Open iToim app
Анализ | 5 мин уншина

Монголд хулгай, авлигын мөнгө тансаг орон сууц, хотхон болж УГААГДДАГ УУ

Монголд хулгай, авлигын мөнгө тансаг орон сууц, хотхон болж УГААГДДАГ УУ
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 16
Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацаа өнгөрөв. Хэрэг сөхөгдсөн цагаас их, бага, дунд гарын “хулгайчид” ил болсоор буй. Гэхдээ их багаар зааглагдсан тэдэнд хулгайн мөнгөө угаах нэг ижил технологи бий. Тэр нь тансаг зэрэглэлийн орон сууц, хотхон барих. Энгийнээр бол тэд авлига, хулгайн замаар олсон мөнгөөрөө байшин барьж, иргэдэд зараад цэвэрлэдэг болж таарав.
Одоогоор нийтэд ил болсон зарим мэдээллээр “нүүрсчид”-ийн барьсан, барьж байгаа гэх хэд хэдэн тансаг нэрийн тодотголтой орон сууц, хотхонууд байна. Зарим нь уул тойруулж, зарим нь улс тойрч барьжээ. Хууль хяналтын байгууллагаас нүүрсний хулгайн хэрэгт нэр дуудан шалгаж байгаа эрхмүүд болон тэдний хамаарал бүхий этгүүдүүд тансаг зэрэглэлийн хороолол, хотхонууд барьж байгаа нь зүгээр нэг тохиолдол биш байх. Эрх бүхий албан тушаалтнуудын мэдээлснээр авлига, хулгайн мөнгөөрөө тансаг орон сууц, хотхон барьж угаадаг гэх зарим жишээг эргэн сануулъя.
1. Б.Ганхуяг ба тэдний хамаарал бүхий этгээдүүд
Нүүрсний хулгайн асуудал эрчимжиж, иргэд Төв талбайд жагссаны дөрөв дэх өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг, түүний эгч Б.Нарантуяа, “Хишиг-Арвин Индустриал” ХХК-ийн ерөний захирал Б.Хишигдоржийн хамтаар саатуулсан байдаг. Баривчилгааны маргааш Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ өөрт давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг анх үүсгэн байгуулсан цагаас хойш хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа, үндэсний томоохон компани болох “Хишиг-Арвин Индустриал” ХХК-тай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт илэрсэн” гэсэн юм.
Товчхондоо, Б.Ганхуяг нь 2019 онд “Хишиг-Арвин Индустриал” ХХК-тай 796 тэрбум төгрөгийн гэрээг үзэглэсэн.  Үүнийхээ хариуд авсан авлигын мөнгөөрөө “Жаргалант вилла” гэх хотхон бариулж, түүнийгээ зарж борлуулан угаасан байх магадлалтай. Үүнтэй холбоотойгоор Б.Ганхуягийг эгчийнх нь хамт баривчилсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, 2019 оноос өмнө цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяаг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тансаг зэрэглэлийн хотхон барьж байгуулсан асуудалтай холбон шалгаж буй аж.
2. Улс дамнан мөнгөө угаасан гэх Х.Нурлат
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн мэдээллийнхээ үеэр "Эрдэнэс Тавантолгой"-д хэлтсийн дарга байсан хүн л Казахстан улсад  хороолол барих хэмжээнд баяжсан байна" хэмээн шүгэл үлээсэн. Дараа нь нүүрсчдийн асуудал хөндөгдөхөд түүнийг баривчилсан. Х.Нурлат нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Түүнийг “Онлайн ложистикс” гэх ХХК байгуулж,  эрх мэдлээ урвуулан ашиглан  бусдад давуу байдал бий болгосон гэх шалтгаанаар АТГ-аас шалгаж, нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Харин өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан юм.
Мөн Х.Нурлат болон түүний хамаарал бүхий этгээд Казахстаны Астана хотод “Prime garden” гэх хорооллыг барьсан гэх хэргийг шалгаж буй. Тус хороолол нь нийт 270 айлын багтаамжтай бөгөөд орон сууцны метр квадратын үнэ нь казахстан мөнгөн тэмдэгтээр 440,000 тенге бол монгол мөнгөөр 2,978,800 төгрөг байна.
3. Нүүрсний хулгайд сэдрэгдсэн Х.Мандахбаярын тансаг хороолол
