Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 580 дугаар магадлалтай, Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох 16 хавтаст хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, үүнээс гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Хяналтын шатны шүүхээс өмнөх хоёр шатны шүүхийн зарим шүүгдэгчийн хэргийн баримт болон түүнд хийсэн хууль хэрэглээний дүгнэлт нь учир дутагдалтай болсон гэж үзэж өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар хорих ял, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, харин Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгов.
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ:Ц.Дагвадоржид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгээс 1 дэх хэсэгт шилжүүлж, хоёр жилийн хорих ял оногдуулж, нийт ялыг бүх насаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ. Харин хоёр шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Э.Номин-Эрдэнийн тухайд, Прокуророос түүнийг хүн алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хоёр шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Энэхүү дүгнэлт бидний дүгнэлттэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Э.Номин-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан амь нас, эрүүл мэндэд аюултай байдалд тусламж үзүүлэхгүй орхих гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй нь буруу. Хяналтын шатны шүүх энэ талаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул түүнд холбогдох заалтуудыг хүчингүй болголоо.