Б.Цолмон: Манай улсад тархсан хеликобактерийн төрөл нь ходоодны хорт хавдар үүсгэх хоруу чанар өндөртэй
Интермед IUHW эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн эмч Б.Цолмонтой ярилцлаа.
-Хеликобактери гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.
-Хеликобактери гэдэг нь ходоодны салст бүрхүүлд наалдаж, тэндээ үрэвсэл үүсгэдэг нян юм. Энэ үрэвсэл удаан хугацаанд үргэлжилбэл ходоодны архаг үрэвсэл, цаашлаад ходоодны шарх үүсгэж болно. Олон жилийн турш эмчлэгдэхгүй явсан тохиолдолд ходоодны хорт хавдрын урьдал эмгэг үүсгэх, улмаар ходоодны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хеликобактери нь ходоодны хорт хавдрын гол шалтгаануудын нэг гэж үздэг.
Дэлхийн хүн амын 50-иас дээш хувь нь хүүхэд насандаа хеликобактерийн халдвар авсан байдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ хеликобактертай л бол заавал ходоодны хорт хавдар тусна гэж ойлгож болохгүй. Мөн хэдхэн сарын дотор хавдар үүснэ гэсэн үг биш. Харин халдвар олон жилийн турш үргэлжилж, эмчлэгдэхгүй байх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас халдварыг эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд эмчлэх, цаашлаад өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал юм.
-Хеликобактерийн халдвар залуу хүмүүст хэр түгээмэл байдаг вэ. Ялангуяа гадуур хооллох, нийтийн хоолны газар тогтмол үйлчлүүлэх, аяга таваг болон хоол хүнсээр дамжин халдвар авах эрсдэл хэр байдаг вэ?
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Хеликобактерийн халдвар амнаас аманд дамжих боломжтой. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн хеликобактерийн халдвартай байвал бусад гишүүд нь ч халдвартай байх магадлал нэмэгддэг. Гэтэл хүмүүсийн дунд хеликобактерийг зөвхөн гадуур хооллодог хүмүүс авдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Манай амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн зарим нь “Манай нөхөр нийтийн хоолны газраар их үйлчлүүлдэг. Харин би гэртээ хүүхдүүдээ хараад гадуур хооллодоггүй учраас надад хеликобактери байхгүй байх” гэж ярьдаг. Мэдээж нийтийн хоолны газарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хооллох нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болно. Гэхдээ зөвхөн гадуур хооллодог эсэхээр хеликобактерийн халдвартай эсэхийг дүгнэж болохгүй. Юуны өмнө гэр бүлийн гишүүд халдвартай эсэхээ мэдэж, шаардлагатай тохиолдолд шинжилгээ өгч, эмчийн зөвлөгөө авах нь чухал.
Гэр бүлийн хүрээнд халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлдэг нэг зүйл нь аяга таваг, халбага, сэрээгээ дамжуулан хэрэглэх явдал юм. Жишээлбэл, хүүхдүүд аав, ээжийнхээ хэрэглэсэн аяга таваг, халбага сэрээгээр хооллох тохиолдол бий. Мөн бага насны хүүхдэд хоол өгөхдөө хөргөх зорилгоор хоолоо амандаа хийж байгаад хүүхдэдээ өгөх нь буруу дадал юм. Ийм үйлдлээр халдвар дамжих эрсдэлтэй. Хеликобактерийн халдвар бохир ус, бохирдсон хүнс болон амнаас аманд дамжих замаар тархах боломжтой гэж үздэг. Тиймээс хоол хийхийн өмнө гараа сайтар угаах, хүүхдээ хооллохын өмнө болон хөхүүлэхийн өмнө гарын ариун цэврийг сахих зэрэг энгийн дадал маш чухал. Ялангуяа гэр бүлийн хүнсний ихэнхийг бэлтгэдэг хүмүүс эрүүл ахуйдаа анхаарах хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн аяга, халбага, сэрээтэй байж, дамжуулан хэрэглэхгүй байх нь чухал.
-Хеликобактерийн халдвар авсан ч ямар нэгэн зовуурь, шинж тэмдэггүй явах боломжтой юу. Хүмүүс ямар зовуурийг анхаарах ёстой вэ?
