Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

COP17-ын үеэр Нарантуул, Дүнжингаравын авто зогсоол ажиллахгүй, тус чиглэлд хувийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй

COP17-ын үеэр Нарантуул, Дүнжингаравын авто зогсоол ажиллахгүй, тус чиглэлд хувийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй
Нийтэлсэн 4 минутын өмнө
Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болохтой холбогдуулан 2026 оны наймдугаар сарын 15-нас есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажлын өдөр 07:00-21:00 цагийн хооронд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжихээр болсон. Тэгш тоотой өдөр тэгш дугаараар төгсөн, сондгой тоотой өдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Гэхдээ хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр болох есдүгээр сарын 1-нд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх тээврийн хэрэгсэл хэвийн зорчино.
Дараах ангиллын тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой дугаарын зохицуулалтад хамрагдахгүй. Үүнд:
  • Цахилгаан буюу ногоон улсын дугаартай автомашин
  • Түгээлтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэгийн автобус
  • Такси үйлчилгээний автомашин
  • Хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
  • Зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгсэл
  • Оршуулгын үйлчилгээний тээврийн хэрэгсэл
* Нийслэлийн тусгай зориулалтын үйлчилгээний автомашин
* Жуулчны тээврийн хэрэгсэл
COP17 бага хурал 12 өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээнд болох учраас тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тодорхой арга хэмжээг авахаар болжээ. Тус бүсэд байрлах томоохон захуудыг хаахгүй ч гэлээ том захуудын авто зогсоолыг бүрэн хаахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа: COP17 олон улсын хурлыг зохион байгуулахтай холбогдуулан наймдугаар сарын 17-28-ны хооронд Шинэ 100 айл, Дүнжингарав, Нарантуул худалдааны төв орчмын хувийн автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авч, тухайн чиглэлд явах нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж, богино эргэлтийн автобуснуудыг ажиллуулахаар бэлтгэсэн.
Энэ хугацаанд Шинэ 100 айл, Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн авто зогсоолуудыг бүрэн хаахаас гадна Нарны зам болон ойр орчмын зарим гудамж, авто зогсоолын хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно. Тодруулбал, Нарантуул худалдааны төвөөс Өгөөмөр захын уулзвар хүртэл, мөн Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Зүүн Жанжингийн зам хүртэлх хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгай зохицуулалтаар нэвтрүүлнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, үйлчилгээний автомашин болон тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслүүд дээрх бүсэд нэвтрэх боломжтой хэвээр байна.
Түүнчлэн хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэдийн автомашиныг урьдчилан бүртгэлд хамруулж, хөдөлгөөнд саадгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн