Ерөнхий прокурор яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулна
126 гишүүнийн парламентад яллагдагчаар татагдсан цөөнгүй гишүүн байхаас гадна бүр шүүхийн шийдвэрээр ял авсан ч гишүүн бий. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ хүмүүс зүв зүгээр ажлаа хийж яваа.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлсний дара, ойрын хугацаанд Ерөнхий прокурор хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэх талаар эх сурвалж мэдээллээ. Яг одоогоор хэн хэний нэрийг оруулж ирэх талаар тодорхой мэдээлэл байхгүй чяллагдагчаар татагдсан нэлээд хэдэн гишүүн парламентад бий.
Тухайлбал, МАН цөөнх талын гишүүдээ яллагдагчаар татсан. Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нар юм.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын хэрэг. Түүнийг 2025 оны сүүлээс 2026 оны эхэн хүртэл АТГ шалгаж, прокурор дуудах мэдэгдэл хүргүүлж байсан. Түүнийг Бортээгийн ордтой холбоотой хэргээр яллагдагчаар татсан.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаад, Нийслэлийн прокурорын газар яллагдагчаар татах тогтоол баталсан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдын биед халдсан хэргээр яллагдагчаар татсан.
УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны ээлжит сонгуульд баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө "Ханбогд Эксплорайшн" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэж буруутгагдаж байгаа. Монголын хуулиар нэр дэвшигч гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авахыг хориглодог. Уг хэрэгтэй холбоотойгоор түүнийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байдаг.
Харин АН-аас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосныг Улсын Дээд шүүх 2024 оны 12 дугаар сард хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхээс ял авсан хүн хоёр жил гаруй парламентын гишүүнээр ажиллаж байгаа.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн шинэхэн дарга Б.Түвшин яллагдагчаар татагдсан гэсэн мэдээлэл бий. Үүгээрээ барьцаанд орж, Ерөнхийлөгчийн талд ажиллаж байна гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнд гарч байсан юм. УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Түвшин, О.Амгаланбаатар нарын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцсон гурван иргэнийг "сонгогчийг мөнгөөр татаж, санал худалдан авсан" гэх гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шалгаж дууссан. Тэднийг Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар буруутган шалгаж, улмаар прокуророос тус зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэднээс гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Хосбаяр, Р.Сэддорж, нар яллагдагчаар татагдсан гэсэн мэдээлэл бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Түүнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн газар олголт, хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас (АТГ) шалгаж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татах тогтоолыг гардуулж байсан.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн Засаг дарга болон "Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн нүүрсний тээвэр, борлуулалттай холбоотой хэргээр өмнө нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан талаар парламентын түвшинд хөндөгдөж байв.
Ерөнхий прокурор УИХ-ын гишүүний халдашгүй байдал болон бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулдаг. Прокурорын саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэдэг.
УИХ-ын тухай хууль 45 дугаар зүйл
Халдашгүй байдлыг түдгэлзүүлэх Гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн түүний орон байр, албан өрөө, тээврийн хэрэгсэл эсвэл биед нэгжлэг, үзлэг хийх шаардлагатай бол Ерөнхий прокурор санал оруулна.
Бүрэн эрхийг түдгэлзүүлэх гурван тохиолдолд санал оруулна:
-Гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилсан
-Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн
-Гишүүнийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх болсон.
УИХ-ын ээлжит чуулганы үеэр прокуророос санал ирвэл УИХ ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.
Халдашгүй байдлын дэд хороо эхэлж хэлэлцээд санал, дүгнэлтээ Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Дэд хорооны хуралдаанд зөвхөн дэд хорооны гишүүд оролцоно.
Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус санал, дүгнэлт гаргана. Нэгдсэн хуралдаан гурван хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууц санал хураана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно. Олонх дэмжээгүй бол шийдвэр гаргахгүй гэж хуульд заасан.
Дээрх гишүүд яллагдагчаар татагдаад 1-2 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл прокурор ч УИХ ч ямар нэгэн шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгсний дараа хэд хэдэн УИХ-ын гишүүний ч бүрэн эрхийг түдгэлзүүлэх бололтой.