Open iToim app
Ярилцлага | 10 мин уншина

Л.Гангэрэл: Төсөв ачааллаа дийлэхээ болилоо, нэн даруй реформ хийх хэрэгтэй

Л.Гангэрэл: Төсөв ачааллаа дийлэхээ болилоо, нэн даруй реформ хийх хэрэгтэй
Нийтэлсэн 2 минутын өмнө
Үнийн өсөлт өрхийн худалдан авах чадварыг бууруулж, төсвийн алдагдал тэлэн, төгрөгийн ханшид дарамт нэмэгдэж Монголын эдийн засагт хуримтлагдсан бодлогын сорилтууд ил болж байна. Төсвийн сахилга бат, төсөв мөнгөний бодлогын уялдаа, инфляцын хүлээлтийг хэрхэн удирдах, шатахууны импортын хараат байдлыг бууруулах гарцын талаар эдийн засагч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Гэнгэрэлтэй ярилцлаа.
-Наадмын дараагаас шатахууны үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдэж, дулаан, усны тариф ч өсөөд байна. Эдгээр үнийн өсөлт эдийн засагт болон өрхийн бодит орлогод ямар дарамт үзүүлж байна вэ?
-Мах, хүнсний ногоо, бензин, орон сууцны төрөл бүрийн халаалт, дулааны үнэ өссөн нь инфляц өсөхөд нөлөөллөө. Зургаадугаар сарын 15-наас махны үнэ буурах хүлээлттэй байсан ч буурсангүй. Тэр байтугай наадмын үеэр үхрийн махны үнэ тодорхой хэмжээгээр өслөө. Ургац хараахан гараагүй байгаа учраас ногооны үнэ ч нэмэгдээд байна. Төмс гэхэд гурван мянган төгрөгт хүрсэн байх жишээний. Юмны үнэ өсөх тусам өрхийн худалдан авах чадвар буурж өрхийн орлогод бодит нөлөө үзүүлж байна. Ялангуяа тогтмол орлоготой цалингаар амьдардаг хүмүүст сөрөг нөлөө үзүүлнэ. Хоёр  сая төгрөгийн цалинтай хүний жишээнээс харахад юмны үнэ өсөхөөр бодит худалдан авах чадвар буурна. Дэлхийн жишгээр хувийн хэвшил аж ахуй нэгжид олгож байгаа зээлийн хэмжээ иргэдэд олгож байгаа зээлийн хэмжээнээс хавь илүү байдаг. Энэ бол эдийн засаг хэвийн байгаагийн нэг үзүүлэлт. Гэтэл манайд эсрэгээрээ банкны салбарын иргэдэд олгосон  зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 55.0 орчим хувь буюу аж ахуй нэгж, хувийн хэвшилд олгож байгаа зээлээс илүү байна. Эндээс эдийн засгийн бүтэц ямархуу хэмжээнд гажсан байгааг харж болно. Иргэдийн сарын орлого хэрэглээгээ гүйцэхгүй байгаа учраас хэрэглээгээ нөхөхийн тулд зээл авч байна. Энэ бол асар сөрөг нөлөөтэй. Нөгөөтээгүүр валютын ханш чангарч 3600 гараад явчихлаа. Валютын ханш бол эдийн засгийн бодит илэрхийлэл болдог.
-Шатахууны үнэ өсөхөөр тээвэр, логистикийн зардал нэмэгдэж, бараа үйлчилгээний үнэд дарамт өгдөг. Та инфляцын ойрын төлөвийг хэрхэн харж байна вэ?
-Монголбанкнаас улирал тутам гаргадаг мөнгөний бодлогын тайлан зургаадугаар сард гарсан. Инфляц яг хэдий хэмжээгээр нэмэгдэх гэдэг дээр нарийн тоо хэлэх боломжгүй. Мөнгөний бодлогын ээлжит тайлан есдүгээр сард гарах үед статистик тоо мэдээ гарч инфляцын төлөв байдал гарах болов уу. Одоо бол нийлүүлэлтийн гаралтайгаар инфляц өсөж байна. Намар болохоор махны нийлүүлэлт өснө. Тэгэхээр цаашид махны үнэ өсдөггүй юм аа гэхэд тогтворжих байх гэсэн хүлээлттэй байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр энэ жил хүнсний ногоог боломжийн хэмжээнд тариалсан. Иймээс үнэ буурна гэж таамаглаж байгаа. Шатахуун түлшний хувьд Ойрх, Дорнодын дайн, ОХУ-ын дотоодын нөхцөл байдал гэхчлэн гадаад нөхцөл байдлаас ихээхэн хамаарч байгаа. Цаашид дэлхийн зах зээл дээр үнэ хэр өсөх, буурах уу гэдгийг хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө цаашид инфляц өсөж магадгүй байна.
