Уул уурхайн компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг үе үеийн Засгийн газар ярьдаг ч ажил хэрэг болсон нь үгүй. 2018–2020 онуудад “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн хувьцааг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржид IPO (анхдагч зах зээлийн нээлттэй арилжаа) хэлбэрээр гаргах бэлтгэл ажлыг удирдаж байсан. Гэвч улс төрийн шалтгаанаас IPO гаргах УИХ-ын тогтоол хэрэгжиж чадаагүй. Хамгийн сүүлд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Н.Цэрэнсамбуу IPO гаргах бэлтгэл ажил хангагдсан гэсэн мэдээлэл өгч байсан ч дахиад л ажил хэрэг болж чадаагүй.
Гацаадаг шалтгаан нь төрийн өмчит компаниуд тэр дундаа уул уурхайн компаниуд эрх баригч намын шахааны хүмүүс томилогддог, сонгуулийн мөнгө босгодог хэрэгсэл байж ирсэн. Хэрвээ томоохон уул уурхайн компаниудад IPO гаргавал хувьцаа эзэмшигчид нэмэгдэж, компанийн засаглал эрх баригч намын хяналтаас гарч, хяналт сайжирна. Энэ утгаараа олон жил IPO гаргах асуудал яригдсан ч ажил хэрэг болж чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл энэ намар төрийн өмчийн уул уурхайн компаниудаас боломжтойг нь судалж, тодорхой хувийг нь хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Хамгийн эхэнд “Эрдэнэт үйлдвэр” дээр IPO гаргах боломжтой байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” компанид ирэх жилийн хагаст бэлтгэл ажлыг хангаж дуусна гэдгийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай хэллээ.
Тэрээр “Гаднын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтраад дотоодын төрийн өмчит компанийн зарим хувьцааг багцлаад хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил энэ намрын гол ажил болно. Гаднын мэргэжлийн засаглалаар төрийн өмчит компаниудын тодорхой хувийг багцлаад хөрөнгө босгоно. Ингэснээр хувьцааг нь гаргаж байгаа компаниудын засаглал, хяналт сайжирна.