Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Сонсгол: 'Изинис Эйрвэйз'-ийн зээлийг Б.Хурцын гэр бүлийнхэн ингэж хуваан авчээ

Сонсгол: 'Изинис Эйрвэйз'-ийн зээлийг Б.Хурцын гэр бүлийнхэн ингэж хуваан авчээ
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 20
Хөгжлийн банкны УИХ-ын түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Изинис Эйрвэйз ХХК-д холбогдох баримтыг хэлэлцлээ. Изинис Эйрвэйз ХХК нь 2019 онд Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авсан билээ. 
Изинис Эйрвэйз ХХК нь Т.Эрдэнэ (70 хувь), Э.Золзаяа (30 хувь) гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй. Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр. Харин Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатан аж. Т.Эрдэнэ нь Сарнайх ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг. Харин Сарнайх ХХК нь Б.Хурцын эхнэрийн компани аж. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн 7.5 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан, 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй гэв.
Зориулалтын бусаар зарцуулсан мөнгийг задалж үзвэл, 
  • Богд банк дахь Изинис Эйрвэйз болон Сарнайх ХХК-ийн 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хаасан. 
  • Чингис хаан банк дахь Сарнайх ХХК-ийн 2.1 тэрбум төгрөгийн бизнесийн зээлийг хаасан.  
  • Беллью Пропертис ХХК-ийн ипотекийн зээлийн тодорхой хувийг санхүүжүүлсэн. 
  • Бадрах ойл ХХК руу нэг тэрбумыг шилжүүлсэн. Тус компани нь өөрийн 852.7 сая төгрөгийн зээл хаасан байна.  
Зарцуулалт тодорхгойгүй мөнгийг задалж үзвэл, 
  • Т.Эрдэнэ 325.7 сая төгрөгийг гурван удаагийн үйлдлээр бэлнээр 
  • Т.Эрдэнэ 4.3 сая төгрөгийн долларын дансандаа авч, хувийн хэрэглээнд зарцуулсан. 
  • Т.Эрдэнэ 300 саяыг Сарнайх ХХК руу шилжүүлсэн.  
  • Т.Эрдэнэ өөрийн дүү Т.Банзрагч руу 100 саяыг шилжүүлсэн.  
  • Энхтайвангийн Төгсбуян нэг тэрбум төгрөг бэлнээр авсан.  
Энэ талаар “Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяа “Зарцуулалтын тоонууд бол таарч байна. Гэхдээ зориулалтын бусаар зарцуулсантай санал нийлэхгүй. Богд банк руу гаргасан 4.2 тэрбум, Чингис хаан банк руу гаргасан 2.1 тэрбумын дүн байна. Анхнаасаа Хөгжлийн Банкнаас зээл авахад зээлийн зарцуулалт нь манай  эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, онгоц, сэлбэг санхүүжүүлэх зэрэг олон төрлийн зарцуулалтын зориулалтай зээл юм. Бид бүх зарцуулалтаа Хөгжлийн банкинд мэдэгдэж, тэд өөрөө тэр гүйлгээг хийдэг байсан” гэлээ. 
Компанийн хувьцаа эзэмшлийг түр хорооны дарга Б.Энхбаяр тодруулав.  
Б.Энхбаяр: Таны эзэмшил дээр Экомогул гэж компани байна. Тус компанийн 30%-ийг Л.Элдэв-Очир эзэмшиж байна. Л.Элдэв-Очир гэдэг нь таны аав мөн үү? 
Э.Золзаяа: Мөн 
Б.Энхбаяр: УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Элдэв-Очир мөн үү?  
Э.Золзаяа: Мөн.  
Б.Энхбаяр: Экомогул компанийн бусад хувьцаа эзэмшигч Анхзаяа, Ариунзаяа, Намсрайдорж нар нь таны хамаарал бүхий хүмүүс мөн үү, ямар хамааралтай вэ? 
Э.Золзаяа: Мөн. Миний төрсөн эгч дүүс байгаа юм.  
Б.Энхбаяр: Изинис Эйрвэйз ХХК-ийн 70 хувийг эзэмшигч Т.Эрдэнэ Сарнайх ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байна. Сарнайх компанийн 66 хувийг эзэмшдэг Ү.Сарнайг та таних уу? 
Э.Золзаяа: Мэднэ. Манай нөхрийн ээж. Хадам ээж гэсэн үг. 
Б.Энхбаяр: Та Т.Эрдэнэ гэж хүнийг таних уу? 
Э.Золзаяа: Танина, хамт Изинис Эйрвэйз ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Төрөл садан бол биш. 
Б.Энхбаяр: Ү.Сарнай нь өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцын гэр бүлийн хүн. Батын Хурц нь таны хадам аав гэж ойлгож болох уу?  
Э.Золзаяа: Тийм ээ.  
Б.Энхбаяр: Б.Хурц нь Т.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ?  
Э.Золзаяа: Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү гэх юм уу. 1991 онд төрсөн хүн байдаг гэлээ. 
Зээлтэй холбогдуулан Б.Хурцыг сонсголд нэмэлт гэрчээр дуудсан ч ирсэнгүй.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн