Ч.Хашчулуун: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хэмжээнд эдийн засаг хямраагүй
Нийтэлсэн 15 минутын өмнө
УИХ-аар хэлэлцэж буй 2027 оны төсвийн зарлага, өрийн хэмжээ, цалин, тэтгэврийн нэмэгдэл шүүмжлэл дагуулсаар байна. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай төсвийн тэлэлт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, инфялц иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.
-УИХ-аар 2027 оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.2027 төсөв нэлээд тэлэлттэй орж ирсэн талаар УИХ-ын гишүүд болон мэргэжилтнүүд шүүмжилж байна. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Инфляцын түвшин 12 хувь давсан энэ үед бүх юмны үнэ, зардал өснө. Цалин нэмэгдэж байгаа тохиолдолд төсөв тэлэх нь харьцангуй байдаг зүйл. Төсвийн тэлэлтийг өмнөх төсвийг энэ жилийнхтэй тоогоор харьцуулах бус бодит үзүүлэлтээр харьцуулах нь зүйтэй байх. Энэ утгаараа үнийн өсөлтийг харгалзан үзвэл төсөв их хэмжээгээр тэлсэн гэж бодохгүй байна. Нөгөө талаас Засгийн газар 2024 онд УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөрөө дараагийн сонгууль хүртэлх үлдсэн хоёр жилд биелүүлэх үүрэгтэй. Ялангуяа бүтээн байгуулалтыг ажлуудыг хийх хэрэгтэй. Энэ нь манай эдийн засагт байдаг жам ёсны үзэгдэл бөгөөд гайхах зүйл биш. Манай улсын эдийн засгийн өсөлт өндөр байгаа. Саяхан 7.7 хувьд хүрсэн гэсэн тоо гарлаа. Эдийн засаг хямралд ороогүй. Өсөлттэй үед тодорхой хэмжээний тэлэлт гарах нь эдийн засгийн бодлогын хувьд хэвийн зүйл. Жишээлбэл, уул уурхай, санхүүгийн салбар өндөр ашигтай ажиллаж байхад нийгмийн салбарууд санхүүгийн ихээхэн хүндрэлтэй тулгарч байна. Эрчим хүчний салбар ч мөн энэ ангилалд орох байх. Түүнчлэн дэд бүтцийн хэд хэдэн тулгамдсан асуудал байгаа бөгөөд аж үйлдвэрийн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс бүтээн байгуулалтыг дэмжих үүднээс төсөв тодорхой хэмжээгээр тэлэх нь гарцаагүй.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Цалингийн нэмэгдэл инфляц өсгөхөөс илүү алдагдсан орлогыг нөхнө
-Тэгвэл яагаад эдийн засаг өсөлттэй байгаа ч иргэд үүнийг амьдрал дээрээ мэдрэхгүй байна вэ?
-Бид эдийн засгийг хэмжихдээ том макро эдийн засгийн үзүүлэлтээр болон иргэдийн амжиргааны түвшин буюу микро түвшинд авч үздэг. Энэ тодорхой хэмжээнд зөрчилтэй байж болно. Сүүлийн үед үүнийг “K хэлбэрийн өсөлт” гэж нэрлэх болсон. Энэ нь эдийн засаг бүхэлдээ өсөж байгаа ч салбар болон нийгмийн бүлгүүдийн орлого жигд бус өсдөг, тодруулбал зарим нь хурдан өсөж, зарим нь эсрэгээрээ агшдаг үзэгдэл юм. Энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд инфляцтай холбоотойгоор дэлхийн олон оронд ажиглагдсан. Манай улсад ч K хэлбэрийн өсөлт ажиглагдаж байж болно. Эдийн засаг бүхэлдээ өсөж, зарим салбар, бүс нутаг маш өндөр өсөлттэй байгаа бол нөгөө талаас тодорхой нийгмийн бүлгүүд, ялангуяа орлого багатай өрхүүдийн байдал тодорхой хэмжээгээр муудаж байна. Улсын хэмжээнд авч үзвэл эдийн засаг өсөж байгаа нь тодорхой. Экспорт огцом өсөж, валютын нөөц ихээхэн нэмэгдэж байна. Энэ утгаараа эдийн засгийн байдал хэвийн гэж хэлж болно. Харин өрхийн түвшинд орлого болон худалдан авах чадвар буурч байгаа бөгөөд энэ нь үнийн өсөлттэй шууд холбоотой. Тиймээс энэ хоёр үзэгдэл зэрэг ажиглагдаж байгаа нь гайхах зүйл биш.