-Хеликобактерийн халдварын үед хүмүүс ихэвчлэн аюулхай орчмоор өвдөх, ходоод таагүй оргих, дотор муухайрах, хоол шингэхгүй байх, амнаас эвгүй үнэр гарах зэрэг зовуурьтайгаар эмчид ханддаг. Гэхдээ хеликобактерийн халдвартай хэрнээ ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол ч элбэг. Ялангуяа залуу хүмүүс зовууриа төдийлөн анзаарахгүй, тоохгүй өнгөрөх нь бий.
Харин сүүлийн үед манай эмнэлэгт залуу хүмүүс өөрсдөө хеликобактерийн шинжилгээ өгөх хүсэлтэйгээр ирэх нь нэмэгдэж байгаа. Энэ бол зөв хандлага гэж бодож байна. Ер нь манай монголчуудын дунд ямар нэгэн шинж тэмдэг илэрсний дараа л эмчид хандах хандлага түгээмэл байдаг. Гэтэл хеликобактерийн халдварын хувьд ямар ч зовуурьгүй байсан ч халдварыг биедээ тээж явах боломжтой. Тиймээс шинж тэмдэг илрэхийг хүлээлгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нь чухал. Хеликобактерийн халдварын шинжилгээг шинж тэмдэггүй үед ч өгөх талаар зөвлөмж, удирдамжид тусгасан байдаг.
-Хеликобактерийг илрүүлэх ямар шинжилгээнүүд байдаг вэ. Эдгээр шинжилгээ юугаараа ялгаатай вэ, ямар тохиолдолд аль шинжилгээг сонгох нь зөв бол?
-Монголд хеликобактерийн халдварыг цус, өтгөн, амьсгалын сорил болон ходоодны дурангийн шинжилгээгээр илрүүлж байна. Эдгээр дөрвөн аргын хувьд өөр өөрийн онцлогтой. Эхлээд цусны шинжилгээний тухайд гэвэл төдийлөн өндөр ач холбогдолтой биш. Учир нь цусны шинжилгээгээр тухайн хүн яг одоо идэвхтэй халдвартай байна уу, эсвэл өмнө нь халдвар авч байсан уу гэдгийг ялгаж тогтоох боломж хязгаарлагдмал байдаг. Харин амьсгалын сорил буюу хүмүүсийн ярьдгаар үлээж өгдөг шинжилгээ, мөн өтгөний шинжилгээ нь хеликобактерийн идэвхтэй халдварыг илрүүлэхэд ач холбогдолтой. Эдгээр шинжилгээний мэдрэг болон өвөрмөц чанар ойролцоо учраас аль нэгийг нь нөгөөгөөсөө заавал илүү гэж үзэх боломжгүй. Хамгийн гол нь шинжилгээнд зөв бэлтгэх хэрэгтэй юм.
Тухайлбал, шинжилгээ өгөхөөс өмнө антибиотик болон ходоодны хүчил бууруулах зарим эмийг тодорхой хугацаанд хэрэглэхгүй байх шаардлагатай. Эмийн төрлөөс хамааран ихэвчлэн хоёр долоо хоног, зарим тохиолдолд дөрвөн долоо хоног хүртэл завсарлах зөвлөмж өгдөг. Мөн амьсгалын сорил өгөхдөө өглөө өлөн ирэх, тамхи татахгүй байх, бохь зажлахгүй байх зэрэг бэлтгэлийг тухайн лабораторийн зааврын дагуу хийх нь чухал. Бэлтгэлээ буруу хийснээс шинжилгээний хариу хуурамч сөрөг буюу халдваргүй гэж буруу гарах эрсдэлтэй. Тиймээс шинжилгээ өгөхөөсөө өмнө бэлтгэлээ хэрхэн хангах талаар эмчээс заавал тодруулах хэрэгтэй.
