Н.Оюунбадам: Төсөв хүндрэх магадлал өндөр байгаа учраас дараагийн шоконд бэлтгэлтэй байх хэрэгтэй
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунабадамтай ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. ННФ-ын хувьд 2027 оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ. Өмнөх жилүүдийн төсвөөр юугаараа ялгаатай байна вэ?
-Судлаачийн хувьд харахад урсгал зардал нэлээд тэлсэн буюу өмнөх оны төсвөөс 10 гаруй их наяд төгрөгөөр илүү зардал гаргахаар төлөвлөсөн байна. Ногдол ашгаас нэлээд их орлого олно гэж тооцжээ. Эрчим хүч, шатахуун зэрэг бүх зүйлийн үнэ өссөний нөлөөгөөр манайд инфляц өндөр байна. Ийм үед төсвийн тэлэлт давхар явбал инфляцыг улам хөөрөгдөх эрсдэлтэй. Тэлэлттэй атлаа зарим төслийн зардлын үр ашгийг тооцоогүй, өрийг нэмэгдүүлэх их алдагдалтай төсөв гарч ирэх гэж байна. Төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гэж байгаа. Манай улс энэ онд өрийн үйлчилгээний төлбөрт 1.5 их наяд төгрөг төлнө. Цаашид алдагдлаа нэмсээр байвал төр өрийн дарамтад улам их орно гэсэн үг.
-2027 оны төсвийн урсгал зардал өнгөрсөн оныхоос 7.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Урсгал зардлын бүтцээс ямар зардлууд онцгой анхаарал татаж байна вэ?
-Урсгал зардалд туссан зарим зардлыг харахад Евразийн хөгжлийн банктай холбоотой зардалд 60 тэрбум, байр түрээсийн зардалд 100 гаруй тэрбум төгрөг тусгажээ. Байр түрээсийн талаар олон нийтийн дунд шүүмжлэл гардаг. Төрийн байгууллагууд өөрийн байр, талбайгаа хямдхан түрээслүүлчихээд өөрсдөө маш үнэтэй оффис түрээсэлж зардал гаргаж байна. Үүнийг цэгцэлж, байр түрээсийн зардлаа бууруулан, бусад төрийн байгууллагын сул чөлөөтэй талбайг ашиглах шаардлагатай болов уу гэж харж байна.Мөн УИХ-ын гишүүний төсөвт нийт 65 тэрбум, Авто замын санд олгох татаасад 26 тэрбум төгрөг тусгасан байна. Нормын хувцсанд ч нэлээд их мөнгө бий. Цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагаас бусад албан газарт нормын хувцас өмсөх шаардлага байна уу? Үүнд төсвөөс нэлээд их хөрөнгө зарцуулж байна. Хүчний байгууллагаас бусад газарт нормын хувцас олгохгүй байх зэрэг арга хэмжээ авч, урсгал зардлыг нэлээд бууруулах ёстой гэж харж байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Төсөвт өртөг нь анх төлөвлөснөөсөө хэд дахин өсөж, олон жил үргэлжилж буй төслүүдийн асуудал жил бүр хөндөгддөг. Энэ удаагийн төсвийн төсөлд ийм төслүүд хэр олон байна вэ?
-Олон жил үргэлжилж буй төслүүд нэлээд харагдаж байна. Тухайлбал, 2013 онд эхэлсэн шүүхийн байрны өртөг анх 15 тэрбум төгрөг байсан бол одоо 92.5 тэрбум болсон байна.Уг нь төслүүдийг аль болох хурдан дуусгах ёстой. Үндэсний аудитын газар аудит хийхэд зарим барилгын суурь нь муудаж, хүчитгэл хийж байж л ашиглалтад оруулах боломжтой болсон зэргээр төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулах хандлага ажиглагдсан. Бидний харж байгаагаар хугацаандаа дуусч буй төсөл нэлээд ховор байна. Өмнө нь эхэлсэн төслүүдийн өртөг нэлээд өссөн бол эхлээд нэг жил болж буй төслүүдийн өсөлт харьцангуй бага байна.Иргэдийн хяналт нэмэгдэж, санал гомдол гаргах механизм сайжирвал төслүүдийн удаашрал багасна гэж харж байна.Ерөнхийдөө захиалагчийн хяналт нэлээд сул байна. Барилгын ажлыг хүлээж авахад ямар чанартай ажил гарч ирдэг билээ. Хэдэн сарын өмнө олны анхаарал татсан цэцэрлэгийн барилга ямар байдалтай баригдсан байсныг санаж байгаа байх. Хяналтаа сайн тавьж, чанарын шаардлага хангасан барилга байгууламжийг л хүлээж авах нь чухал.
