“Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөж буй Т.Энхжин хоёр жил дараалан дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Харин Б.Хулан, Э.Даваанасан нар дагах барилдаанд ялбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Тэмцээний эмэгтэйчүүдийн -65 кг-ын жинд өрсөлдөж буй Т.Энхжин хагас шигшээд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жил амжилтаа давтахын төлөө хүч сорих юм. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Б.Хулан дагах барилдаанд энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскаг ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. Түүнийг ялсан тохиолдолд Беларусийн Ирина Курочкина хүрэл медалийн төлөөх барилдаанд хүлээж байна. Тус жингийн алтан медалийн төлөө БНХАУ-ын Хун Кэсинь, Японы Сена Нагамото нар барилдахаар шалгарчээ.Харин -76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан дагах барилдаанд Литвийн Камиле Гаукайтетэй хүч сорих юм. Ялсан нь хүрэл медалийн төлөө ДАШТ-ий гурван медальт, Киргизстаны Айпери Медет Кызитай барилдана. Энэ жингийн алтан медалийн төлөө Энэтхэгийн Кажал, Украины Анастасия Алпеева нар өрсөлдөхөөр болжээ.