Дөрөв дэх арга нь ходоодны дурангийн шинжилгээ юм. Гэхдээ зөвхөн хеликобактери илрүүлэхийн тулд хүн бүр ходоодоо дурандуулах шаардлагагүй. Дурангийн шинжилгээ хийх эсэхийг тухайн хүний нас, зовуурь, удамшлын өгүүлэмж болон бусад эрсдэлт хүчин зүйлийг харгалзан шийддэг. Жишээлбэл, ходоодны өвчний удамшлын өгүүлэмжтэй, нас ахисан, эсвэл хеликобактерийн халдвараас гадна өөр эмгэг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай, өмнө нь огт дурандуулж байгаагүй хүн бол эмчийн заалтаар дурангийн шинжилгээ хийлгэж болно. Тэгэхээр тухайн хүнд тохирох шинжилгээний аргыг эмчтэй зөвлөлдөн сонгох нь хамгийн зөв юм.
-Хеликобактери илэрсэн тохиолдолд эмчилгээ хэрхэн явагддаг вэ. Эмчилгээ хэдий хугацаанд үргэлжилдэг, эмийг дундаас нь зогсоох эсвэл дур мэдэн хэрэглэх нь ямар асуудал үүсгэж болох вэ. Антибиотикийн тэсвэржилт эмчилгээний үр дүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Эмчилгээний тухайд гэвэл зөвхөн Монгол Улсад гэлтгүй дэлхийн олон оронд анхаарал татаж байгаа асуудал юм. Хеликобактерийн эмчилгээний хамгийн чухал зүйл нь ямар эм уух вэ гэдгээс гадна эмчийн зааврын дагуу эмчилгээгээ бүрэн хийлгэх явдал. Эмч тухайн хүний нөхцөл байдлыг үнэлээд антибиотик болон ходоодны хүчил бууруулах эмийг ямар хугацаанд, хэрхэн хэрэглэхийг зааж өгдөг. Жишээлбэл, хеликобактерийн эмчилгээг 14 хоног хийх тохиолдол түгээмэл байдаг. Харин эмчилгээний дараа ходоодны эмийг үргэлжлүүлэн хэрэглэх эсэх, хэр удаан хэрэглэхийг тухайн хүний биеийн байдал, эмчийн заавраас хамаарч шийднэ. Гэтэл манайхан долоо хоног эмээ уугаад ходоодны өвдөлт нь намдахаар эмчилгээгээ зогсоочихдог. Энэ бол маш буруу. Зовуурь ариллаа гээд хеликобактери бүрэн устсан гэсэн үг биш. Тиймээс эмчийн бичиж өгсөн антибиотик болон бусад эмийг заасан тун, хугацааны дагуу бүрэн хэрэглэх хэрэгтэй.
Зарим хүн антибиотик уумааргүй байна, гаж нөлөөтэй, дотор муухайруулдаг, мөөгөнцөр үүсгэдэг гэж ярьдаг. Мэдээж антибиотик хэрэглэхэд гаж нөлөө илэрч болно. Гэхдээ хеликобактери нь нян учраас түүнийг устгах үндсэн эмчилгээ нь антибиотик агуулсан эмчилгээ байдаг. Зөвхөн ашигтай бактери буюу пробиотик хэрэглэх, эсвэл өөр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн уух нь хеликобактерийг устгах үндсэн эмчилгээг орлохгүй. Хэрэв эмийн гаж нөлөө илэрвэл өөрөө дур мэдэн эмчилгээгээ зогсоохын оронд эмчдээ хандаж, зөвлөгөө авах нь чухал. Мөн эмчилгээгээ бүрэн дуусгасны дараа хеликобактери устсан эсэхийг заавал шалгуулах хэрэгтэй. Ерөнхийдөө антибиотик эмчилгээг дуусгаснаас хойш дор хаяж дөрвөн долоо хоногийн дараа хяналтын шинжилгээ хийдэг. Ингэхдээ шинжилгээний хариунд нөлөөлж болох ходоодны хүчил бууруулах эмийг хэдий хугацаанд завсарлах шаардлагатайг эмчээсээ тодруулах хэрэгтэй. Хэрэв хеликобактери устаагүй бол өмнөх эмчилгээгээ дур мэдэн давтах биш, эмчид үзүүлж дараагийн шатны эмчилгээг сонгоно.