-Хөрөнгө оруулалтын жагсаалтад зарим авто замын урт, сургууль, соёлын төвийн багтаамж зэрэг үндсэн үзүүлэлтийг тодорхой тусгаагүй байсан. Ийм мэдээлэл дутуу байх нь төсөл сонгох, үр ашгийг үнэлэхэд ямар хүндрэл үүсгэдэг вэ?
-Зарим төсөл тодорхой бус байна. Жишээлбэл, авто замын төсөл дээр “авто замын эхлэл” гээд л тавьчихсан, хэдэн км урт нь мэдэгдэхгүй байх асуудал ноднингоос эхлэн төсөвт орж ирж байна. Өмнө нь хэдэн км болохыг бичдэг байсан. Одоо зарим нь “тэндээс тэнд хүртэлх зам”, “замын дуусгал” гэчхээд хэдэн км болохыг бичихгүй байна. Сургууль, театр, соёлын төв бол хэдэн суудалтай болохыг заавал бичих ёстой. УИХ-ын гишүүд энэ мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргана. Судлаачид ч хэдэн суудалтай соёлын төв болохыг харж байж судалгаа хийнэ. Энэ удаад соёлын төвийн шинэ төслүүд нэлээд тусчээ. Харин өмнөх шиг хувийн хэвшил хийж болох үйлдвэр зэрэг төсөл арай бага туссан байна. Бүсийн хэмжээнд хэрэгжих төслүүдийг ч илүү задалж харуулах шаардлагатай. Бид шуурхай дүн шинжилгээ хийхийн тулд хөрөнгө оруулалтын жагсаалтыг PDF биш Excel файлаар авдаг. Өмнө нь Сангийн яаманд хүсэлт явуулахад Excel-ээр өгдөг байсан. Учир нь PDF-ээр нийтэлсэн мэдээлэл аль хэдийн олон нийтэд ил болсон мэдээлэл юм. Гэтэл энэ жил хүсэлт тавьсан ч Сангийн яам 2027 оны хөрөнгө оруулалтын жагсаалтыг өгөөгүй. PDF-ийг хөрвүүлэхэд мөрүүд нь өөрчлөгдөж, дахин шалгах шаардлагатай болдог тул нэлээд ажиллагаатай. Нийтэд ил болгосон мэдээллээ Excel-ээр ил болгочихвол судлаач, иргэний нийгмийн байгууллагуудад дүн шинжилгээ хийхэд их хэрэгтэй.
-2027 онд Засгийн газрын өр ДНБ-ий 49.6 хувьд хүрч, хуулиар тогтоосон 50 хувийн хязгаарт ойртохоор байна. Өрийн хэмжээ энэ түвшинд хүрсэн үед гадаад эдийн засгийн шок тохиолдвол төсөв, эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ?
-Монгол Улс өмнө нь бага орлоготой орны ангилалд байхдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагаас маш бага хүүтэй зээл авдаг байсан. Одоо дундаж орлоготой орны түвшинд орсон учраас бараг арилжааны хүүтэй дүйцэхүйц зээл авч байна. Тиймээс гадаад зээл авах шийдвэрээ сайтар бодож, төслүүдийн үр ашгийг чамбай харах хэрэгтэй. Гадаад зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл их байгаа энэ үед дахин шинэ төслийн зээл авч өрөнд орох эсэхээ сайн бодох хэрэгтэй.
Өрийн дарамтад орвол гадаадад гаргасан үнэт цааснуудаа төлөх, валютын ханшийн дарамт ирнэ. Дахин санхүүжилт хийж үнэт цаас гаргахад хүү нь өснө. Манай улс ам.доллараар бонд гаргадаг ч хүү нь харьцангуй өндөр байдаг.
-Төсвийн алдагдлыг гадаад, дотоодын бондоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь хэр оновчтой шийдэл вэ?
