ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнууд Оросыг дэлхийн байгалийн хийн зах зээлээс шахан гаргахыг оролдож байгаа нь Европын хэрэглэгчдэд хүнд тусаж, эрчим хүчний үнэ улам өснө гэж анхаарууллаа.Тэрээр аравдугаар сарын 27-нд Москвад болсон Хийн экспортлогч орнуудын форумын үеэр “Оросыг дэлхийн хийн зах зээлээс шахах, салбарын хөгжлийг нь хязгаарлах аливаа оролдлого ноцтой үр дагавартай” гэж мэдэгджээ.Путины хэлснээр, үүний гол үр дагавар нь гадаадын хэрэглэгчид, тэр дундаа аж ахуйн нэгж, компаниуд болон өрхүүдийн байгалийн хийн зардал огцом нэмэгдэх явдал аж.Европын Холбоо Оросын байгалийн хийн импортыг ирэх оны намар гэхэд үе шаттайгаар зогсоохоор зорьж байгаа юм. Энэ нь Украины эсрэг явуулж буй дайныг санхүүжүүлэх Оросын орлогыг бууруулах зорилготой. Путины мэдэгдсэнээр, Европын орнууд эрчим хүчний өндөр зардалтай хэдийнэ нүүр тулж байгаа аж.Тэрээр “Бусдад нүх бүү ух, эс бөгөөс өөрөө түүндээ унана” гэсэн орос зүйр үгийг эш татаж, Европын Холбооны нөхцөл байдлыг үүнтэй зүйрлэжээ.