Н.Наранбаатар: Оюу толгойн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 52 төслөөс 17-г нь төсвөөр санхүүжүүлнэ
УИХ-аас байгуулсан ажлын хэсэг төсвийн төсөл дээр ажиллаж дууссан бөгөөд Оюу толгойн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 52 төслөөс 17-г нь ирэх оны төсвөөр санхүүжүүлэхээр болжээ. Төсвийн хуулийн талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатартай ярилцлаа.
–Засгийн газар ирэх онд Оюу толгойгоос авах ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж, Төсвийн хуультай хамт анхдагч хуулийн төсөл өргөн бариад хэлэлцүүлгийн явцад эргүүлэн татсан. Төсөв дээр УИХ-аас байгуулсан ажлын хэсэг хэрхэн ажиллаж, ямар өөрчлөлтүүдийг оруулсан бэ?
–Засгийн газар ирэх оны төсвийг өргөн барихдаа зарлагыг 43.6, орлогыг 41 их наяд, алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар тооцсон том төсөв оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад Оюу толгойн ногдол ашгаас санхүүжүүлэх хуулийн төслөө татаж авсантай холбоотойгоор УИХ-ын ажлын хэсэг хоёр их наядыг орлого, зарлагаас нь хассан. Үндсэндээ найман их наядаар тэлсэн төсөв болж байна. Үүнд цалин, тэтгэвэр нэмсэн, төрийн өмчит компаниудаас орж ирэх 3.5 их наяд төгрөг нэмэгдэж байгаа.
–Оюу толгойн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 52 төслөөс 17-г нь сайд нарын багцаас буюу төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон гэсэн. Ямар ямар төсөл вэ?
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
–Оюу толгойн хоёр их наядыг хуваарилаад 52 төсөлд тусгасан байсан. Ер нь бол мега гэж хэлж болохоор төслүүд байсан. Засгийн газар хуулиа татаж авсан учраас эдгээр төсөл хэрэгжих боломжгүй болсон. Гэхдээ үүн дотор зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд байгаа учраас бүгдийг нь цуцлаагүй, 17-г нь авч үлдсэн.
Санхүүжилтийг нь урсгал зардал болон хөрөнгийн зардлыг 10-20 хувиар танаж гаргасан. Урсгал зардал гэдэгт төсвийн ерөнхийлөн захирагч нарын томилолт, тээвэр, шатахуун, эд хогшил, түрээс, хэвлэлийн зардлаас тэнцүү хэмжээгээр танаж, санхүүжилтийг нь гаргасан.
Ирэх онд 815 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр оруулж ирсэн байсан. Оюу толгойн 52 төслийг хасахаар 756 төсөл үлдсэнээс мөн цөөлсөн. Тухайлбал, 100 км зам тавихаар төлөвлөсөн бол 20 км-ийг нь хасаад 80 км болгох байдлаар санхүүжилтийг нь тооцсон гэсэн үг. Үүнээс гарсан санхүүжилтийг 17 төсөл, арга хэмжээнд хуваарилсан.
Гишүүдийн зүгээс нэлээд олон зарчмын зөрүүтэй санал гаргасан. Үүнд анхаарахгүй бол болохгүй асуудлууд бий. Ажлын хэсэг нэлээд саналыг нь тусгасан ч байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болно. Гэхдээ нэлээд том дүнгээр зарлага бууруулах санал орж ирсэн. Үүнийг нухацтай сайн хэлэлцэхгүй бол зарим байгууллагын зайлшгүй шаардлагатай төсвийг хасах асуудал гарч байна. Тухайлбал, нэг гишүүн нийт төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 20-30 тэрбум төгрөгөөр хасъя гэсэн санал гаргаж байх жишээтэй. Гэтэл тоо бүрийн цаана ажил амьдрал, тооцоо, төсөв явж байгаа.
–Энэ өөрчлөлтийг хийснээр 2027 онд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон бэ? Анх ирэх жилийн төсвийн 90 хувь нь урсгал зардал, 10 хувь нь л хөрөнгө оруулалт гэж байсан шүү дээ.
–Засгийн газар анх 2027 оны төсвийг өргөн барихдаа 815 төсөл, арга хэмжээ тусгасан байсан. Үүний тал нь өмнөх онд хэрэгжиж байсан бол 50 хувь нь шинэ хөрөнгө оруулалт байсан. Эдгээрт нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байсан бөгөөд хоёр их наядыг нь хасахаар 3.7 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ үлдсэн гэсэн үг.
Урсгал зардал гэхээр томилолт, бэлэг дурсгал гэж ойлгоод байдаг. Гэтэл урсгал зардлын 95 хувь нь цалин, тэтгэвэр болчихсон.
–Тойргийн гишүүд ирэх оны төсөвт тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулж чадсан уу? Та тухайлбал, тойрогтоо ямар хөрөнгө оруулалтууд тавиулав?