-Төсвийн алдагдлыг гадаад, дотоодын бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд өмнөх бондуудын дахин санхүүжилт мэдээж орж ирнэ. Дээр нь нийслэл Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зориулж 2024 онд 500 сая ам.долларын бонд босгосон. Төсөл 2026 онд дуусна гэж байсан ч 2028 он хүртэл үргэлжлэхээр болж, Засгийн газар дахин санхүүжилтэд 500 сая ам.доллар хүртэлх өрийн баталгаа гаргах асуудал тулгараад байна. Төслийн бэлэн байдал хангагдаагүй байхад мөнгөө түрүүлж босгоод хүү төлөөд байх нь маш эрсдэлтэй. Энэ жишээнээс харахад бусад орон нутагт бонд босгох эрх олгох тухай яригдаж байгаа тул орон нутгийн бонд, өр зээлд нэлээд анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний төслүүдэд ч гадаадын зээл томоохон, өндөр өртөгтэй байдаг учраас хяналттай байх ёстой. Засгийн газар өрийн баталгааг яг ямар төсөлд гаргах гэж байгааг 2027 оны төсөвт тодорхой тусгах хэрэгтэй.
-Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг эрсдэлээс шалтгаалан ирэх онд улсын эдийн засагт хүндрэл үүсэж болзошгүй талаар зарим эдийн засагч байр сууриа илэрхийлж байна. Ер нь энэ хэр бодитой эрсдэл гэж таны хувьд харж байна вэ?
-Төсөв хүндрэх магадлал маш өндөр байна. Олон улсын эдийн засагт ч эрчим хүчний үнэ, инфляц зэрэг томоохон шок нүүрлэж байна. Тиймээс эдийн засгийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төсвөө аль болох сахилга баттай төлөвлөж, дараагийн шок ирэхэд бэлтгэлтэй байх, шокийн эсрэг хэрэглэх хуримтлал үүсгэх ёстой. Гэтэл хуримтлал үүсгэлгүйгээр шууд төсвөө тэлж байгаа нь нэлээд эрсдэлтэй. Жишээлбэл, 2026 оны төсвийн тодотголоор эдийн засаг хүндэрсэн үед ашиглах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээлийн шугам нээлгэж байна. Төсвөө үр ашигтай, хэмнэлттэй зарцуулбал заавал хүүтэй зээл авч, өрийн дарамтад орохгүйгээр өөрсдөө хуримтлал үүсгэх боломж бий гэж харж байна.
-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд ТЭЗҮ-гүй 206 төсөл нэмүүлэх санал оруулсан.Ийм төлөвлөгдөөгүй төсөл төсвийн сахилга батад нөлөөлдөг үү?
-Хөрөнгө оруулалтын төслүүд зураг төсөл, ТЭЗҮ, газрын зөвшөөрөлгүй байснаас нэлээд удааширч байна гэсэн аудитын дүгнэлт бий. УИХ төсвийн төслийг хэлэлцэж байх үед гишүүдийн нэмэхээр санал болгож буй төслүүд ТЭЗҮ-тэй байх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар Үндэсний аудитын газар шуурхай дүгнэлт гаргадаг. Зөвхөн зураг төсөл, ТЭЗҮ-тэй төслийг л оруулдаг байх шаардлагатай. Эс бөгөөс жил бүр 100–200 төслийг зураг төсөл, ТЭЗҮ-гүйгээр нэмдэг. Тухайн төслийг санхүүжүүлнэ гээд хөрөнгийг нь барьж байдаг ч зураг төсөл нь гараагүйгээс удааширч, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах шалтгаан болж байна.
-Сонгуулийн өмнөх жилд төсөв тэлэх хандлага ажиглагддаг. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Сонгуулийн жилүүдэд төсөв нэлээд тэлдэг. Энэ удаад ч сумын төвийн жижиг замууд олон байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт сумын төвийн зам гэж тусгасан ч хэдэн км урт болохыг бичээгүй. Сонгуулийн өмнө сонгогчиддоо амласан учраас сумын төвийн жижиг замууд төсөвт нэлээд орж ирдэг. Хөрөнгө оруулалтын төслийг үр ашиг, ач холбогдлоор нь нэн тэргүүнд эрэмбэлэхгүй, ингэж үрэлгэн байвал төсвийн дарамт ирэх нь мэдээж. Төсөв тэлж буй үед УИХ-ын гишүүд ч төслүүдийн үр ашгийн мэдээллийг Сангийн яамнаас авч харах ёстой.