-Улсын төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ алдагдлын гол шалтгаан нь юу байв.
- Оны хагас жилийн байдлаар нийт төсвийн алдагдал 2.1 их наяд буюу өнгөрсөн жилийнхээс 2.5 дахин өссөн.Энэ оны төсвийг батлахдаа багш, эмч нарын цалинг нэмсэн. Энэ нь төсвийн алдагдалд хамгийн голлох нөлөөг үзүүлсэн.Ойролцоогоор 960 орчим тэрбум төгрөгийн төсвийн нэмэлт зардал цалингийн нэмэгдлээс гарч ирж байгаа. Бусад зардал хаанаас гарч ирж байна вэ гэдэг нь Сангийн яамны төсвийн гүйцэтгэл гарч ирвэл илүү тодорхой болно. Хаврын чуулганаар 2027-2028 онд хэрэгжих зохицуулалттай Нийгмийн даатгалын хууль, Татварын тухай хууль, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Эдгээр хууль нь тодорхой хэмжээнд төсвийн орлогод нөлөө үзүүлнэ. Учир нь хуулиуд дандаа татварыг буулгах чиглэлтэй байгаа. -Инфляц зорилтот түвшнээс давсан энэ үед төсөв, мөнгөний бодлого хоорондоо хэр уялдаатай ажиллаж байна вэ?
-Эдийн засгийг төсөв, мөнгө, макро эдийн засгийн зохистой бодлого зэрэг таван үндсэн бодлогоор барьдаг.Мөнгөний бодлого тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж байгаа.Төсвийн бодлогоос эдийн засгийн бодлого асар их хамааралтай. Гэвч сүүлийн 15 жилийн турш төсвийн бодлого оновчгүй байлаа. Мөчлөг сөрсөн биш мөчлөгөө дагасан төсвийн хэт тэлэлтийн бодлого эдийн засгаа алаад байна. Төсвийн нийт зардал өнгөрсөн дөрвөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдлээ. Энэ хугацаанд манай хүн ам тэр хэмжээгээр өсөж, төрийн албан хаагчийн өссөн билүү. Бид төсвийн бодлогодоо маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Нэн ялангуяа төсвийн урсгал зардлын өсөлтийг анзаарах нь чухал. Төсвийн хөрөнгө оруулалтын оновчгүй байдал дээр жишээ авахад, өнгөрсөн хавар нийслэлийн мега төслүүд дээр сонсгол хийж хэд хэдэн мега төслийг түр зогсоож хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.Туулын хурдны зам байгуулах төслийг шүүхийн захирамж гаргаад зогсоох шийдвэр гаргалаа.  Эндээс нэгдсэн төсөв гэлтгүй нийслэл, орн нутгийн төсвийн хөрөнгө оруулалт ямар замбараагүй байгааг харж болно. Сүүлд төсвийн органик хуулиудад маш том буруу өөрчлөлт оруулсан. Жишээ нь төсвийн суурь зардал, тэнцэл гэх мэт дэлхийд байхгүй нэр томьёо ойлголтыг оруулж ирсэн. Энэ алдаануудыг засаж эргээд төсвийн тусгай шаардлага, төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж буцаад хэвэнд нь оруулахгүй бол төсвийн бодлого үнэхээр алдаатай явж байна. Төсөв болон мөнгөний бодлогын уялдааг ч сайжруулах шаардлагатай. Төсвийн төсөл барих үед мөнгөний бодлого өргөн барьдаг. Энэ дээр төсвөөс болж мөнгөний нийлүүлэлт яаж өсөж байна. Хоорондоо хэрхэн уялдах ёстой вэ гэдгийг сайн ярилцах хэрэгтэй. Мөнгөний бодлого дуулиан шуугиан багатайгаар батлагддаг. Үүний хажуугаар төсөв өндөр дүнгээр батлагддаг. Гэтэл дараа нь Мөнгөний бодлогын хурал хийхээр төсөв ийм өндөр дүнтэй байгаа юм чинь бодлогын хүүгээ өсгөнө эсвэл хэвээр байхаас өөр аргагүй гэдэг нөхцөл үүсдэг. Иймээс энэ хоорондын уялдаа холбоог сайжруулах нь маш чухал.
