Нийслэл 2027 онд түлш, тээврийн татааст 864 тэрбум, өрөнд 824 тэрбум төгрөг зарцуулнаНийслэл 2027 онд түлш, тээврийн татааст 864 тэрбум, өрөнд 824 тэрбум төгрөг зарцуулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар өргөн барилаа. Нийслэлийн өөрийн орлого 2.08 их наяд, дүүргүүдээс төвлөрүүлэх орлого 1.53 их наяд төгрөг байх аж. Төсвийн алдагдлыг 2026 оноос үлдэх мөнгөөр нөхөхөөр тооцжээ.
Энэ нь Хотын дарга Пүрэвдагвын томилогдсоноос хойш өргөн барьсан анхны төсөв юм. Нийслэлийн удирдлага ирэх оны төсвийг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн "иргэн төвтэй төсөв" хэмээн тодорхойлов. Энэхүү төсвийн төслийг НИТХ хэлэлцэн батлах бөгөөд явцдаа дүн өөрчлөгдөж болно. Тэгвэл нийслэл ирэх онд яг юунд хэр хэмжээний мөнгө зарцуулах гэж байна вэ?
Урсгал зардлын тал нь цалин, тээврийн татаас, түлшний татааст очно
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 1.94 их наяд төгрөгөөр тусгасан нь өнгөрсөн оныхоос 5.4 хувиар өссөн үзүүлэлт. Урсгал зардлын дийлэнх нь буюу 1.06 их наяд төгрөг нь цалин, тээврийн татаас, түлшний татаас гэсэн гурван зардалд зарцуулагдана. Эдгээр зардал өмнөх оныхоос нийт 191.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.
Урсгал зардлын хамгийн том хоёр зардал нь нийтийн тээврийн болон гэр хорооллын сайжруулсан түлшний татаас юм. Коксжсон түлшинд зарцуулах төсөв энэ оныхоос 89.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 400 тэрбумд төгрөгт хүрсэн бол түлшний татаасыг оролцуулаад агаарын бохирдолтой холбоотой нийт зардал 476.9 тэрбум төгрөгт хүрч байна. Ирэх халаалтын улиралд 7800 айлыг цахилгаан болон бусад цэвэр халаалтад шилжүүлэхээр төлөвлөжээ. Нийтийн тээврийн машин цагийн зөрүү болон хөнгөлөлтийн нөхөн олговорт 463.9 тэрбум төгрөг зарцуулна. Ингэхдээ ахмад настны 39.2 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7.3 сая зорчилтын хөлсийг төсвөөс төлөхөөр байна. Мөн ирэх онд автобусны тоог 117-гоор нэмж 1289 болгож, шинэ суурьшлын 15 бүсэд үйлчилгээ үзүүлэхээр байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Цалингийн зардал 36 хувиар өснө
Нийслэлийн төсөвт байгууллагуудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал 144.4 тэрбумаас 196.9 тэрбум төгрөг болж, 2026 оныхоос 36.4 хувиар өсөхөөр байна. Учир нь Засгийн газрын шийдвэрээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг 50 хувиар нэмсэн. Мөн 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны албан хаагчдын цалин 10–20 хувиар нэмэгдэх юм.
Ирэх онд нийслэлийн 1,918 хэсгийн ахлагч сар бүр 1.5 сая төгрөгийн урамшуулал авах бөгөөд үүнд жилд 34.5 тэрбум төгрөг зарцуулна. Ийнхүү хэсгийн ахлагчийн урамшуулал 2022 онд сарын 630 мянган төгрөг байсан бөгөөд дөрвөн жилийн дотор 2.4 дахин нэмэгдэж байна.
Ургсал зардлын хувьд өнгөрсөн онуудтай харьцуулахад зарим төрлийн зардлыг хассан байна. Жишээлбэл, ирэх онд томилолт болон зочны зардлын танах аж. Нийслэл болон дүүргүүдийн байгууллагууд 2027 онд томилолт, зочны зардалд 9.9 тэрбум төгрөг хүссэн ч төсөлд 3 тэрбум төгрөг тусгасан байна. Үүний 2 тэрбум нь гадаад албан томилолт, 821 сая нь зочин төлөөлөгч хүлээн авах зардал байна. 2025 онд энэ зардалд бодитоор 6.1 тэрбум төгрөг зарцуулж байжээ.
