Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Уг нь намын дүрмээр Тэргүүлэгчдийн хурлыг намын хорооны дарга зарлан хуралдуулах ёстой ч намын дарга Х.Нямбаатар гадаадад байгаа. Тэгвэл МАН-аас нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, хоёр шийдвэр гаргасан гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Нэгд, Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хийхээр товлосон байна. Хоёрт, хоёр дүүргийн Засаг даргыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 7-нд хуралдаж, Тэрүүлэгчдийн хурлаар нийслэлийн намын Бага хурлыг товлох чиглэл өгсөн. Үүний дагуу Тэргүүлэгчид хуралдаж, дээрх шийдвэрүүдийг гаргасан бололтой. Намын хорооны дарга нь эзгүй ч Бага хурлаа хуралдуулах, эсвэл намын дарга онлайнаар оролцох боломжтой гэдгийг хэлж байгаа. Тэгвэл намын хорооны дарга Х.Нямбаатар оролцсон, оролцоогүй нийслэлийн намын Бага хурлыг хуралдуулж, Х.Нямбаатараас намын хороогоо авах бололтой. Харин Х.Нямбаатар өчигдөр өөрийн цахим хуудастаа лайв хийхдээ ирэх 7 хоногт хэзээ очихоо хэлнэ гэсэн юм. Тэрээр "Нэг хүний дэглэмийн эсрэг ганцаараа зогсож байгаа. Монгол Улсад дарангуйллын систем тогтож байгаа. Тавдугаар сарын 11-нд намайг махны үнэ өсгөсөн гэсэн үндэслэлээрээ чөлөөлсөн. Түүнээс хойш би АТГ-т наймдугаар сарын 25-н хүртэл маш олон удаа очиж тайлбар, мэдээлэл өгсөн. Хэрэг үүсгээгүй байсан. Тэгээд гадагшаа сургуульд явж байгаагаа хэлээд явсан. Шагнал, шорон хоёроор нийгмийг удирдлаа гэдэг пост хийсний маргааш надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би очиж шалгуулна" гэсэн юм.