-Зарим нь өнөөгийн нөхцөл байдлыг гадаад зах зээлийн нөлөө гэж тайлбарлаж байна. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ. Түр зуурын хүндрэл үү, эсвэл олон жил хуримтлагдсан бодлогын алдааны үр дагавар уу?
-Одоо үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл бол олон жил үргэлжилсэн эдийн засгийн буруу бодлогын үр нөлөө. Бид маш том хямралын байдалд байна. Явж явж засаглалын асуудлаас болж ийм нөхцөлд орчихлоо. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудад дорвитой шинэчлэлт хийж хэрэгжилтийг хангах шаардлагатай. Мөн манайд хууль хүчний байгууллага, боловсрол, эдийн засгийн салбаруудад дорвитой реформын шинжтэй засаглалын өөрчлөлт хэрэгтэй. Бид боловсролтой иргэдтэй байж энэ бүх зүйлийг засна. Боловсролтой иргэдтэй байж орлоготой иргэн болно. Боловролтой иргэдтэй байвал сонгуулийн мөнгөнд хууртагдахгүйгээр үнэнчээр сонгуулиа өгнө. Эдгээр засаглалын асуудлыг шийдэж чадахгүй бол эдийн засгийн хямрал цаашид үргэлжилсээр л байна. Эхний ээлжинд улс төр, хууль, шүүхийн засаглалын асуудлаа нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй.
-Хэрэв төсвийн алдагдал, инфляц өндөр хэвээр үргэлжилж, экспортын орлого сэргэхгүй бол ойрын нэгээс хоёр жилд Монголын эдийн засаг ямар эрсдэлтэй нүүр тулах вэ?
- Эдийн засгийн нөхцөл байдал үргэлжилсээр байвал төсвийн өндөр алдагдал хэвээр байна. Алдагдлыг нөхөхийн тулд мэдээж гадаадаас зээл авна. Зээл авбал ханшид дарамт ирнэ. Засгийн газраас бонд босголоо гэхэд мөнгөний нийлүүлэлт өснө. Цаашилбал Нийгмийн даатгалын шимтгэлийн ялангуяа тэтгэврийн санд улсын төсвөөс өгч байгаа татаас улам нэмэгдэнэ. Тэгэхээр төсвийн реформоо нэн даруй, хурдан хийх шаардлагатай. Хаврын чуулганаар суурь тэтгэвэр гэх ойлголтыг гаргаж ирлээ.Хамгийн бага тэтгэвэр авч байгаа хүн 300 мянган төгрөг хүртэл авах боллоо. Энэ нь төсөвт дахиад л нэмэлт ачаалал болно.  Сүүлийн таван жилийн цалингийн дунжаар тооцдог байсныг 10 жил болгосон нь сайн зүйл. Гэхдээ цаашид Тэтгэврийн санд өгөх төсвийн татаасыг яах вэ. Энэ хэвээр үргэлжлээд байх уу гэхчлэн төсөвтэй холбоотой асар олон асуудал хуримтлагдчихлаа. Төсвийн урсгал зардлын өсөлт энэ хэвээр явсаар байвал  2028 он гэхэд төсвийн урсгал зардал ДНБ -ийн 2 хувьтай тэнцээд ирнэ. Төсөв урсгал зардлын ачааллаа төсөв дийлэхээ болино. Тэтгвэрийн санд өгөх татаас жил болгон их хэмжээгээр өсөж байгаа. Энэ ачаалал нэмэгдээд байвал 2030 он гэхэд төсөв тэтгвэрийн санд өгөх татаасаа дийлэхээ болино. Ерөсөө төсөв ачааллаа дийлэхээ больсон. Төсвийн реформын асуудлыг хойшлуулалгүй нэн даруй шийдэх шаардлага тулгарч байна.
-Ирэх оны төсөв болон төсвийн тодотголыг боловсруулахдаа Засгийн газар юунд хамгийн их анхаарах ёстой вэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ямар зөвлөмж өгсөн бэ?
-Төсвийн тодотголыг 2027 оны төсвийн төсөлтэй цуг есдүгээр сард өргөн барина.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ есдүгээр сарын 10-нд Үндэсний аудитын газарт өгнө. Ингээд хэлэлцүүлгүүд явах юм. Ерөнхийдөө дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлийг хавар батлах үед ерөнхий чиг хандлагаа хэлсэн. Төсвийн  урсгал зардлаа огцом бууруулж, төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой байдлаа сайжруул. Цаашид төсвийн реформоо үе шаттайгаар даруй хий гэсэн үндсэн гурван шаардлага бий. Энэ бүхэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөл дээр орж ирэх байх гэж найдаж байна.
-Эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед төр инфляцын хүлээлтийг зөв удирдах нь чухал талаар та яриандаа дурдлаа. Үүнийг хэрхэн хийх вэ?
-Инфляцын хүлээлтийг удирдах нь асар том бодлогын нэг хэсэг байдаг. Тиймээс Засгийн газрын сайд, Монголбанкны удирдлагууд инфляц, шатахууны нийлүүлэлт зэрэг эрсдэлийн талаар мэдээлэл өгөхдөө маш болгоомжтой байх шаардлагатай.Эрсдэлийг удирдахын тулд зөвхөн асуудлыг ярихаас гадна түүнийг даван туулахын тулд төрөөс ямар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хамтад нь тодорхой мэдээлэх нь чухал. Эс бөгөөс зах зээлд инфляц цаашид өснө гэсэн хүлээлт бий болж, бизнесүүд үнэ бууруулах бус, харин өндөр түвшинд хадгалах эсвэл нэмэх хандлага хүчтэй болдог. Тухайлбал, наадмын өмнө салбарын сайд нь түлш шатахууны тасалдал огт гарахгүй, санаа зоволтгүй хөдөө яв гэсэн мэдэгдэл гаргасан. Гэвч одоо нөхцөл байдал ямар байгааг хар. Уг нь ийм мэдэгдэлийнхээ араас ямар бодлогын арга хэмжээ авах гэж байгаагаа мэдээллэх хэрэгтэй. Энэ зүгээр нэг гудамжны хүний мэдэгдэл биш шүү дээ. Учир нь бодлого хариуцсан албан тушаалтны мэдэгдэл нь энгийн нэг байр суурь бус зах зээлийн хүлээлтэд шууд нөлөөлдөг бодлогын дохио болдог.
-Эдийн засгийн нөхцөл тодорхойгүй байгаа энэ үед өрхүүд орлого, зарлагаа хэрхэн удирдах, бизнесүүд ямар эрсдэлийн менежмент хийх нь зүйтэй гэж зөвлөх вэ?
-Эдийн засгийн тодорхойгүй байдал, өндөр инфляцын үед өрхийн санхүүгийн сахилга бат хамгийн чухал. Ийм нөхцөлд айл өрх бүр орлого, зарлагаа бодитоор үнэлж, төсөвтөө нийцүүлэн санхүүгээ төлөвлөх шаардлагатай. Ялангуяа орлого нэмэгдүүлэхгүй хэр нь хэрэглээг өсгөх зардлаас аль болох татгалзаж, зайлшгүй шаардлагатай бус худалдан авалтад хэмнэлттэй хандах нь зүйтэй.Тухайлбал, гадаад аялал, өндөр үнэтэй гар утас, автомашин зэрэг хэрэглээний худалдан авалтыг өрхийн бодит орлоготой уялдуулан шийдэх хэрэгтэй. Сүүлийн үед гар утасны зээлээс гадна аяллын зориулалттай зээл хүртэл түгээмэл болж, зарим өрх хуримтлалгүй атлаа зээлээр гадаадад аялж байгаа нь эрүүл санхүүгийн зарчимд нийцэхгүй. Ийм хэрэглээ нь зөвхөн өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэхээс гадна валютын эрэлтийг өсгөж, төгрөгийн ханшид ч дарамт учруулдаг.Харин зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, өдөр тутмын хэрэглээ зэрэгт зарцуулах зардлаа хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй. Харин тансаг хэрэглээ, орлогоосоо давсан худалдан авалтад аль болох болгоомжтой хандах хэрэгтэй. Өрхийн төсвийг төлөвлөхдөө гэр бүлийн гишүүд хамтдаа ярилцаж, орлого, зарлагынхаа бодит боломжийг харгалзан шийдвэр гаргах нь санхүүгийн эрсдэлийг бууруулдаг.Эцсийн дүндээ улсын эдийн засаг олон мянган өрхийн санхүүгийн шийдвэрийн нийлбэр байдаг. Тиймээс төрийн төсөвтэй адил өрхийн төсвөө зөв төлөвлөж, сахилга баттай удирдах нь эдийн засгийн тогтвортой байдлын чухал үндэс юм.
