Open iToim app
Спорт | 2 мин уншина

Их Британийн тусгай хүчний ангиас дэлхийн уулчдын домог болсон Нирмал Пуржа

Их Британийн тусгай хүчний ангиас дэлхийн уулчдын домог болсон Нирмал Пуржа
Нийтэлсэн 0 минутын өмнө
Пакистаны Броуд Пик ууланд болсон цасан нурангийн улмаас амиа алдсан Балбын алдарт уулчин Нирмал “Нимсдай” Пуржа нь дэлхийн уулын спортын түүхэнд хамгийн том мөрөө үлдээсэн хүмүүсийн нэг байлаа. Түүний амьдрал ядуу тосгоноос эхэлж, Их Британийн армийн элит тусгай хүчний ангид хүрч, улмаар дэлхийн хамгийн өндөр оргилуудад гарсан түүхээ хүн төрөлхтөнд үлдээгээд тэр буцлаа.
1983 онд Балбын баруун нутгийн жижигхэн тосгонд төрсөн Пуржа Гурка цэргийн гэр бүлд өссөн бөгөөд бага насандаа санхүүгийн хүнд нөхцөлд амьдарч байв. Гэсэн ч тэрээр 2003 онд Их Британийн армийн Гуркагийн бригадад элсэж, зургаан жилийн дараа Хатан хааны тэнгисийн цэргийн тусгай ажиллагааны ангид тэнцсэн анхны Гурка цэрэг болсон юм.
2018 онд цэргийн албыг орхисныхоо дараа тэрээр уулын спортод үлдсэн амьдралаа зориулсан бөгөөд 2019 онд хэрэгжүүлсэн Project Possible төслөөрөө дэлхий дахиныг гайхшруулсан. Тэрээр дэлхийн 8000 метрээс өндөр 14 оргилд ердөө 189 хоногийн дотор гарч, өмнөх дээд амжилтыг долоон жилээр ахиулсан билээ.
Үүгээр зогсохгүй Пуржа 2021 онд дэлхийн хоёр дахь өндөр оргил К2-т өвлийн улиралд хүн төрөлхтний түүхэнд анх удаа амжилттай авирсан багийг ахалсан. Мөн олон арван өндөр уулын аврах ажиллагааг удирдан, эрсдэлтэй нөхцөлд гацсан уулчдын амийг аварснаараа хүндлэгддэг нэгэн байв.
Тэрээр зөвхөн дээд амжилт тогтоохыг зорьдоггүй байсан бөгөөд Балбын уулын бүс нутгийн иргэдийг дэмжих зорилгоор Nimsdai Foundation санг байгуулж, боловсрол, байгаль хамгаалал, уулын хог хаягдлыг цэвэрлэх зэрэг олон төсөл хэрэгжүүлжээ. Мөн түүний амжилтын тухай өгүүлсэн “14 Peaks: Nothing Is Impossible” баримтат кино дэлхий даяар олон сая хүнд хүрсэн юм.
Харамсалтай нь, 2026 оны долдугаар сарын сүүлээр Пакистаны Броуд Пик ууланд гарсан хүчтэй цасан нурангийн үеэр Нирмал Пуржа болон түүний удирдсан экспедицийн хэд хэдэн гишүүн амиа алдсан болохыг албан ёсоор баталгаажуулсан. Түүний үхэл дэлхийн уулын спортын салбарт нөхөж баршгүй гарз болж, Их Британийн ханхүү Уильям, алдарт адал явдал судлаач Беар Гриллс болон олон улсын уулчид эмгэнэл илэрхийлсэн байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн