш гаднаас алдааг хайгаад байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Болохгүй байна, бүтэхгүй байна гээд хэт гомдоллоод л байвал сөрөг мэдрэмж нэмэгдээд л байна. Тэгээд сөрөг мэдрэмж нь сөрөг зан төлөв болно. Сөрөг зан төлөв нь сөрөг үйлдэл болоод л тэгээд хувь тавилан болчихож байгаа юм. Тиймээс бодол маш чухал. Би бол өнөөдрийн болж буй үйл явдлаар улс эх орныхоо ирээдүйг төсөөлдөггүй. Энэ бүхнийг бид давж туулаад сайхан болно гэж боддог. Цалин нэмэхгүй байна, удирдлага таалагдахгүй байна, барааны үнэ өслөө зэрэг нийгэмд болж буй зүйлсийг шүүмжилж суухын оронд би өнөөдөр хаана байна аа, би юу бүтээж амьдрах юм бэ, миний бүтээх үнэ цэн юу вэ гэдгээ л бод. Шүүмжлээд байвал шүүмжлээд л суугаад байна шүү дээ.