Украины төв хэсгийн Днипро хотын гол төмөр замын буудалд ОХУ-ын нисгэгчгүй онгоц пүрэв гарагийн өглөө цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. Тухайн үед иргэд галт тэргэнд суухаар буудалд хүлээж байсан байна.
Энэ нь ОХУ-ын Украины тээвэр, эрчим хүчний дэд бүтцэд чиглүүлсэн цуврал халдлагын нэг бөгөөд пүрэв гарагт тус улсын гурван хотод болсон довтолгооны улмаас нийт 19 хүн амиа алджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг халдлагыг энгийн иргэдэд зориуд чиглүүлсэн үйлдэл хэмээн буруутгасан байна. Тэрбээр олон улсын холбоотнуудаа ОХУ-д үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж, цаашдын халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.
Халдлагын дараа шархадсан иргэдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлгийн удирдлагын мэдээлснээр, тэдний олонх нь хэлтэрхийн шарх авсан аж. Дөрвөн хүн яаралтай мэс засалд орсон байна.
Мөн Украины хойд хэсгийн Чернигов хотод Оросын цохилтын улмаас 15 настай хоёр охин амиа алдсан бол Полтава мужид орон сууцны барилгыг онилсон дроны довтолгоогоор гурван хүн нас баржээ.