Германы бизнесийн Ази, Номхон далайн бүсийн 19 дүгээр бага хурал Сөүл хотноо болж байнаГерманы бизнесийн Ази, Номхон далайн бүсийн 19 дүгээр бага хурал Сөүл хотноо болж байна
Германы бизнесийн Ази, Номхон далайн бүсийн 19 дүгээр бага хурал (APK 2026) Сөүл хотноо эхэллээ. Тус хуралд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүк нар оролцож байна. Энэ жилийн хурлаар хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн технологи, худалдаа, эдийн засгийн түншлэлийн асуудлыг голлон хэлэлцэж байна.
Энэ сарын 29-31-ний хооронд зохион байгуулагдаж буй тус хуралд ХБНГУ болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын бизнес, улс төрийн салбарын 800 орчим төлөөлөгч оролцож байна. БНСУ дахь ХБНГУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KGCCI / AHK Korea) тус хурлын зохион байгуулагчаар ажиллаж байгаа ба анхны хурлаа 1986 онд зохион байгуулж байсан ба өдгөө 40 дэх жилдээ хэрэгжүүлж байна.
Хурлын албан ёсны нээлтэд Холбооны Канцлер Фридрих Мерц, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүк нар үндсэн илтгэл тавьж, хоёр улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд Хан хоёр улсын олон жилийн түншлэлийн харилцааг онцолж, “Солонгос, Герман хоёр улс бие биенийхээ давуу талд тулгуурлан, хамтын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг итгэлцэл бүхий түншүүд юм” хэмээн дурьдлаа. Тэрээр APK 2026 хурлыг зөвхөн санал бодлоо солилцох талбар бус, бодит хамтын ажиллагаа өрнүүлэх боломж гэж харж байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
“APK 2026 нь зөвхөн хэлэлцүүлэг өрнүүлэх талбар байхаас давж, бодит үйл ажиллагааг эхлүүлэх платформ болоосой гэж хүсэж байна. Бид шинэ нийлүүлэлтийн сүлжээ бий болгож, технологи, хөрөнгө оруулалтыг дэмжин, Солонгос, Германы төдийгүй Ази, Номхон далай болон Европын компаниудад бодит үр дүнд хүрэх боломж бүрдүүлэх хэрэгтэй” гэж онцоллоо.

БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүк 2026 оны аравдугаар сарын 30-нд APK 2026 бага хурлын нээлтийн үндсэн илтгэлийг тавьж байна. (Зургийн эх сурвалж: KGCCI)
Харин Холбооны Канцлер Фридрих Мерц хоёр улсын технологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг тэмдэглэж, Солонгос-Германы Өндөр технологийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай мэдэгдэв.
Тэрээр өчигдөр БНСУ, ХБНГУ-ын хооронд Өндөр технологийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрт гарын үсэг зурсныг онцлоод, уг хэлэлцээр нь микроэлектроник, үйлдвэрлэлийн хиймэл оюун ухаан, робот техник зэрэг дараагийн үеийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийн эдийн засаг, геополитикийн өөрчлөлтийн үед улс орнууд эдийн засгийн түншлэлээ төрөлжүүлэх шаардлагатайг дурдаж, “Шударга дүрэмд тулгуурласан худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлснээр бид бие даасан байдлаа бэхжүүлнэ” хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц 2026 оны аравдугаар сарын 30-нд APK 2026 бага хурлын нээлтийн үндсэн илтгэлийг танилцуулж байна. (Зургийн эх сурвалж: KGCCI)
Дэлхийн эдийн засгийн өөрчлөлт ба технологийн хамтын ажиллагаа
Хурлын эхний өдөр дэлхийн хүчний харьцааны өөрчлөлт ХБНГУ болон Энэтхэг, Номхон далайн бүсийн эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар хөндлөө.
Тус хэлэлцүүлэгт Siemens компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Роланд Буш, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн сайд Ким Жун Кван, ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Штефан Роуэнхофф болон DHL Group компанийн Гүйцэтгэх захирал Тобиас Майер нар оролцсон юм.
Зүүн гар талаас Германы бизнесийн Ази, Номхон далайн хорооны дарга Роланд Буш, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн сайд Ким Жон Гван, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Стефан Рүэнхофф, DHL группийн Гүйцэтгэх захирал Тобиас Майер нарын оролцсон нээлтийн хэлэлцүүлэг.
Хурлын үдээс хойших хөтөлбөрт хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Unleash Live компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ханно Бланкенштайн болон Boehringer Ingelheim компанийн Гүйцэтгэх захирал Шашанк Дешпанде нар илтгэл тавьсан.
Хурлын хүрээнд мөн хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан AI Startup Award арга хэмжээ болж, БНСУ, Энэтхэг, Сингапур, Вьетнам, БНХАУ-ын таван стартап хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан.
APK 2026 бага хурал аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Хоёр дахь өдрийн гол сэдвүүдийн нэг нь үйлдвэрлэлийн хиймэл оюун ухаан байх бөгөөд NAVER компанийн Гүйцэтгэх захирал Чой Су Ён, Siemens компанийн Ерөнхийлөгч Роланд Буш нар энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Энэтхэг, Номхон далайн бүсийн аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхол, Азийн бүсийн компаниудын санхүүжилт, үйлдвэрлэлийн бодлого зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Үүнээс гадна бизнесийн стратеги, эргэлтийн эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой байдал, компаниудын эдийн засгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг даван туулах чадавхын талаар өглөөний уулзалт, мэтгэлцээн, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах юм.
APK нь ХБНГУ болон Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын бизнес, улс төрийн удирдагчдыг нэгтгэж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын бизнесийн томоохон уулзалт юм.