Засгийн газар эдийн засгийн бодлогоор энэ байдлыг аль болох засахыг хичээж байгаа нь энэ жилийн төсвийн тодотгол болон ирэх оны төсвөөс харагдаж байна. Тухайлбал, энэ жил хэрэгжүүлж буй тэтгэврийн нэмэгдэл нь K хэлбэрийн өсөлтийн сөрөг нөлөөг бууруулж, орлого багатай өрх, нийгмийн бүлгүүдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой гэж харагдсан.
-Төсвийн зарлагын бүтцээс харахад хамгийн их анхаарах шаардлагатай зүйл нь урсгал зардал байна. Ялангуяа, цалин тэтгэврийн зардал өсөж байна. Бүтээн байгуулалтын бус зардал ийм хурдтай өсөх нь эдийн засагт ямар эрсдэл дагуулах вэ?
-Урсгал зардлын гол хэсэг нь төрийн албан хаагчид, багш, эмч нарын цалин гэдгийг санах хэрэгтэй. Инфляц 12.9 хувьд хүрсэн нөхцөлд эдгээр бүлгийн амьжиргааны түвшин нь ихээхэн буурсан. Төрийн албан хаагчдын цалин инфляцад нэлээд идэгдсэн тул үүнийг тодорхой хэмжээгээр нөхөх алхам хийж байна. Мөн бага орлоготой өрхүүдэд зориулсан төрөл бүрийн хөнгөлөлттэй багц арга хэмжээ зарлаж байгаа нь бага болон дунд орлоготой бүлгийг дэмжихэд чиглэж байна. Ерөнхийд нь хэлэхэд, бүх зүйл буруу эсвэл бүх зүйл зөв гэж нэг үгээр дүгнэж болохгүй. Бий болсон үзэгдлүүдийг тодорхой хэмжээгээр засаж залруулах арга хэмжээ үргэлж явагддаг. Энэ явцад төсөв заримдаа өсөж, заримдаа буурна. Манай эдийн засаг өндөр өсөлттэй байна. 2020–2024 онд манай улс нүүрсний асар их орлоготой байсан хэдий ч аж үйлдвэр, дэд бүтцийн ажлыг идэвхтэй хэрэгжүүлж чадаагүй. Ялангуяа цахилгаан станц бариагүй, нэг ч үйлдвэрийн төсөл хэрэгжүүлээгүй. Өмнөх Засгийн газрын 4–5 жил хийгээгүй ажлыг одоогийн Засгийн газар үлдсэн хугацаанд хэрэгжүүлэхийг хичээж байгаа тул зардал тодорхой хэмжээгээр өсөх нь аргагүй байх. Мэдээж шүүмжилж болно. Гэхдээ нийгмийн томоохон бүлгүүдийн хүндрэлийг хэрхэн шийдэх вэ гэдгээ хэлэлгүйгээр шүүмжлэх нь амархан. Тиймээс эхлээд ямар шийдэл байгаагаа хэлэх ёстой. Одоо хэрэгжиж буй шийдэл бол тодорхой хэмжээний цалингийн нэмэгдэл бөгөөд энэ нь зөв алхам. Гэхдээ үүнийг инфляцтай уялдуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зэргээр хамт хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Олон улсын болон дотоодын байгууллагууд цалин, тэтгэврийн нэмэгдлээс болж инфляц цаашид 14–18 хувьд хүрч болзошгүй гэж тооцоолж байна. Ер нь ийм нэмэгдэл инфялцад хэрхэн нөлөөлөх вэ?
