Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ноос хүмүүжигчдийн дунд жил бүр зохион байгуулдаг шатрын дэлхийн аварга шалгаруулах цахим тэмцээний зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.
Энэхүү тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг хүрэл медаль хүртсэн байна. Монгол Улсыг төлөөлөн нийт 24 тамирчин оролцжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурван баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд нэг баг өрсөлдсөн байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, Филиппин, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Австрали зэрэг дэлхийн 57 орны 135 баг оролцож, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлджээ.
Энэхүү тэмцээн нь хорих байгууллагад ял эдэлж буй хүмүүжигчдийн оюуны хөгжил, сэтгэн бодох чадварыг дэмжихийн зэрэгцээ нийгэмшүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг онцлогтой юм.