Бас нэг анхаарах зүйл бол гэр бүлийн нэг гишүүн хеликобактерийн халдвартай байлаа гээд бусад нь шууд дагаж эм ууж болохгүй. Жишээлбэл, эхнэр нь хеликобактертай гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж байхад нөхөр нь “Надад ч бас байгаа байх, эхнэрийнхээ эмийг уучихъя” гэж бодож болохгүй. Нөхөр нь эхлээд өөрөө шинжилгээ өгч, халдвартай эсэхээ баталгаажуулах хэрэгтэй. Учир нь ямар эмчилгээ сонгохыг тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, өмнө нь хэрэглэж байсан антибиотик болон эмчилгээний түүх зэрэг олон хүчин зүйлээс хамаарч шийддэг. Анхны эмчилгээг зөв сонгож, бүрэн хийлгэх нь маш чухал. Учир нь эхний эмчилгээ амжилтгүй болж, хеликобактери устахгүй үлдэхэд дараагийн эмчилгээг сонгох нь илүү төвөгтэй болдог. Мөн антибиотикийг дутуу хэрэглэх, эмчилгээг зааврын дагуу хийхгүй байх нь антибиотикт тэсвэртэй нян бий болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр дараагийн удаа эмчлэхэд илүү хүндрэлтэй болж болно.
-Манай улсад тархсан хеликобактери нь бусад улс орнуудаас ялгаатай байдаг уу?
-Хүмүүс Ази, Европ, Африк гаралтай гэдгээрээ генетикийн хувьд ялгаатай байдагтай адил хеликобактери ч олон төрлийн генетикийн хэв шинжтэй. Бид Зүүн Азийн бүсэд багтдаг учраас Япон, Солонгос зэрэг орны хеликобактертай ижил хэв шинжтэй болов уу гэж судалж үзсэн. Гэтэл судалгаагаар манай орны хеликобактерийн генетикийн хэв шинж тэдгээр орныхтой адилгүй болох нь тогтоогдсон. Хеликобактерийн генетикийн онцлог нь тухайн нян хэр зэрэг хоруу чанартай вэ гэдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нянгийн геномд хоруу чанарыг тодорхойлдог ямар хүчин зүйлүүд агуулагдаж байгаагаас хамааран ходоодны салст бүрхүүлд хэрхэн нөлөөлөх, цаашлаад ходоодны хорт хавдар үүсэх эрсдэлд нөлөөлж болно. Монгол Улсад хеликобактерийн генетикийн хэв шинжийг тодорхойлох шинжилгээ одоогоор байхгүй байгаа. Тиймээс энэ чиглэл манай судлаачдын хувьд чухал асуудлын нэг болж, судлагдаж байна. Манай орны судлаачдын судалгаагаар хеликобактерид хоруу чанарын генийг агуулсан хэв шинжүүд байгааг тогтоосон.
Тиймээс хеликобактерийн халдвартай гэдгээ мэдсэн бол зүгээр тээж яваад байж болохгүй. Халдварыг эмчлэх боломжтой байгаа дээр нь эмчийн зааврын дагуу эмчилгээгээ бүрэн хийлгэж, нянг устгах нь чухал. Ингэснээр ходоодны хорт хавдрын эрсдэлийг бууруулах боломжтой. Зөвхөн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахаас гадна гэр бүлийнхээ гишүүдийг ч мөн халдвартай эсэхээ шалгуулж, шаардлагатай бол эмчлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас, ходоод өвдөхгүй, ямар нэгэн зовуурь илрэхгүй байна гэдэг нь заавал эрүүл гэсэн үг биш. Манай монголчуудын дунд өвдсөнийхөө дараа эмчид хандах, зарим тохиолдолд өвдсөн ч тэсээд яваад байх хандлага бий. Гэтэл өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх нь маш чухал. Мэдээж хеликобактери дангаараа ходоодны хорт хавдар үүсгэдэггүй. Хеликобактерийн халдвараас гадна удамшил, насжилт, тамхидалт, архины хэрэглээ, ходоодны бусад эмгэг зэрэг олон хүчин зүйл хавдар үүсэх эрсдэлд нөлөөлдөг. Харин урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой гол хүчин зүйлүүдийн нэг нь хеликобактерийн халдвар юм. Тиймээс халдварыг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээг хийлгэх нь ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.