Нөөцийн махны зардал 3.5 дахин нэмэгдэнэ
Түүнчлэн нөөцийн махны зээлийн хүүгийн хөнгөлөлт 3.5 дахин өсөж 30.5 тэрбумд хүрэхээр байна. Ирэх онд нийт 13000 тонн махыг гурван эх үүсвэрээр бэлтгэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 6000 тонныг зээлийн хөрөнгөөр буюу аж ахуй нэгжүүд банкнаас зээл авч бэлтгэнэ. Зээлийн хүүг нийслэл төсвөөсөө хөнгөлөх аж. Харин 3000 тонныг аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр бэлтгэх бол үлдсэнийг нь өрийн хэрэгслээр бэлтгэнэ.
Хөрөнгө оруулалтын хамгийн их хувь сургууль, эмнэлэгт очно
Нийслэл 2027 онд 1.48 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 292 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Санхүүжилтийн 855.5 тэрбум төгрөг нь нийслэлийн төсвөөс, 349.7 тэрбум төгрөг авто замын сангаас, 200 тэрбум төгрөг гэр хорооллын хөгжлийн сангаас гарна. Хамгийн их хөрөнгө оруулалт нь сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийгмийн салбарт очно. Тодруулбал, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн барилга, тоног төхөөрөмжид нийт 381.2 тэрбум төгрөг зарцуулна.
Боловсрол: Ирэх онд 30 сургууль, 17 цэцэрлэг буюу нийт 47 барилгын ажилд 154.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрийн 22 сургууль, 11 цэцэрлэг нь өмнөх онуудаас үргэлжилж буй ажил бөгөөд 91.9 тэрбум төгрөг зарцуулна. Шинээр барих 8 сургууль, 6 цэцэрлэгт 63 тэрбум төгрөг зарцуулна. Сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын зардал ч нэмэгдэж байна. Нийслэлийн 289 сургуулийн байрны тогтмол зардалд 56.5 тэрбум, 468 цэцэрлэгийнхэд 41.2 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт бөгөөд сургуулийнх 17 хувиар, цэцэрлэгийнх 21 хувиар тус тус нэмэгджээ. Ирэх онд 421.4 мянган сурагч "Сүү" хөтөлбөрт хамрагдана. Мөн "Гэрт ойр сургууль" арга хэмжээний хүрээнд 19 шинэ сургуулийн бэлтгэлийг хангаж, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн арилгахаар зорьж байна.
Эрүүл мэнд: Нийслэл 2027 онд эрүүл мэндийн салбарт 21 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр 86 тэрбум төгрөг тусгажээ. Үүний 41 тэрбумыг эмнэлгийн тоног төхөөрөмжид зарцуулах бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэнд, оношилгооны хүртээмжийг тэргүүлэх чиглэл болгосон байна.
Тухайлбал, төрсний дараах эх, нярайн сэргээн засах, асаргааны төвийн ажлыг үргэлжлүүлэхэд 6.5 тэрбум, ургийн гажгийг илрүүлэх хиймэл оюун ухаант хэт авианы төхөөрөмжид 5.1 тэрбум төгрөг зарцуулна. Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн салбарт 4 тэрбум, Өргөө амаржих газарт 2.9 тэрбум, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн компьютер томографид 2.8 тэрбум төгрөг тусгажээ. Ирэх онд Аддиктологийн төв болон Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна.
Нийтийн тээвэр, авто зам: Авто замын сангаас 349.7 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад зарцуулна. Нийт өртөг нь 367 тэрбум төгрөг болох их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төсөлд ирэх онд 100 тэрбум төгрөг тусгажээ. Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй тусгай замын автобус (BRT) төслийн гүйцэтгэл одоогоор дөнгөж 5.5 хувьтай байна.
