Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл идэвхжихийн хэрээр Монгол Улсын экспортын орлого ч өсөж буй. Тухайлбал, оны эхний есөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2 сая тоннд хүрч, зэсийн салбарын орлого нүүрсний экспортын орлогыг давжээ. Гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын экспортын орлого 16.2 тэрбум ам.долларт хүрснээс 47.3 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 37 хувийг чулуун нүүрс бүрдүүлсэн байна.Харин оны сүүлийн улиралд зэсийн салбарын орлого эрс буурах эрсдэл үүсээд байна. Тодруулбал, Гашуунсухайт–Ганцмод боомтоор гарах зэсийн баяжмалын экспортод тодорхойгүй хязгаарлалт тогтоосноор тээвэрлэлт эрс багасав.Аравдугаар сарын 15-наас өмнө Оюу толгой компанийн экспорт хэвийн явагдаж, өдөрт зэсийн баяжмал тээвэрлэсэн 13–15 цуваа хил нэвтэрдэг байжээ. Харин сүүлийн 14 хоногт хилийн нэвтрүүлэлт эрс багасч, өдөрт ердөө 3–4 цуваа зэсийн баяжмал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт 70 хувиар саарч, үйлдвэрлэсэн баяжмал их хэмжээгээр овоорчээ. Хэвийн нөхцөлтэй харьцуулбал Оюу толгой сүүлийн 14 хоногт 300 сая ам.долларын боломжоо алдаж, сул зогсолт хийсэнтэй адил байдалд орсон байна.Хятадын тал хил нэвтрэх тээвэрлэлтийг багасгасан шалтгаанаа тодорхой тайлбарлахгүй байгаа бөгөөд энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа аж. Бид үүссэн нөхцөл байдлын талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодруулсан юм.