-Инфляцыг тайлбарласан хэд хэдэн үзэл бодол байна. Өмнө нь мөнгө хэвлэсэн учраас инфляц өснө гэсэн нэлээд механик шүүмжлэл түгээмэл байсан. Харин одоо өөр тайлбар гарч ирж байна. Ялангуяа дунд орлоготой, тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүсийн орлогыг нэмэх нь инфляц өсгөхөөс илүүтэй өмнө нь алдсан худалдан авах чадварыг нь нөхөх шинжтэй. Тиймээс худалдан авалтыг огцом нэмэгдүүлэхгүй, харин наад зах нь ноднингийн түвшинд худалдан авалт хийх боломжийг бүрдүүлнэ гэж хэлж болно.
Би ийм үндэслэлээр харж байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар ковидоос хойш Монголын өрхүүдийн худалдан авах чадвар 5 хувиар буурсан байна. Энэ нь эдийн засгийн хямрал биш ч хүндрэлийн шинж тэмдэг юм. Учир нь өрхүүд худалдан авалтаа багасгахаар манай хамгийн том ажил олгогч болох худалдаа, үйлчилгээний салбар бараагаа борлуулж чадахгүйд хүрнэ. Ингэснээр тэнд ажиллаж буй компаниуд, хувь хүмүүсийн орлого буурч, улмаар улсын хэмжээнд эдийн засгийн хямрал эхэлдэг. Тиймээс худалдан авалтыг тодорхой хэмжээгээр дэмжих нь өрхүүдийн алдсан худалдан авах чадварыг нөхөхөд чиглэж байна гэж бодож байна. Мэдээж орлогыг хэт их хэмжээгээр нэмэгдүүлбэл цалингийн өсөлт үнийн өсөлтийг дагуулж, цалин–үнийн харилцан өсөх мөчлөг үүсэх эрсдэлтэй. Гэвч одоогийн байдлаар цалингийн өсөлт үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Үнийн өсөлт ноднин ч өндөр байсан. Ковидын дараа 16 хувьд хүрч, түүнээс хойш гурван жилийн дараа статистикийн тоогоор 12.9 хувьд хүрлээ. Хүнсний бараагаар авч үзвэл үүнээс ч өндөр байх, бензиний үнэ бүр илүү өссөн. Тиймээс энэ хэмжээний нэмэгдэл инфляцыг түлхэхээс илүү алдагдсан орлогыг нөхөх төдий хэмжээнд байна.
-Та 2008 оны Үндэсний хөгжлийн цогц бодлогын үеэс том ордуудыг эргэлтэд оруулах асуудлыг ярьж ирсэн. 18 жилийн дараа уул уурхай хөгжлийн хөдөлгүүр болж чадсан уу, эсвэл хамаарал л нэмэгдсэн үү?
-Бид олон жилийн турш том төслүүдийг хөдөлгөх ёстой гэж ярьсаар ирсэн бөгөөд яг одоо тэдгээр нь хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Арван жилийн өмнө Оюу толгой, Тавантолгойн төслүүдийг эхлүүлэхэд ойлгохгүй, дэмжихгүй, шүүмжилсэн хүмүүс олон байсан. Өнөөдөр эдгээр төсөл бодитоор ашгаа өгч, экспортын орлого оруулж, төсвийн орлогын 3 хувийг бүрдүүлж байна. Энэ утгаараа үр өгөөжөө тодорхой хэмжээгээр өгч эхэлсэн.
Хоёрдугаарт, том төслүүдийн нэг хэсэг нь томоохон аж үйлдвэрийн төслүүд юм. Эдгээрийг өнгөрсөн 10 жилд төдийлөн хэрэгжүүлээгүй. Харин энэ жилээс нефть боловсруулах, зэс хайлуулах, гангийн үйлдвэрийн ажил бодитоор хэрэгжиж эхэлж, зарим нь дуусах шатандаа орж байна. Ялангуяа зэс хайлуулах болон нефть боловсруулах үйлдвэр ажиллах гэж байна. Бид дур зоргоороо аль нэг төслийг сонгоод хэрэгтэй гэж байгаа юм биш. Эдгээр нь Монголд хамгийн их хэрэгцээтэй, түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээх зорилготой төслүүд. Ингэснээр манай эдийн засаг дан уул уурхай, түүхий эдийн экспортын хараат байдлаас тодорхой хэмжээгээр ангижирч, илүү төрөлжсөн, тогтвортой болж, улсын орлого нэмэгдэх шатанд шилжиж байна.
