Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Ким Гю Ха хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд аюултай үүрэг гүйцэтгэхдээ цэргийн алба хаагчдын оронд робот, дрон ашиглах шаардлагатай гэж мэдэгджээ.Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын гурван цэрэг хилийн цэрэггүй бүсэд минад өртөж, бэртсэн хэрэг гарсан байна. Үүний дараа генерал Ким Гю Ха цэрэггүй бүсэд хүнгүй робот, дрон ашиглах боломжийн талаар АНУ-ын цэргийн дээд командлагчтай хэлэлцжээ.Гэхдээ хоёр тал Солонгосын хойгийн хил орчимд ийм төхөөрөмж ажиллуулах нь эрсдэл дагуулж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс робот, дроныг ашиглалтад оруулахаас өмнө нарийн туршилт хийж, ажиллагааны найдвартай байдлыг шалгах шаардлагатай гэж үзжээ.Өмнөд Солонгосын арми “Army TIGER+” санаачилгын хүрээнд хүн болон хүнгүй системийг хослуулсан байлдааны чадавхаа хөгжүүлж байгаа аж. Уг санаачилгад цэргүүдтэй хамтран ажиллах дрон, робот техник, хиймэл оюун ухаанд суурилсан технологи багтдаг. Эдгээр систем нь цэргүүд аюултай бүсэд нэвтрэхээс өмнө газар нутгийг тандах, мина болон бусад болзошгүй аюулыг илрүүлэх зорилготой юм.Гэвч хоёр Солонгосыг тусгаарладаг хилийн цэрэггүй бүс нь хүнгүй систем ажиллуулахад онцгой сорилт учруулдаг. Тухайлбал, техникийн саатал гарч, робот эсвэл дрон санамсаргүйгээр хилийн шугам давсан тохиолдолд хоёр талын хооронд хурцадмал байдал үүсэж, цаашлаад мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй юм.