Ардчилсан намын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Тэд 2027 оны төсвийн төсөлд тусгасан Оюу толгойн 3 их наяд төгрөгийн орлогын асуудлыг хөндөж, Засгийн газар иргэдийн нэрийн дансанд орох ёстой мөнгийг замаас нь авах гэж байна. Мөн нэг удаагийн шинжтэй, тогтворгүй орлогоор тогтвортой зарлагыг өсгөж буй хэлбэр хэмээн үзэж буйгаа мэдээлэв.
АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: 2027 оны төсвийн төслийг дагалдуулан Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай хууль гэсэн ганцхан хуудаст багтах хуулийн төсөл оруулж ирсэн. Энэ хуулиар асуудлыг үндсээр нь шийдэх гэж байна уу гэвэл үгүй. Зорилго нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын эзэмшиж буй 34 хувьд ногдох Оюу толгойн орлогыг замаас нь авах явдал юм. Засгийн газар 2 их наяд төгрөгийг татаж аваад олон жилийн өмнө яригдаж байсан ч санхүүжилтээ алдсан төслүүдийг санхүүжүүлэхээр зорьж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар гурван төрлийн төрөлжсөн сан байдаг. Энэ хуулийн дагуу Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг Хуримтлалын санд бичигдэнэ. Улмаар Монголбанкан дахь иргэний нэрийн дансанд бичигдэх зохицуулалттай. Нэг иргэний нэрийн дансанд 830–850 мянга орчим төгрөг ногдохоор байна. Энэ мөнгө иргэдийн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтийн дэмжлэгт зарцуулагдах ёстой. Засгийн газар өчигдөр ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар E-Mongolia-аар санал авч эхэллээ. Бид үүнийг дүр эсгэсэн үйлдэл гэж үзэж байна. Нийгмийн болон дэд бүтцийн томоохон төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан гурав дахь сан буюу Хөгжлийн сангаар санхүүжүүлж шийдвэрлэх ёстой. Хөгжлийн сан нь тухайн жилийн төсөв ашигтай гарсан тохиолдолд, уул уурхайн орлогоос бүрдсэн ашгийн 50 хувиар санхүүждэг. Гэтэл эрх баригчид төсвийг алдагдалтай ажиллуулах замаар Хөгжлийн санг амилуулахгүй байна. Нөгөө талаар иргэдийн нэрийн дансанд орох хуримтлалын сангийн эх үүсвэрээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байгаа нь буруу.