Түүнчлэн мега төслүүдийн дотор эрчим хүчний төслүүд зайлшгүй орно. Өмнөх жилүүдэд ТЭЦ-5, Тавантолгойн цахилгаан станцыг бариагүйгээс цахилгааны хомсдолд орсон. Харин энэ жилээс Засгийн газар аймаг, орон нутагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр тендер зарлаж, ТЭЦ-5-ыг хөдөлгөхөө зарласан. Мөн Улаанбаатарт ТЭЦ-6, Тавантолгойн цахилгаан станцыг барихаар төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхий сайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажилтай танилцлаа.Бүхэлд нь авч үзвэл эдгээр төсөл манай эдийн засагт томоохон бүтцийн өөрчлөлт авчирч, ирэх 10–20 жилийн өсөлтийн суурийг тавьж, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, импортын хараат байдлыг бууруулна гэж харж байна.
Импортын оронд экспортоо нэмэгдүүлэх, тэр дундаа түүхий эд биш, боловсруулсан бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Одоогоор шатахуун дутагдаж, үнэ өсөөд хүндрэлтэй байгаа ч 15 жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын эдийн засгийн дэд бүтэц илт өөрчлөгдөж, илүү орчин үеийн, технологижсон шатанд шилжиж байна. 2009 онтой харьцуулахад эдийн засаг асар том үсрэлт хийсэн нь харагдаж байна. Гэхдээ энэ үсрэлтийн дунд амьдарч буй бидний хувьд амьдрал төдийлөн амар биш байна. Макро түвшнээс харахад бид бүтцийн томоохон шилжилтийн үеийг туулж байна даа гэж харж байгаа.
-Төсвийн бодлого энэ чигээр үргэлжилбэл ОУВС-ийн хөтөлбөрт орох эрсдэлтэй гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Ийм хэмжээний эрсдэл бодитой юу?
-Монгол Улсын экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Улсын валютын нөөц 8–9 тэрбум ам.долларт хүрсэн нөхцөлд ОУВС-аас тусламж авах тухай яриа байх ёсгүй. Ийм тусламжийг эдийн засаг хямарч, Засгийн газар бондоо төлж чадахгүй болсон үед авдаг. Харин ч шаардлагатай бол дэлхийн зах зээлээс нэмэлт санхүүжилт татах боломж бий. Заавал татах ёстой гэсэн үг биш, гэхдээ ийм нөөц байна. Эдийн засгийн өсөлт сайн байгаа тул өмнө авсан зээлүүдээ эргүүлэн төлөх бололцоо бүрэн бий. Мэдээж Олон улсын Валютын сан төсвийн бодлогоо чангатгах, зардлаа бууруулахыг зөвлөдөг бөгөөд энэ нь зөв. Манай улс өмнө нь үр өгөөжгүй төслүүдэд, тухайлбал нэг барьж, нэг нураасан Андлалын хөшөө шиг зүйлд төсвийн мөнгөө зарцуулж, тоглож байсан удаатай. Ийм зүйлд зарцуулалгүй аж үйлдвэр, дэд бүтэц рүү чиглүүлэх хэрэгтэй. Гэхдээ нийгмийн дэд бүтцийг орхиж болохгүй. Сургууль, эмнэлэг барихад зарцуулбал буруу зарцуулалт гэж хэлэхгүй.
