АНУ өнөөдрөөс аялал жуулчны болон бизнесийн B-1/B-2 виз мэдүүлэгчдээс тодорхой нөхцөлд мөнгөн барьцаа шаардах "Visa Bond Program"-аа байнгын журам болгон хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард визний бондын жагсаалтад 50 улсыг багтааж, 5000-15000 ам.доллар байршуулж виз мэдүүлэх түр журам хэрэгжүүлж эхэлсэн билээ. АНУ-ын визний бондын жагсаалтад багтсан 50 улсын нэг нь Монгол Улс бөгөөд өнөөдрөөс хэрэгжих байнгын журамд хэвээр үлдэж байна.
АНУ өмнө нь энэхүү хөтөлбөрийг туршилтын журмаар хэрэгжүүлэхдээ 5,000, 10,000, 15,000 ам.долларын бондын сонголттой байсан. Харин өнөөдрөөс хэрэгжиж байгаа байнгын журмаар 5,000 ам.долларын ангиллыг хасаж, хамгийн дээд хэмжээг 20,000 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Бонд нь татвар, хураамж биш бөгөөд виз эзэмшигч АНУ-д байх хугацаандаа визийн бүх нөхцөлийг мөрдөж, хугацаандаа эх орондоо буцсан тохиолдолд буцаан олгогдох мөнгөн барьцаа юм. Харин визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтэрсэн тохиолдолд уг мөнгийг улсын орлого болгох боломжтой.
Монголын бүх иргэн АНУ-ын виз мэдүүлэхдээ заавал 20 мянган ам.долларын барьцаа төлнө гэж ойлгох нь өрөөсгөл юм. B-1/B-2 визний ангилалд хамаарах иргэдийн визний өргөдлийг хянан шийдвэрлэж буй консулын ажилтан тухайн иргэнийг визийн хугацааг хэтрүүлэн оршин суух эрсдэлтэй гэж үзвэл виз олгохын өмнө бонд байршуулахыг шаардах эрхтэй болж байгаа юм.
Визний бондын байнгын шинэ журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүний эрх, цагаачлалын чиглэлээр ажилладаг байгууллагууд шүүмжлэл илэрхийлсээр байна. Тэдний үзэж буйгаар олон мянган ам.долларын бонд нь хууль ёсны зорилгоор зорчих иргэдэд санхүүгийн томоохон дарамт учруулж, аялал жуулчлал, гэр бүлийн уулзалт, бизнесийн айлчлал зэрэгт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Харин АНУ-ын Засгийн газар энэхүү бодлого нь зөвхөн эрсдэл өндөртэй гэж үнэлэгдсэн өргөдөл гаргагчдад хэрэгжих бөгөөд визийн нөхцөл зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэж тайлбарлаж байна.
Түүнчлэн, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсыг визний бонд байршуулах орнуудын жагсаалтаас гаргаж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа АНУ нааштай хүлээж авсангүй.