Бизнесүүдийн хувьд ч адилхан болгоомжтой бодлого баримтлах шаардлагатай. Инфляц өндөр, эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байгаа нөхцөлд компаниуд томоохон хөрөнгө оруулалт, шинэ ажилтан авах, үйл ажиллагаагаа огцом тэлэхээс илүүтэйгээр одоогийн бизнесээ тогтвортой авч үлдэхэд анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эрсдэл өндөр үед бизнесүүд бэлэн мөнгөний урсгалаа хамгаалж, шаардлагагүй зардлаа танаж, илүү консерватив санхүүгийн бодлого баримтлах нь хамгийн оновчтой шийдэл.
-Сүүлийн үйл явдал манай улс шатахууны хувьд нэг улсаас хэт өндөр хамааралтай байгааг дахин харууллаа. Цаашид энэ хамаарлыг бууруулж, эрсдэлийг багасгахын тулд төр ямар бодлогын арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой вэ?
-Гадаад зах зээлээс өндөр хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд дотоодын нефть боловсруулах үйлдвэрийг аль болох хурдан ашиглалтад оруулах нь стратегийн ач холбогдолтой асуудал юм. Засгийн газар саяхан гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон газрын тос боловсруулах үйлдвэрийн гадаад зээлийг төсвийн тусгай шаардлагаас чөлөөлсөн. Ингэснээр санхүүжилтийн хүндрэлгүйгээр төслийг урагшлуулах боломж бүрдсэн гэж тайлбарлаж байгаа. Мөн төслийн санхүүжилтийг анхныхаас нь 400 сая ам.доллараар нэмэгдүүлэх үед шаардлагатай зээлийг бүрэн шийдвэл үйлдвэр төлөвлөгөөний дагуу хэрэгжинэ гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын удаашрал бүрт шинэ шалтгаан, тайлбар гарсаар байна. Миний хувьд намрын төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хурал зохион байгуулж, газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг тусгайлан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь олон нийтийн сонсгол бус, төслийн гүйцэтгэх удирдлага болон хөндлөнгийн хараат бус шинжээчдийн байр суурийг сонссон бодлогын хэлэлцүүлэг байх нь зүйтэй.Тэрхүү сонсголоор дор хаяж гурван үндсэн асуултад тодорхой хариулт өгөх шаардлагатай. Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын бодит явц ямар түвшинд байна вэ. Хоёрдугаарт, үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлтийг хэрхэн шийдэх вэ, дотоодын олборлолтоор хангах боломж бий юу. Гуравдугаарт, үйлдвэр ашиглалтад орсны дараах менежментийн тогтолцоог хэрхэн зохион байгуулах вэ. Учир нь түүхий эдийн хангамж, удирдлагын асуудал тодорхойгүй хэвээр байвал 100 хувь төрийн өмчит үйлдвэр их хэмжээний өр, алдагдал хуримтлуулсан дараагийн ээлжит төрийн өмчит компани болж хувирах эрсдэлтэй. Иймээс төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан менежментийн тогтолцоог одооноос төлөвлөж, шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн төлөвлөгөөгөөр үйлдвэрийг 2028 оны дунд үе гэхэд ашиглалтад оруулахаар байгаа тул эдгээр асуудалд аль болох эрт тодорхой, нээлттэй хариулт өгөх нь чухал юм.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн