“Амьдрал заавартайгаа ирдэггүй” гэж айхтар үг бий. Хүн бүхэн л энэ орчлонд ирэхдээ эрүүл саруул, цог золбоотой, улс эх орондоо ихийг хийж бүтээж, дуудах нэрээ дуурсгаж явахыг хүсдэг. Гэвч тэр боломжоо орчны бохирдол, идэж ууж буй хүнсний нөлөө, эцэг эхийн хайхрамжгүй алдаа, эмч нарын хайнга байдал, осол аваар зэрэг олон шалтгааны улмаас алдсан мянга, мянган хүн бидэнтэй адил мөр зэрэгцэн амьдарч байна.
Тэдний ихэнх нь нийгмийн харилцаанд орж чадахгүй дөрвөн ханан дундаа гацаж, дийлэнх олонх нь төрөөс өгсөн халамжийн хэдхэн төгрөгөөр өдөр хоногоо өнгөрүүлдэг. Одоогоос сарын өмнө өөрөө элэгний хорт хавдрын эцсийн шат гэсэн онош сонссон атлаа аутизмын хүнд хэлбэрийн эмгэгтэй цор ганц хүүгээ асрамжид өгөхийн тулд олон зуун асрамжийн газрын хаалга татаж явсан солонгос аавын тухай мэдээ дэлхий нийтийг уйлуулсныг уншигч та санаж буй байх. Хоёрхон настай хүүхдийн сэтгэхүйтэй 27 настай хүүгээ орхиод үхэж ч чадахгүй зовж явсан аавын хүслийг сая, сая солонгосчууд сонсож, түүхэнд байгаагүй их хандив буюу 80 гаруй сая вон цуглуулж өгснөөр эцэст нь хүүгээ асрамжийн газарт өгч, “Баяртай Питер пэн” хэмээх зохиолоо бичиж үлдээгээд энэ орчлонгоос одсон аавын тухай сэтгэл хөдөлгөм атлаа гунигтай түүх юм.
Яг ийм гунигтай түүхтэй олон зуун хүн бидний дэргэд ч амьдарч байгаа. Тэдний нэг нь миний ээж. Бурхан тэдэнд 7 хүүхэд заяасан ч хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй болчихно гэж зүүдлээ ч үгүй байх. Тэр тусмаа удам залгах ганц хүү нь хариуцлагагүй эмчийн алдаанаас болж зүүн гар нь мэдээгүй болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэгээр нэмсэн юм. Хаанаас нь ч харсан гунхсан сайхан, алтан гургалдай шиг хоолойтой охин нь нас ахих тусмаа нялх хүүхэд шиг сэтгэхүйтэй болдог аутизмын эмгэгтэй төрчихнө гэж зүүдлээ ч үгүй нь лавтай. Ингээд хоёр хүүхдээ асрах, хажуугаар нь ажлаа хийх хүнд сорилттой тулгарсан миний ээж сайхан хань, олон хүүхдүүдийнхээ тус дэмээр өсгөж, өндийлгөөд авсан ч насанд хүрсэн хойно нь тэднийг хэнтэй үлдээх вэ гэдэг хэцүү сорилтын өмнө ирчихээд байгаа. Мөнх амьдарч чадахгүйгээс хойш нэг л өдөр тэр хоёрыгоо орхиод явахад энэ хэцүү нийгэмд хөлөө олж амьдарч чадах уу, ажил хийх чадамжгүй учраас идэх хоол, өмсөх хувцсаа авах мөнгөө хаанаас олох вэ гэдэг асуултыг өглөө бүхэн өөрөөсөө бас энэ нийгмээс асууж сэрдэг нь лавтай. Хоёр хүүхдийнх нь ирээдүй миний ээжийн хамгийн том айдас болчихож. Ах дүү нар нь үргэлж тэдний хажууд байж чадахгүй, өөр өөрсдийн амьдралтай, ажилтай, үр хүүхэдтэй учраас хүссэн ч эс хүссэн ч тэд хамтдаа эцэг, эхийн үлдээсэн гэрт энэ амьдралаа дуустал амьдрах сонголттой тулгарна. Тэгж бие дааж амьдрахад нь зарцуулах мөнгө нь хүрэх үү гэдэг асуулт бидний гэрт үргэлж гарсаар байгааг нуух юун.