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт 17 хүний нэрийг зарласны дунд “Эрхэт Монгол” группийн захирал Х.Мандахбаяр багтсан. Сүүлийн үед түүнийг сэтгүүлч гэхээс илүүтэй барилгачин болсноор нь андахгүй биз. Тодруулбал, Х.Мандахбаярын хамаарал бүхий компани нь 2021 оноос хойш метр квадрат нь 6.95 сая төгрөгөөс дээш үнэтэй 500 айлын “Гранд маршал”, 600 айлын “Сити ресиденс”, "Хайрын хот" зэрэг төслийг хэрэгжүүлж буй.
Мөн тэрээр 2017-2019 онд Тавантолгой дээр хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан “Их шижир баялаг” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. Үүнээс харвал уул, уурхайн салбараас татсан орлогоо, барилгын салбар руу “сэлбэлт” хийсэн гэсэн үг юм. Хэдий шийдвэр гаргах түвшинд нэг өдөр ч ажиллаагүй ч шийдвэрт нөлөөлдөг нэгэн. Гол нь барилгын бизнес эрхэлж байгаагүй, гэнэт тансаг хороолол барьж, үнэтэй пиар хийж эхэлсэн түүнийг бохир мөнгө угааж байна гэж хардах хүн цөөнгүй бий. Түүний барьсан болон барьж байгаа орон сууцны эх үүсвэр чухам цэвэр үү, бохир уу гэдгийг хуулийнхан эцэслэн тогтооно.
4. Нүүрс болон Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бас нэгэн хороолол
АТГ-аас нүүрсний гэх хэрэгт нэрийг нь зарлаагүй ч туслахыг нь дуудан байцааж, шалгаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Үүнтэй зэрэгцэн түүнийг найзтайгаа нийлж хотхон барьсан байх магадлалтай мэдээллүүд гарч эхлэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, түүний багын найз Б.Чойжилжалбуу нар Богд уулын урд энгэрийн Жаргалантын аманд байрлах “Жаргалант хотхон”-той нэр холбогдоод байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2016 оны долдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сар хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Ажлаа хүлээн авснаас хоёр сарын дараа багын найз Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон.
2022 оны эхээр Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банкны хэрэгт татагдан, цагдан хоригдсон. Түүнийг хоригдохоосоо өмнө өөрийн мэдлийн “Марс Гранд” компаниар дамжуулан “Жаргалант хотхон” төслийг хэрэгжүүлсэн гэх. Тийм байх ч магадлал бий. Учир нь, “Жаргалан хотхон”-ыг барьсан гэх компанийн захиралтай Б.Чойжилжалбуу хамаарал бүхий этгээдүүд юм. Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж олсон мөнгөөрөө санхүүжүүлсэн гэх. Б.Чойжилжалбуугийн цаана УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байх магадлалтай гэж харддаг.
5.  С.Батдөлийн үл хөдлөхийн бизнес
Сүүлд авлига албан тушаал, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдсан УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл мөн л тансаг орон сууц, хороолол руу бохир мөнгөө оруулсан байх магадлал өдөр. Түүний гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр, дөрөв орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөхийн гэрчилгээг Эрүүгийн цагдаагийн алба хураан авсан. Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих эсэх дээр хуралдаж нэг сарын хугацаатай хорихоор болсон. Ингэхдээ, түүнийг 2018 оноос хойш үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдан борлуулан олсон орлогоос их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээх үндэслэлээр хорьж байгааг мэдэгдсэн. Түүнчлэн, хэрэгт холбогдогч С.Батдөл нь эхнэрийн  үл хөдлөхийн бизнес хийж, үл хөдлөх худалдан борлуулж, мөнгө угаасан байх магадлалтай гэж хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн.
Дээрх байдлаас харвал үл хөдлөх, орон сууц, хотхон барих нэрээр бохир мөнгөө угааж, далдлах технологи тогтжээ. Эдгээр нь ил болсон цөөн хэдэн хүний асуудал. Ил болоогүй хэд байгааг таашгүй. Гэхдээ тэдний угаасан, угаагаагүй, хулгайлсан, хулгайлаагүйг хууль шүүхийн байгууллага л эцэслэнэ.  
  
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн