УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр УИХ-д суудалтай намын дарга нартай уулзсан. Уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр оролцсон бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор бус хугацаанд нь хийх ёстой гэсэн асуудлыг хөнджээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр буусан. Хэрвээ хоёр, гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явуулбал сонгогдсон хүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацааг дуусгана гэж тайлбарлаж байгаа аж. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар ийм байр суурь илэрхийлэв. Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр: ТББХ-ны дараагийн хурлаар Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг тогтоох гээд байгаа. Үндсэн хуулийн 37.2 дээр дөрвөн сарын дотор хурлаа зарлана гэж заасан. Гэтэл энэ нь ээлжит бус сонгуулийн зохицуулалт маш олон асуудал хөндөж байгаа. Тухайлбал, хоёрдугаар сарын сүүлээр сонгуулиа хийе гэж ярьж байгаа юм билээ. Гэтэл 1976 оны 3-6 сард төрсөн хүмүүс нэр дэвших эрхгүй болж байна. Сурталчилгааны хугацаа гэх мэт Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанууд хэрэгжих боломжгүй болж байгаа. Үүнийг анхааралдаа аваач ээ.37.2-ын дагуу дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулиа явууллаа гэхэд зургаан жилийн хугацаа нь үүнээс хойш тооцогдоод явах нь нэлээд хуулийн зөрчил дагуулна. Шударга сонгууль явуулах боломжгүй шүү.