Оюу толгойн гүний уурхайд өчигдөр чичирхийллээс үүдсэн чулуулгын нуралт болж тэнд ажиллаж байсан 15 ажилтан өртөж, бэртэл авсан. Ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд 13 ажилтны бэртэл гэмтэл хөнгөн байсан бөгөөд одоогоор эмнэлгийн хяналтаас гараад байна. Харин 2 ажилтны биеийн байдал амь насанд халгүй ч тодорхой бэртэл байсан учраас өчигдөр хотод ирж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Оюу толгой ХХК-ийн захирал С.Мөнхсүх: Уурхайчид байнга аюултай нөхцөлд ажилладаг. Уурхай бол амаргүй ажил. Бид газрын 300 метрийн гүнд олборлолт явуулж байна. Уулын асар их хэмжээний чулуулгийг хөндөж үйл ажиллагаа явуулдаг тул үүнийг дагаад зарим хэсэгт чулуулаг хөдөлгөөнд ордог. Үүнийг чичирхийлэл гэж нэрлэдэг. Нийт 160 км урт газар доорх байгууламжаас 20–30 метр хэсэгт нуралт гарсан. Уурхайн үйл ажиллагаа бүхэлдээ хөндөгдөөгүй, зөвхөн хэсэгчилсэн талбайд нөлөөлсөн. Тухайн хэсэгт ажиллаж байсан 15 хүн үүнд өртсөн бөгөөд тэднийг цаг алдалгүй гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Осолд өртсөн 15 уурхайчны 2 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бусад нь гэртээ харьчихсан байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй байх талаас нь анхаарна. Компани үүнийг ноцтой биш гэж байр суурь илэрхийлэх боломжгүй. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал. Осол болсон газарт Ханбогд сумын цагдаагийн хэлтэс болон бусад байгууллагууд ажиллаж байна. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шуурхай ажлын хэсэг наашаа гарсан байгаа. Рио тинто группийн түвшинд шалгалт хийнэ. Бид асуудлыг шалгаж, шүүн тунгааж ахиж ийм осол гаргахгүй байх тал дээр анхаарна. Үүнийг маш нухацтай авч үзнэ гэв.
Мөн сэтгүүлчдийн Оюу Толгойн зэсийн баяжмалын тээвэр, экспорт доголдоод байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэсэн асуултад тэрээр дараах хариултыг өглөө.
"Ерөнхий нөхцөл байдлыг тайлбарлахад, манайх хэвийн үед өдөрт 12–13 цуваагаар хил гаалиар гардаг. Харин одоо 4 болтлоо хязгаарлагдсан байна. Ингэснээр бид борлуулалтынхаа дөрөвний нэгийг л гүйцэтгэж байна.Энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай уулзаж байна. БНХАУ-ын талаас хилийн нэвтрэх цэгт засвар үйлчилгээний ажил хийгдэж байгаа гэсэн албан тайлбар өгсөн. Одоогийн төлөвлөгөөгөөр 12-р сарын сүүлээр ашиглалтад орно гэж байгаа.