Уг нь багш, эмч нарын нэмэгдсэн цалинг энэ сараас эхлэн олгох мөнгөгүй учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Гэтэл ээлжит бус чуулган нээлтээ хийгээд л эрх баригч нам улс төрөө эхлүүлэв. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсвийн тодотголоор тавьсан 3.5 тэрбум төгрөгөөс эхэлсэн улс төр өнөөдрөөс УИХ-ын байнгын хороодын ирц бүрдэхгүйд хүргэлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын 38:30 гэсэн хуваагдал байхгүй болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших горилогч нар дээрээ хуваагджээ. 50 хүрсэн буюу Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго давсан МАН-ын гишүүн бүхэнд Ерөнхийлөгч болох нууцхан хүсэл, амбиц бий. Нөгөө талдаа эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авна гэдэг амаргүй даваа. Мөнгөтэй, нөлөөтэй, эрх мэдэлтэй, багтай улстөрчид намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын тулд дайсантайгаа ч эвсэхэд бэлэн байна. Түүнчлэн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй бол ялах магадлал өндөр. Гэхдээ горилогчид нь бүгд шахуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийнхан байгаа нь гачлантай.
Тухайлбал, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших амбицаа ил тод илэрхийлэн горилж байгаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдохдоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн тохироо хийсэн гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэхдээ тэрээр УИХ-ын даргын зөөлөн сэнтийд залармагцаа хэлсэн үгнээсээ буцаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж бүр нутаг усаараа яриад битүүхэн бэлтгээд эхэлсэн тухай яриа саарал ордонд жиг жуг яваад эхэлсэн. Гэхдээ тэрээр баруун зүгийн томоохон тендерүүдийг “хамдаг” гэдгээрээ алдартай. Тухайлбал, С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд байхдаа “Алтай трест” компанийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байдаг. Гэвч 2020 онд уг концессын төсөвт өртгийг 81.8 тэрбум болгон нэмэгдүүлэн батлуулсан. Ингэснээр С.Бямбацогт гишүүн концессоор 2019 онд 37.2 тэрбумыг авч, 2020 онд 30.2 тэрбум төгрөгийг дахин төсөвлүүлсэн гэсэн мэдээлэл гарч байсан юм.