Open iToim app
Сурвалжилга:  Эрчим хүчний салбарт өвлийн оргил ачааллын үед шинэ эх үүсвэр дамжуулах гарц нээлээ
Эдийн засаг | 4 мин уншина

Сурвалжилга: Эрчим хүчний салбарт өвлийн оргил ачааллын үед шинэ эх үүсвэр дамжуулах гарц нээлээ

Нийтэлсэн 16 минутын өмнө
Монгол Улс өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед ОХУ-аас 320 МВт эрчим хүч импортоор авсан ч дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадаагүй, цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ өвөл ч оргил ачааллын үед эрчим хүч хязгаарлах бодит эрсдэл бий. Товчхондоо, манай улсын үйлдвэрлэж байгаа цахилгаан, дулааны эх үүсвэр хэрэглээгээ гүйцэхгүй байгаа. Энэ нөхцөл байдал ойрын жилүүдэд ч үргэлжилнэ. Учир нь, том хэмжээний эх үүсвэр ашиглалтад ороход хугацаа шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл өдөр, цаг, минутаар өссөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эх үүсвэрийг зөв хуваарилах, олон эх үүсвэртэй болох чиглэлд өнөөдөр шинэ гарц нээгдэв. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Оюу толгойн уурхайн дэргэд 220 кВ “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орж, жилд БНХАУ-аас 80 МВт хүртэл чадлыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдлээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Оюу толгой” компанийн санхүүжилтээр үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер техникийн ажилтнуудын оролцоотойгоор хийж гүйцэтгэжээ. Энэхүү цахилгаан ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Монгол Улс Хятадын эрчим хүчний системтэй анх удаа холбогдсон шинэ түүх эхэлж байна.
quote photo
Монгол Улсын эрчим хүчний систем өмнөд хөрштэйгөө харилцах том цонх нээгдлээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор өвлийн оргил ачааллын үед БНХАУ-аас 80 МВт хүртэл хүчин чадалтай цахилгаан эрчим хүчийг импортлох боломж нээгдэж байна. Түүхэндээ анх удаагаа БНХАУ-тай Монгол Улсын эрчим хүчний систем холбогдож байна. Эрчим хүчний систем найдвартай байхын тулд олон сувгаас тэжээгдэж, шугам хоолой нь найдвартай байх ёстой. Энэ талаасаа “Зэс-Оюу” дэд станц өндөр ач холбогдолтой юм байгууламж юм. Зүгээр нэг эрчим хүч хуваарилах байгууламж биш, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эрчим хүчний систем өмнөд хөрштэйгөө харилцах том цонх нээгдлээ.
Монгол Улс өнөөдөр чадлын дутагдалд байгаа нь үнэн. Жил бүр цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг гаднаас импортолдог. Энэ жил том хэмжээний хоёр эх үүсвэр хүлээгдэж байгаагийн нэг нь “Зэс-Оюу” дэд станц, нөгөө нь Сэлэнгэ аймагт баригдаж 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц юм. Сэлэнгийн станц аравдугаар сард ашиглалтад орох төлөвтэй байна. Өнөөдөр ийнхүү БНХАУ-аас 80 МВт эрчим хүч импортлох шинэ гарц нээгдсэнээр ирэх өвөл цахилгаан хязгаарлах эрсдэл багасна.
quote photo
Монголын Эрчим хүчний салбар сонголттой болж, найдвартай байдал сайжирч байна.
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Эрчим хүчний хомсдолтой, геополитикийн онцгой нөхцөлд байгаа энэ үед Монгол Улсын төвийн эрчим хүчний систем хоёр талын гарц, орцтой уян хатан байх шаардлагатай. Энэ байгууламжийг бий болгосноор олон талын эх үүсвэртэй, найдвартай байдал сайжирч байна. Оргил ачааллын үед, эрчим хүч хомсдолтой үед Өвөр Монголын Өөртөө Засах орноос эрчим хүч импортлох боломжтой. Өнөөгийн нөхцөлд олон сонголттой байх нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой.
Аль аль талдаа ашигтай хамтын ажиллагаа, шинэ боломж бий болгосон хувьцаа эзэмшигчдэдээ, нийт хамт олондоо талархмаар байна. Энэхүү ил хуваарилах байгууламж нь энгийнээр тайлбарлавал, 300 МВт-ын хүчин чадалтай хоёр хэлхээтэй дамжуулах шугам бөгөөд энэ шугамаа хувааж ашиглана гэсэн үг. 220 МВт-ыг нь Оюу толгой өөрөө ашиглаж, 80 МВт-ыг нь оргил ачааллын үед төвийн эрчим хүчний системд ашиглана.
10 аймгийг эрчим хүчээр хангах шинэ гарцтай боллоо. Экспортлогч орон болоход энэ гарц чухал ач холбогдолтой
undefined
Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ч.Амарсанаа: “Зэс-Оюу” дэд станц ашиглалтад орсноор Өвөр Монголын буюу Хятадын эрчим  хүчний систем, Монгол Улсын эрчим хүчний систем хоорондоо зэрэгцэн ажиллах нөхцөл бүрдэнэ гэж ойлгох ёстой. Энэ станцын зураг төсөл, горим, техникийн харилцан ажиллагаа зэрэг бүх асуудал дээр Диспетчерийн үндэсний төв оролцож ажилласан.
Энэ жил гол станцууд дээр ямар нэгэн доголдол гарахгүй бол өвлийн их ачаалал 1956 МВт хүрнэ. Үүнээс 1800 МВт орчмыг дотоодын үйлдвэрлэлээр, дутагдаж байгаа эх үүсвэрийг “Зэс-Оюу” ил хуваарилах шугамаар 80 МВт хүртэл авах, мөн Сэлэнгэд баригдаж байгаа дулааны цахилгаан станцаас 70 МВт чадал авна. Дээр нь таван цэгт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барихаар болсон. Эдгээр ашиглалтад орвол өвлийн оргил ачааллыг ямар нэгэн хязгаарлалтгүй давах боломжтой.
“Зэс-Оюу” ил хуваарилах байгуулах шугамаар Тавантолгой хүртэлх 80 МВт-ын их ачааллыг хуваалцана гэж тооцож байна. Энэ нь ойролцоогоор 10 аймгийн эрчим хүчний хэрэглээтэй тэнцэнэ. Есдүгээр сарын 1-ээс Тавантолгой хүртэлх эрчим хүчний хэрэглээг тэжээх туршилтыг эхлүүлж, аравдугаар сарын 1-ээс тогтвортой эрчим хүч авах бэлтгэлийг бүрэн хангана. Нэг кВ.цаг нь 320 орчим төгрөгөөр авахаар тогтож байгаа. Оросоос нэг кВ.цаг эрчим хүчийг мөн 320 төгрөгөөр авч байгаа. Гэхдээ Оростой энергийн тарифаас гадна чадлын тариф мөрддөг. Захиалсан чадлаа бүрэн хэмжээгээр нь авахгүй бол торгуульд уначихаад байдаг. Харин Хятадаас цэвэр тоолуурын заалтаар буюу энергийн тарифаар тохиролцсон гэлээ.
2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан бөгөөд 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг “Оюу толгой” компанид гаргасан байна. Барилга угсралтын үндсэн гүйцэтгэгчээр Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК шалгарч,  хоёр жилийн хугацаанд барьж байгуулж дуусжээ.
undefined

Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн