Түлш, шатахууны үнэ өсөх, хомсдол үүсэх асуудал Монголд бараг жил бүр давтагддаг. Энэ жил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан асуудал бүр ч хүндэрч, өмнө нь өндөр үнээр ч болов олддог байсан бензин тасалдах хэмжээнд хүрлээ. Жолооч нар шатахуун түгээх станцын гадаа хонож өнжин дугаарлаж, хоёр хоногт нэг удаа 50 мянган төгрөгийн хязгаартайгаар шатахуун авч байна. Энэ асуудлыг богино хугацаанд шийдэхийн тулд шатахууны нөөцийн агуулахыг нэмэх, урт хугацаанд дотооддоо газрын тос боловсруулж, түүхий эдийн хангамжаа бүрдүүлэхээс өөр гарцгүй. Төрөөс нөөцийн саваа нэмнэ, газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна, хайгуулыг эрчимжүүлнэ гэж олон жил ярьсан ч бодит ахиц гарсан зүйл алга.
Өчигдөр /2026.08.05/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр олон жил гацсан байсан газрын тосны хайгуулын ажил эрчимжиж, ойрын хоёр жилд гурван сарын хэрэглээний стратегийн нөөц хадгалах хүчин чадалтай агуулах ашиглалтад орох төлөвтэй байна. Мөн олон жилийн турш хүлээлт үүсгэсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт дахин эрчимжжээ.
Түүний мэдээлснээр санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан бараг бүрэн зогсоод байсан нефть боловсруулах үйлдвэрийн ажил гацаанаас гарсан байна. Гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хууль батлагдсанаар жил бүрийн хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг цуцалж, том оврын нэрэлтийн тоног төхөөрөмжүүдийг татан авч эхэлжээ. Одоогийн төлөвлөгөөний дагуу үйлдвэр 2028 онд ашиглалтад орох юм.
Гэхдээ үйлдвэр баригдлаа ч боловсруулах түүхий эд хангалтгүй бол бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй. Монгол Улс жилдээ ойролцоогоор гурван сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг ч дотоодын олборлолт энэ хэрэгцээг хангах хэмжээнд хүрэхгүй. Бид жилийн хэрэгцээнийхээ дөнгөж 13.3 хувь буюу 400 мянган тонныг л олборлож байгаа. Тиймээс газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, баталгаат нөөцөө нэмэгдүүлэх нь боловсруулах үйлдвэртэй болохтой адил чухал асуудал юм.
Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуулд хөрөнгө оруулагч татахад хүндрэл учруулж байсан гол шалтгаануудын нэг нь 1990-ээд оны эхээр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнээс үүдэлтэй татварын маргаан байлаа. Петрочайна Дачин Тамсаг болон Доншен компанитай холбоотой 850 тэрбум төгрөгийн татварын маргаан 30 орчим жил үргэлжилсний эцэст шийдвэрлэгдсэнийг салбарын сайд мэдээлэв. Ингэснээр тус компани цаашид Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах боломж бүрдэхээр байгаа аж.Үүнээс гадна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам газрын тосны хайгуулын 14 талбайд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна. Хэрэв шинэ хөрөнгө оруулалт орж ирж, хайгуулын ажил эрчимжвэл дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Гэхдээ энэ бүх амлалт бодит үр дүнд хүрэх эсэх нь хэрэгжилтээс шалтгаална. Учир нь газрын тосны үйлдвэр, стратегийн нөөц, хайгуулын асуудлыг Монгол Улс олон жилийн турш ярьсан ч бодит ахиц удааширсаар ирсэн.Олон жил ярьсан төслүүд энэ удаа хөдөлж эхэлсэн ч үр дүн нь хоёр жилийн дараа л бодитоор харагдахаар байна. Тэр хүртэл импортын хамааралтай хэвээр байх бөгөөд жил бүр давтагддаг хомсдол, үнийн савлагааг мэдэрсээр л байх юм.