Түүнчлэн энэ Засгийн газрын хийж буй нэг зөв алхам бол хувийн хэвшилтэй аль болох хамтран ажиллаж байгаа явдал юм. БНСУ, Японыг харахад тэдний Засгийн газар хувийн хэвшлийн компаниа шүүмжилж, сүрдүүлж айлгасныг сонсож байгаагүй. Аль ч улсын Засгийн газар үндэсний үйлдвэрлэл, компаниудаа дэмжиж, экспортод нь тусалдаг. Харин манайд том компаниудаа олигарх гэх мэтээр нэрлэж шүүмжилж байсан. Үнэн хэрэгтээ хамгийн олон ажлын байр, экспорт бий болгож байгаа нь хувийн хэвшил юм. Хувийн хэвшлийн нөөц бололцоог бүрэн дайчилбал Засгийн газрын хийх ажил хамаагүй хялбар болж, ачаалал нь буурна. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах шаардлага багасч, төсвийг буруу зарцууллаа гэх айдас ч буурна. Учир нь ажлыг хувийн хэвшил өөрөө хийнэ.
Оюу толгойн хувьцааг иргэд эзэмшдэггүй, эзэмшигч нь Засгийн газар. Тиймээс Засгийн газар ногдол ашгаа өөрийн хэрэгцээнд хөрөнгө оруулалт болгон зарцуулах бүрэн эрхтэй. Ер нь тэгэх ёстой.
-Та хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь зөв гэж онцоллоо. Төр том төслүүдээ хувийн хэвшилд шилжүүлэх нь эдийн засагт хэр бодитой шийдэл вэ. Нөгөө талд ямар эрсдэл байна вэ?
-Манай улсын нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эзэлдэг болсон. Иймд төр бүх зүйлийг 100 хувь өөрөө хийх гэж зүдрэлгүй, бүгдийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэлгүй, хувийн хэвшилтэй хамтарвал эдийн засгийн хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх бололцоо бий. Том аж үйлдвэрийн төслүүдэд тендер зарлаж, дотоодын компаниудыг өрсөлдүүлэхэд буруудах зүйлгүй. Мэдээж тодорхой эрсдэл бий ч том төслүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр хийхгүй байгаа нь сайшаалтай.
Бид сүүлийн таван жил хэрэгжиж ирсэн, төр бүх зүйлийг өөрөө хийж, хянаж, асар их мөнгө зарцуулдаг ч юунд зарцуулсныг нь хэн ч мэдэхгүй байсан үзэл баримтлалаас салж, илүү ил тод, хувийн хэвшилтэйгээ хамтран ажилладаг үзэл баримтлал руу шилжиж байна гэж харж байна.
Хамгийн тод жишээ бол шатахууны агуулахын бүтээн байгуулалт. Үүнийг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж Улсын онцгой комисс ковидын үеэс хойш сар бүр сануулж, албан бичиг, тайлан хүргүүлж байсан ч юу ч баригдаагүй. Гэтэл одоо хувийн хэвшил Засгийн газартайгаа хамтран маш богино хугацаанд шатахууны агуулахаа барьж байна. Санпотриулим бариад дуусчихлаа. Шунхлай компани мөн барьж байна. Хэрвээ төр өөрөө барьсан бол төсвөөс асар их мөнгө зарцуулж, удаан барьж, тендерийн маргаан шүүхдэлцээн үүсч, хэн нэгэн мөнгийг нь завших эрсдэлтэй байх байсан. Үүний оронд жилийн дотор Монголын түүхэнд байгаагүй хэмжээний шатахууны нөөцийн хүчин чадалтай болж байна. Энэ нь шатахууны хомсдлыг бүрэн шийдэхгүй ч одоогийн нийлүүлэлтийн савлагаа, хомсдлыг тодорхой хэмжээгээр тогтворжуулахад тус болно. Энэ бол ганцхан жишээ. Олон асуудлыг ийм байдлаар шийдээд явбал манай улсад нөөц их бий. Хувийн хэвшил томорсон учраас түүнийг зөв ашиглавал улсын ачаалал нийтдээ буурна гэж ойлгож байна.
-2027 оны төсвийн хүрээний мэдэгдлээс харахад Засгийн газрын өр 57.1 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 50 орчим хувьтай тэнцэхээр байна. Төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай орж ирсэн. Ер нь өр тавьж, бонд гаргасаар байх нь зөв үү?
-Ер нь аль ч улсын Засгийн газар тодорхой хэмжээний төсвийн алдагдалтай байдаг. Үүнийгээ голдуу бонд гаргаж санхүүжүүлдэг. Энэ бол түгээмэл тогтолцоо. Манай улс ч бусад орны адил арга хэмжээ авч байна. Мэдээж алдагдал аль болох бага, бонд хэт их гаргахгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ зарчмын хувьд энэ нь хүлээн зөвшөөрөгдөх зүйл. Монголд Засгийн газрын бондыг Төв банк шууд худалдаж авдаггүй. Тиймээс Төв банкийг мөнгө хэвлэлээ гэж шүүмжлэх ямар ч үндэслэлгүй гэдгийг тодорхой хэлэх ёстой. Гэсэн хэдий ч цаашдаа аль болох алдагдалгүй төсөв батлахыг зорих хэрэгтэй.
Одоогийн байдлаар 2027, 2028 онд хийх ёстой, нэлээд хоцорсон бүтээн байгуулалт их байна. Жишээлбэл, засмал замын хувьд Ховдыг Улаангомтой холбох зам одоо болтол баригдаагүй, Чойроос Арвайхээр хүртэлх гол зам саяхан л баригдаж эхэллээ. Төлөвлөгөөнд тусгагдсан засмал замууд хоцорч байна. Тэгэхээр энэ бол улс төрийн тоглоом биш, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд зайлшгүй хийгдэх ёстой томоохон төслүүд. Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд бонд гаргаж байгаа нь үүнтэй холбоотой гэж ойлгож байгаа.
-Эцэст нь, Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн дунд маргаан өрнөсөн. Энэ мөнгийг иргэдэд хуваарилах нь зөв үү, эсвэл бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв үү. Та үүнд ямар байр суурьтай байсан бэ?
-Хүмүүс Оюу толгойн ногдол ашгийг Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай андуурч байх шиг байна. Эрдэнэс Тавантолгойн хувьд 2012 онд иргэн бүрт тодорхой хэмжээний хувьцаа эзэмшүүлсэн бөгөөд иргэд хуулийн дагуу ногдол ашгаа авч байгаа. Харин Оюу толгойн хувьцааг иргэд эзэмшдэггүй, эзэмшигч нь Засгийн газар. Тиймээс Засгийн газар ногдол ашгаа өөрийн хэрэгцээнд хөрөнгө оруулалт болгон зарцуулах бүрэн эрхтэй. Ер нь тэгэх ёстой. Үүнийг иргэдэд тараах ёстой гэсэн хуулийн үндэслэл байхгүй. Оюу толгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн зүйл ч байхгүй. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн хувьд авсан ногдол ашгаараа хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Ингэснээр төсөв дээрх ачааллыг бууруулж, бусад асуудлыг ч шийдэх боломжтой. Бонд гаргаж байгаа нь ч мөн энэ ачааллыг хөнгөлөх зорилготой байх. Тиймээс хийх ёстой ажил, бүтээн байгуулалтдаа анхаарах нь зөв.
Иргэдийн хувьд мөнгө тараагаасай гэж бодож болно. Гэхдээ нэг зүйлийг сануулахад, өнгөрсөн жилүүдэд бараг гурван удаа мөнгө тараасан. Нүүрсний орлогыг тараасан ч цахилгаан станц, үйлдвэр, дэд бүтэц нэгийг ч бариагүй. Тэр мөнгө хийсч алга болсон, муугаар хэлбэл архи тамхинд зарцуулагдаад дууссан. Ядуурлыг бууруулна гэж байсан ч буурсан зүйл алга. Зарчмын хувьд бүтээн байгуулалт чухал. Өрхтэй харьцуулбал, олон жил хүлээж байж авсан мөнгөө хадгалж, хөрөнгө болгон, ирэх жилүүдээ бодож өсгөхийг хичээдэг гэр бүлийг зөв туршлагатай гэр бүл гэж хэлнэ. Харин авангуутаа найр хийж идэж уугаад дуусгаж, дараа нь буцаад ядууралд ордог өрхийг арчаагүй гэж хэлнэ. Төр засаг ийм арчаагүй байдалд орохгүй гэж хичээж байгаа нь зөв гэж бодож байна.