–Би говийн бүсийн гишүүн. Манай бүсийн гишүүд хөрөнгө оруулалтын саналаа өгөөд бага зэрэг хөрөнгө оруулалт тавиулсан байсан. Гэхдээ бусад бүсээс хамгийн бага хөрөнгө оруулалт тавиулсан. Тэгсэн хэрнээ улсын төсвийн 80-90 хувийг манай бүс бүрдүүлж байгаа. Оюу толгойн гурван их наяд төгрөгийн орлого цэвэр манай Өмнөговиос, төрийн өмчит компаниудын 3.5 их наяд төгрөгийн орлогын талаас илүү нь Өмнөговиос төвлөрч байгаа. Тэгсэн хэрнээ эргээд хөрөнгө оруулалтын хэмжээ хамгийн бага байна шүү дээ.
Миний хувьд Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 570 км замыг засуулах төсөв тавиулсан боловч гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаад, санхүүжилтийн талыг нь хассан. Энэ зам бол манай эдийн засгийн судас болсон зам. Үүгээр дамжуулан манай төсөвт орлого төвлөрч байгаа. Нийслэлийн түлшийг олон жил зөөж, замыг эвдчихсэн. Одоо аваар, осол маш их гардаг. Гэтэл гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, санхүүжилтийг нь хассанд гомдолтой л байгаа.
Мөн Гурвантэс сумын замын санхүүжилтийг тавиулсан байсан. Энэ бол Шивээхүрэн боомттой холбох зам. Гэтэл Оюу толгой гэсэн кодтой байгаад хасагдсан. Тэгэхээр ганц нэг сургууль, цэцэрлэг л үлдсэн.
–Төсөв дээр танах боломжтой, шаардлагагүй хөрөнгө оруулалтууд олон байгаа. Тухайлбал, 640 хүүхдийн хоёр сургууль бараг ижил байршилд хэр нь маш их үнийн зөрүүтэй байна гэсэн шүүмжлэл бий шүү дээ. Үүн дээр ажлын хэсэг ажилласан уу?
–Ажлын хэсэг дээр энэ талаар ярьсан. Зарим тэвчиж болох хөрөнгө оруулалтыг хассан. Би ажлын хэсэгт ороогүй. Байнгын хороонд ажлын хэсгийн танилцуулсан хэмжээнд л мэдээлэлтэй байгаа.
Нэг ижил барилга харьцангуй их үнийн зөрүүтэй байвал сайтар судлах хэрэгтэй. Гэхдээ зураг төсөл нь батлагдаад, магадлангаар ороод ирчихсэн бол төвөгтэй. Хүмүүс иргэдэд үйлчилгээ үзүүлэх мэдээллийн төвүүдийг их шүүмжилж байгаа. Улсын хэмжээнд 5-6 байгаа. Энэ бол сумын Засаг даргын Тамгын газрын барилга юм. Түүнээс биш дахиад мэдээллийн төв гэж шинээр барихгүй. Сумын ажил, амьдралыг мэддэг хүн Тамгын газар байх ёстойг бүгд мэднэ.
-Төсөв хэлэлцэх бүрд төрийн албаны урсгал зардлаас танаад дахиад танах боломжгүй гэж байсан ч ирэх жил 10-20 хувь дахиад танасан гэж байна. Төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломж үлдэж байна уу?
-Төрийн албаны бичиг, цаас урсгал зардлыг маш их танасан. Одоо танаад байх зүйл үлдээгүй. Төрийн албан хаагч ажлаа хийх боломжгүй болчихсон шүү дээ. Аймгийн төв рүү явах шатахуун, томилолтгүй. Засаг дарга нь аймгаа тойроод явах боломжгүй л болгоод хаячихсан. Төрийн зардлыг хас гээд жил бүхэн л хасаад байсан. Ирэх жил хүртэл 10-20 хувь хасчихлаа. Ирэх жилийн төсөв тэлсэн гол шалтгаан бол арваннэгдүгээр сарын 1-ээс нэмсэн цалин, тэтгэврээс л болж байна.
-Ирэх жил хэдэн сая тонн нүүрс зарахаар төлөвлөсөн бэ. Хэрвээ үүндээ хүрч чадахгүй бол цалин, тэтгэврээ тавихад ч хүндрэл үүсэх байх?-Ирэх жил 105 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Хил холболтын төмөр зам дөрөвдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад орчих байх. Он гараад туршилтын тээвэр хийгдээд эхэлнэ. Тэгэхээр төсвийн бүрдүүлэлт харьцангуй гайгүй байх болов уу. Мөн зэсийн үнэ сайн байгаа. Цаашдаа эрдэс баялгийн үнэ их уначихна гэж үзэхгүй байгаа. Аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлчихсөн учраас ирэх жилүүдэд хувийн хэвшлүүд нэлээд сэргэх болов уу гэсэн бодолтой байна.
Төрийн албан хаагчид ажлаа хийх, үйл ажиллагааг явуулах боломжгүй болтол урсгал зардлыг нь танасан. Төсвийн гол тэлэлт цалин, тэтгэврийн нэмэгдэл
Н.Наранбаатар