Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Япон, Америк хамтран иений ханшийг хамгаалах интервенц хийснээ батлав

Япон, Америк хамтран иений ханшийг хамгаалах интервенц хийснээ батлав
Нийтэлсэн 8 минутын өмнө
Япон болон АНУ өнгөрсөн долоо хоногт ам.долларын эсрэг иенийн ханш хэт сулрасныг тогтворжуулах зорилгоор хамтарсан валютын интервенц хийснээ даваа гарагт албан ёсоор мэдэгдэж, шаардлагатай бол дахин интервенц хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-тай хамтарсан интервенц нь Япон дангаараа хэрэгжүүлснээс илүү үр дүнтэй бөгөөд нөлөө нь илүү удаан үргэлжлэх боломжтой аж. Учир нь Японы интервенц хийх санхүүгийн боломж хязгаарлагдмал байдаг бол АНУ өөрийн валютаар санхүүжилт хийх чадвартай тул зах зээлд илүү хүчтэй нөлөөлж чадна.
Мөн энэ алхам нь АНУ-ын ашиг сонирхолд ч нийцэж байгаа юм. Иенийн ханш хэт сулрах нь Японы экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, АНУ-ын худалдааны алдагдлыг өсгөх эрсдэлтэй. Нөгөө талаар Япон иенээ хамгаалахын тулд АНУ-ын Засгийн газрын бондыг их хэмжээгээр худалдах шаардлага үүсвэл АНУ-ын урт хугацааны хүү өсөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Японы Судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Соичиро Татэйши "АНУ хамтран оролцсоноор зах зээл дахин интервенц хийх эрсдэлийг илүү тооцох болно. Иен цаашид сулрах төлөв хэвээр байгаа ч өмнөхөөсөө илүү удаан хурдаар сулрах магадлалтай" гэжээ.
Өнгөрсөн пүрэв гарагийн орой иенийн ханш нэг цагийн дотор ам.доллар тутамд 162.80 иенээс 157 иен хүртэл огцом чангарсан нь интервенц болсон гэх хүлээлтийг төрүүлсэн юм. Даваа гараг гэхэд ханш түр хугацаанд 155 иенд хүрч чангарсан байна.
Энэ нь 2011 оны Зүүн Японы их газар хөдлөлтийн дараах АНУ, Японы анхны хамтарсан валютын интервенц бөгөөд иен худалдан авч, ам.доллар худалдах чиглэлээр хийсэн анхны хамтарсан ажиллагаа нь 1998 оны Азийн санхүүгийн хямралаас хойших анхны тохиолдол болж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн