Харвардын их сургуулийн үүдэл эсийн биологичид үр хөврөлийн үед идэвхтэй байдаг ч төрсний дараа унтардаг арьсны нөхөн төлжих механизмыг дахин идэвхжүүлснээр шархыг сорвигүй эдгээх боломжтойг харуулсан шинэ судалгааны үр дүнгээ танилцуулжээ.
Cell сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг хулганад хийсэн бөгөөд ирээдүйд хүний арьсны шархыг сорвигүй эдгээх шинэ төрлийн эмчилгээ боловсруулах үндэс болох боломжтой гэж үзэж байна.
Судалгааны ахлах зохиогч, Харвардын Үүдэл эсийн хүрээлэнгийн профессор Я-Чие Хсү ""Үндсэндээ бид үр хөврөл шархаа хэрхэн төгс эдгээдгийг судалсны үр дүнд шархны эдгэрэлтийг мэдэгдэхүйц сайжруулах аргыг оллоо. Өмнө нь шарх эдгэрэхэд арьсны ихэнх эс дахин төлжиж чадалгүй сорви үлддэг байсан бол одоо олон төрлийн эсийг дахин төлжүүлж, сорви үүсэхээс сэргийлэх боломжийг олж нээсэн гэж бодож байна" гэжээ.
Төрсний дараа нөхөн төлжих чадвар огцом буурдаг
Арьсыг өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай эрхтэн гэж үздэг ч бодит байдал дээр энэ үйл явц бүрэн төгс биш байдаг. Шарх үүсэхэд эпидермисийн үүдэл эсүүд арьсны гадаргууг нөхөн хаадаг бол фибробласт эсүүд өтгөн коллаген үүсгэн сорви бий болгодог.
Гэвч арьс зөвхөн эдгээр эсээс бүрдэхгүй. Үсний уутанцар, цус болон тунгалгийн судас, хөлсний булчирхай, өнгө үүсгэгч эс, дархлааны эс, өөхөн эс, мэдрэлийн эс зэрэг 10-50 орчим төрлийн эсийг агуулдаг. Шарх эдгэрсний дараа эдгээр эсийн ихэнх нь дахин төлжиж чаддаггүй тул сорвитой хэсгийн бүтэц хэвийн арьснаас үндсэндээ өөр хэвээр үлддэг байна.
Харин үр хөврөлийн арьс гэмтсэн хэсгийнхээ бүх төрлийн эсийг бүрэн нөхөн төлжүүлдэг байна. Судлаачид энэ чадвар төрөхөөс гурван хоногийн өмнөөс төрсний дараах тав хоногийн хооронд буюу ердөө найман хоногийн дотор бараг алга болдгийг тогтоожээ.
Гол саад нь мэдрэлийн хэт өсөлт
Судалгааны тэргүүлэх зохиогч Ханна Там таван жилийн турш хулганы үр хөврөл болон төрсний дараах үеийн хулганад бичил мэс засал хийж, арьсны нөхөн төлжилтийг харьцуулан судалжээ.
Судалгаагаар төрсний дараах шархны хэсэгт мэдрэлийн ширхэг хэт олширдог нь арьсны нөхөн төлжилтийг саатуулдаг болохыг тогтоосон байна. Үүний шалтгаан нь Cxcl12 ген идэвхжиж, хэт олон мэдрэлийг шархны хэсэгт татдагтай холбоотой аж.
Харин уг генийг дарангуйлж, эсвэл мэдрэлийн дохиоллыг ботулины токсин А (Botox)-оор хориглоход арьсны олон төрлийн эс дахин хэвийн ургаж эхэлжээ.
Судлаачид эхэндээ нөхөн төлжилтийг сайжруулах шинэ хүчин зүйл хайж байсан ч үнэндээ нөхөн төлжилтийг саатуулдаг "тоормос"-ыг арилгах нь хангалттай болохыг олж мэдсэн байна.
Профессор Хсү "Энэ нь хүний шархны эдгэрэлтийг сайжруулах эмчилгээ боловсруулахад бодит боломж нээж байна" хэмээн онцолжээ.