Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.
16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна. Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн.
Хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувийн гүйцэтгэлтэй байна
Авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13 төсөл, арга хэмжээг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн. Үлдсэн хоёр төсөлд комисс ажиллуулах хүсэлт хүргүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.