Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Б.Найдалаа: ОХУ эрчим хүч нийлүүлж чадахгүй байдалд орчихвол бид нөөц төлөвлөгөөтэй байх ёстой

Б.Найдалаа: ОХУ эрчим хүч нийлүүлж чадахгүй байдалд орчихвол бид нөөц төлөвлөгөөтэй байх ёстой
Нийтэлсэн 4 минутын өмнө
Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Удахгүй өвөл боллоо, эрчим хүчний салбар бэлэн үү. Цахилгаан, дулааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахаар байна уу?
-Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдалд орсон. Бидний хэрэглэж байгаа цахилгаан, дулааны хэрэглээ үйлдвэрлэж чадаж байгаагаасаа давсан гэсэн үг. Тултал нь үйлдвэрлэсэн ч хэрэглээгээ гүйцэхгүй байна. Дутагдал байгаа учраас цахилгаан эрчим хүчний хэрэглээний тавны нэгийг буюу 22 орчим хувийг экспортолж байна. Богино хугацаандаа энэхүү дутагдаж байгаа эх үүсвэрийг импортлохоос өөр аргагүй. Энэ жил гэхэд импортлоод, импортлоод дутагдал гарах магадлалтай. Хятадаас эрчим хүч импортлох ил хуваарилах байгууламжийг өнөөдөр Оюу толгой компанитай хамтран нээлээ. Гэсэн ч дутагдал гарах эрсдэл бий. Учир нь, эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар нэмэгдэж байна. Шинээр олон арван байр ашиглалтад орж, иргэдийн хэрэглээ, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж байна. Богино хугацаанд буюу ирэх өвлөөс өмнө том хэмжээний цахилгаан станц бариад ашиглалтад оруулж чадахгүй. Өнөөдөр байдал бол олон жил эх үүсвэрээ бариагүй явж ирсэн бодлогын алдааны үр дагавар. Гэхдээ одоо үүнийг шүүх цаг биш. Гол нь өвөлдөө бэлдэх ёстой. Ирэх өвлийн ачааллыг хангахад үндсэн хоёр эх үүсвэр шинээр ашиглахаар хүлээгдэж  байна. Нэг нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 70 МВт-ын хүчин чадалтай дулаан цахилгааны станц 2026 оны аравдугаар сард ашиглалтад орно. Нөгөө нь, БНХАУ-аас 80 МВт хүчин чадалтай эрчим хүч импортлох ил хуваарилах байгууламж юм. Энэ дэд бүтцийг ашиглалтад оруулж, горим тохируулгыг бүрэн хийж дуусгаж, ашиглалтад орууллаа. Үндсэндээ эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлийг хангах хоёр том ажлыг нугалж байна. Хэрэгцээ гарвал урд хөршөөс 80 МВт хүртэл цахилгаа авах боломжтой болсон. Энэ хэмжээгээр цахилгаан хязгаарлах эрсдэл багасна.
Цаашдаа таван аймагт зарласан сэргээгдэх эрчим хүчний төсөл, батарей хураагуурын төслийг ашиглалтад оруулж эрчим хүчний салбарын найдвартай бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Урт хугацаанд хийгдээгүй ажлыг богино хугацаанд хийх боломжгүй учраас эрчим хүч хязгаарлах эрсдэл байсаар байгааг сануулъя. Гол нь ийм нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө байгаа нөөц боломжоо нэмэгдүүлж, засвар үйлчилгээ техникийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Иргэд аж ахуйн нэгжүүддээ ч хэрэглээгээ зөв зохистой тааруулах талаар зөвлөмж, мэдээллийг байнга өгч, хамтарч ажиллана.
-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн блок хэзээ ашиглалтад орох вэ?
-Одоогоор 300 МВт-ын хүчин чадлаар ажиллаж байгаа. 2027 оны долдугаар сард эхний 150 МВт, тухайн оныхоо 10, 11 дүгээр сард хоёр дахь 150 МВт-ыг ашиглалтад орно. Ингэснээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2027-2028 оны өвлийн ид ачааллын үед 600 МВт хүчин чадалтай болж өргөжинө. Энэ үед Монгол Улсын эрчим хүчний дутагдал эрс багасна.
Өнөөдөр бензин шатахуун хомсдож хүнд байна. Энэ нь Монголоос 100 хувь шалтгаалсан гэхээс илүүтэй олон улсын нөхцөл байдал, дэлхийн давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хомсдож байна. Үүнтэй адил бид жилд багадаа 300 МВт эрчим хүч ОХУ-аас авдаг, энэ өвөл ч авахаар төлөвлөж байна. Гэхдээ олон улсын байдлыг харахад, ОХУ тухайн хэмжээгээр нийлүүлж чадах уу, бензин шатахуун шиг ямар нэгэн эрсдэл гарах вий гэдгээс болгоомжилж нөөц төлөвлөгөө хийж байна. Өөрөөр хэлбэл, 2027 оны өвөл урд өмнөх өвлөөс ч хүнд өвөл болно. Тиймээс нөхцөл байдлаа үнэлж бэлтгэлээ шаргуу хийж, шинээр орох нөөц, эх үүсвэрээ цагт нь ашиглалтад оруулах, ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд цочихгүйгээр хувилбартай, нөөц төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Энэ чиглэлд манай баг ажиллаж байна, удахгүй Засгийн газарт танилцуулж мэдээлэл өгнө.
-Тавантолгойн дулааны цахилгаан станц барих ажил зогсчихсон уу?
-Зогсоогүй. Татантолгойн цахилгаан станц барих ажлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар барихаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд бэлтгэл ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна эрчим нь хүч нь байвал говийн бүсэд Оюу толгой, бусад уул уурхайн төслүүд,нээгдээгүй ч нээгдэхэд бэлэн олон төсөл байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлбэл говий бүсэд нийгэм, эдийн засгийн идэвхжих боломж байна. Энэ бүгдийг харгалзаж говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний өрсөлдөөнт нээлттэй сонгон шалгаруулалт аукционыг зарлаж байна. Оюу толгой эрчим хүчээ 100 хувь Өвөр Монголоос импортолж байна. Үүнийг дагаад маш их хэмжээний орлого гадагшилж, боломжоо алдаж байна Тиймээс богино хугацаанд энэ хэрэглээг нөхөх, цаашдаа гадаад улсаас хараат байгаа байдлыг багасгах ёстой. Энэ хүрээнд Сэргээгдэх эрчим хүч, нүүрс, метан зэрэг боломжтой бүх л төслийг явуулах ёстой. Эрчим хүчний нөөц баялаг ихтэй Монгол Улс эрчим хүчний дутагдалд байх ёсгүй, энэ байдлаасаа үтэр түргэн гарах ёстой. Ялангуяа Улаанбаатар хотод ТЭЦ-V-аас гадна ТЭЦ-VI баригдах ёстой. Үйлдвэр үйлчилгээ тэлц байгаатай холбоотой дулаан, цахилгааны хэрэгцээ маш их нэмэгдэж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн