Монгол Улс Дэлхийн банк группын Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) хандивлагч орон болсныг зарлалаа. Монгол Улс 30 шахам жил тус сангаас санхүүжилт авч ирсэн. Тэгвэл дэлхийн хамгийн ядуу орнуудыг дэмжих сангийн хандивлагчдын тоонд Монгол Улс нэгдэж байгааг Дэлхийн банк Групп Тайландын Бангкок хотноо болж буй жилийн уулзалтын үеэр мэдэгдлээ.
Монгол Улс IDA-гийн 21 дэх удаагийн санхүүжилтэд 4.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хандивлахаар болсон бөгөөд энэ шийдвэрийг Улсын Их Хурал баталжээ. Дэлхийн банк үүнийг Монгол Улсын хөгжлийн замнал дахь түүхэн үе шат хэмээн онцолсон байна.
Тусламж авагчаас хандивлагч хүртэлх зам
Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группт элссэн. Түүнээс хойш тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт IDA-гийн дэмжлэгийг багтаасан нийт 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт авсан байна. 2020 оны долдугаар сард Монгол Улс IDA-гийн санхүүжилтээс хасагдаж, дундаж орлоготой орнуудад үйлчилдэг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны (IBRD) харилцагч болсон юм.
Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсыг IDA 21-д оруулж буй хувь нэмэр нь Дэлхийн банктай тогтоосон урт хугацааны түншлэлийн чухал үе шат юм. Мөн олон улсын эв нэгдлийн төлөөх Монгол Улсын амлалтыг илэрхийлж байна. Монгол Улс өөрийн хөгжлийн зорилтуудыг урагшлуулахын зэрэгцээ бусад орныг хөгжлийн зорилтдоо хүрэхэд нь дэмжиж буйдаа бахархаж байна” гэдгийг онцолсон.