-Төсвийн төлөвлөлт, зарцуулалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярьдаг ч бодит хэрэгжилт хангалтгүй байна. Одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Иргэд төсвөө хянадаг байх хэрэгтэй. Манай төсвийн 80–90 хувь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг учраас хяналтаа тавих ёстой. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдээс санал авч, эрэмбэлж санхүүжүүлдэг. Гэтэл 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан нэлээд олон хуулийн төсөл орж ирж байгаа бөгөөд тэр дунд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50 хувийг иргэдийн саналаар, 50 хувийг орон нутгийн засаг захиргаа өөрөө шийддэг болгох санал бий. Энэ нь иргэдийн оролцоог улам хязгаарласан ухралт болох болов уу. Орон нутгийн хөгжлийн сангийн хэмжээ улсын төсөвтэй харьцуулахад маш бага. Энэ багахан төсөвт иргэдийг оролцуулдаг хэмжээгээ бууруулбал иргэдийн оролцоо улам буурна. Олон улсын төсвийн түншлэлийн Төсвийн нээлттэй байдлын судалгаагаар ч иргэдийн оролцоо манай хамгийн сул үзүүлэлт байдаг. Үүнд нэлээд анхаарах хэрэгтэй.Наймдугаар сард нэгдсэн төсвөө өргөн барихаас өмнө Засгийн газар салбар бүрээр хэлэлцүүлэг хийдэг болсон. Энэ талаар иргэдэд сайн мэдээлж, улам татан оролцуулах хэрэгтэй. Төсвийн мэдээлэл, ялангуяа төлөвлөлтийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр давхар хүргэдэг байх ёстой.
-Та өмнө нь хөрөнгө оруулалтын төслүүдийн эрэмбэ, үнэлгээг олон нийтэд ил болгох зөвлөмж дэвшүүлж байсан. 2027 оны төсвийн төсөлд энэ зөвлөмж хэр хэрэгжсэн бэ?
-Сангийн яам хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, үнэлж байгаа гэдэг. Гэхдээ энэ мэдээлэл ил болоогүй байна. Нээлттэй засгийн түншлэлийн 2027 он хүртэлх төлөвлөгөө батлагдсан бөгөөд төсвийн ил тод байдлыг сайжруулах хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг ил болгох амлалт тусгасан. Гэвч одоог хүртэл ил болоогүй байна.
-УИХ-аар төсөв хэлэлэцэж байгаа энэ үед ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай вэ?
-Урсгал зардлыг танах ёстой. Цахимжилт, программ хангамжийн хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор төрийн албан хаагчдын тоог ч нэлээд бууруулах боломжтой гэж харж байна. Ямар технологи, программ хангамж нэвтрүүлснээр ажлын байрны ачаалал хэрхэн өөрчлөгдөж, буурч байгааг ажлын байрны судалгаагаар тогтоож, төрийг цомхон байлгахад анхаарах хэрэгтэй. Зураг төсөл, ТЭЗҮ-гүй төслийг Төсвийн тухай хуулийг зөрчин оруулж болохгүй. Евразийн хөгжлийн банкинд нэгдэнэ гээд 60 гаруй тэрбум төгрөг тусгасан байна. Ийм зардал үнэхээр гарах шаардлагатай эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. Гишүүд төсвийн зардлыг зөвхөн сайдын багцаар харахаас гадна зориулалтын ангиллаар нь нарийвчлан харж, байр түрээс, гадаад, дотоод томилолт зэрэг хэмнэж болох зардлыг анхаарах нь зөв. Мөн төсөвт туссан соёлын төвүүд үнэхээр хэрэгтэй эсэхэд нэлээд анхаарах хэрэгтэй байна.Гадаадын зээл, тусламжийн төслүүдийг үнэхээр авах хэрэгтэй эсэхийг ч бодох ёстой. Зээлийн хүү нэлээд өндөр болсон энэ үед гадаадын зээл олдож байна гээд үр ашиггүй төслийг санхүүжүүлбэл Монгол Улсын төсөвт маш хүндрэлтэй, цаашдаа өрийн дарамтад оруулах асуудал үүснэ гэдгийг анхаарах хэрэгтэй.