Эрчим хүч, инженерийн дэд бүтэц: Цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулна. Энэ салбарын томоохон ажил нь Эмээлт эко аж үйлдвэрийн парк юм. Паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжид ирэх онд 80 тэрбум төгрөг зарцуулна. Төслийн нийт өртөг 225.5 тэрбум төгрөг. Туул-1 коллекторын ажлыг 19.1 тэрбум төгрөгөөр дуусгана. Мөн "Тархан эрчим хүч дэд бүтэц" ХХК-д 75 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгоно. Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил ч үргэлжилнэ.
Өмнөх хотын даргын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд юу болох вэ?
Хотын дарга асан Х.Нямбаатарын үед эхлүүлж байсан төслүүдийн зарим нь ирэх оны төсөвт хэвээр үлдсэн бол заримынх нь санхүүжилт буурч, зогсжээ.
Ирэх оны төсвөөс Сэлбэ төсөлд нийт 795 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ нь нийт төсвийн хамгийн өндөр дүн. Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Туул-1 коллектор, Дулааны тавдугаар цахилгаан станц зэрэг түүний үед эхлүүлсэн бусад төсөл ч үргэлжилнэ.Харин Х.Нямбаатарын 2024 онд танилцуулсан Туулын хурдны замын трассыг өөрчилж, нэрийг нь сольжээ. Нийт өртөг нь 2.38 их наяд төгрөг болох энэ төсөлд ирэх онд ердөө 5 тэрбум төгрөг тусгасан байна. Улаанбаатар трамвайн 2-р шугамын түнш сонгох шалгаруулалтыг Хэмнэлтийн хуулийн хүрээнд зогсоосон бол 1-р шугамыг түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг дахин судалж байна.
Орлогын гуравны хоёрыг аж ахуйн нэгжийн татвар бүрдүүлнэ
Нийслэлийн өөрийн орлогын 68 хувь буюу 1.42 их наяд төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бүрдүүлнэ. Авто тээврийн хэрэгслийн албан татвараас 153.2 тэрбум, хотын албан татвараас 38.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод 68.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
Хамгийн их анхаарал татаж буй нь торгуулийн орлого юм. Ирэх онд торгуулиас 188 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь хотын албан татварын орлогоос тав дахин, авто тээврийн хэрэгслийн албан татвараас ч их дүн юм. Үүнээс гадна хүүгийн орлогоос 121.4 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 110 тэрбум төгрөг олохоор тооцжээ. Дүүргүүдээс төвлөрүүлэх 1.53 их наяд төгрөгийн 580.1 тэрбумыг Сүхбаатар, 414.3 тэрбумыг Хан-Уул дүүрэг бүрдүүлнэ. Харин Сонгинохайрхан дүүргээс ердөө 7.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж.
824 тэрбумын өр төлж, 2.78 их наяд төгрөгийн шинэ үнэт цаас гаргана
Ирэх онд нийслэл өрийн хүүд 355.8 тэрбум, зээлийн үндсэн төлбөрт 467.9 тэрбум төгрөг төлнө. Нийтдээ 823.7 тэрбум төгрөг буюу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай бараг тэнцэх мөнгийг зөвхөн өрөнд төлөх юм. Хүүгийн төлбөрийн 328.3 тэрбум нь үнэт цаасны хүү болон свопын төлбөр байна. Үндсэн төлбөрийн 300 тэрбум нь Нийслэлийн хөгжлийн сангийн өр, 74.6 тэрбум нь Улаанбаатар энержи ХХК-ийн зээл юм. Үүнтэй зэрэгцэн нийслэл ирэх онд шинээр 2.78 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ. Үүний 1.81 их наяд төгрөг буюу 500 сая ам.долларыг 2024 онд гаргасан гадаад бондыг дахин санхүүжүүлэхэд зарцуулна. эр бондын хөрөнгөөр Сэлбэ дэд төвийн орон сууцны төслийг санхүүжүүлсэн бөгөөд 2027 оны наймдугаар сарын 21-нд төслийн борлуулалтын орлогоос бүрэн төлөх ёстой байв. Гэвч "бүрэн төлөх боломж хязгаарлагдмал болсон" тул шинэ бонд гаргаж хуучин өрөө төлөхөөр болжээ.