Худалдаа, хөгжлийн банк нь үйлчилгээний чанар, найдвартай байдал, хүртээмж болон харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор суурь бүртгэлийн систем, цахим банкны үйлчилгээнд өргөн хүрээний технологийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлээд байна. Энэхүү шинэчлэл нь банкны цахим үйлчилгээг цаашид илүү боловсронгуй, тогтвортой хөгжүүлэх чухал суурь болно гэдэгт бид итгэлтэй байна.
Шинэ системийг нийтэд нэвтрүүлэх явцад харилцагчид нэгэн зэрэг олноор хандаж байгаатай холбоотойгоор шинэ TDB апп-д нэвтрэх, хэрэглэгчийн нэр, нууц үгээ сэргээх болон зарим үйлчилгээг авах үед хүлээлт, түр саатал үүсэж байна. Үүний улмаас харилцагч Та бүхний цаг зав, өдөр тутмын ажил хэрэг, санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Мөн банк олон улсын стандартад нийцсэн 10 оронтой дансны дугаарыг ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор харилцагчдын дунд санаа зовнил үүсэж байгааг бид ойлгож байна. Таны хуучин дансны дугаар хэвийн үргэлжлэн ашиглагдах бөгөөд шинэ 10 оронтой дансны дугаараа ч мөн ашиглах боломжтойг албан ёсоор мэдэгдэж байна.
Худалдаа, хөгжлийн банк үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгох, системийн тогтвортой ажиллагааг хангах, хүлээлт болон саатлыг арилгах чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, техникийн багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Харилцагчдадаа учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгаж, үйлчилгээг хэвийн, тогтвортой болгох нь бидний нэн тэргүүний зорилт юм.
Бидэнд итгэл хүлээлгэн үйлчлүүлж, хүлээцтэй хандаж буй харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлье. Танд учирч буй хүндрэлд дахин хүлцэл өчье.