Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Япон улс хэт их аялал жуулчлалыг бууруулахын тулд гарах татвараа гурав дахин нэмэгдүүллээ

Япон улс хэт их аялал жуулчлалыг бууруулахын тулд гарах татвараа гурав дахин нэмэгдүүллээ
Нийтэлсэн 7 минутын өмнө
Япон улс гадаадын жуулчдын тоо эрчимтэй өсөж байгаатай холбогдуулан Олон улсын аялал жуулчлалын татвар буюу тус улсаас гарах үед авдаг татвараа лхагва гарагаас эхлэн гурав дахин нэмэгдүүлжээ.
Өмнө нь 1,000 иен байсан уг татвар одоо 3,000 иен болсон бөгөөд Японоос гарч буй гадаадын иргэд болон Япон улсын иргэдэд адилхан үйлчлэх юм.
Долдугаар сарын 1-нээс хойш захиалсан онгоц болон усан онгоцны тасалбарын үнэд энэхүү татвар автоматаар багтах тул зорчигчид нисэх буудал, боомт дээр нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Харин долдугаар сарын 1-нээс өмнө тасалбараа захиалсан хүмүүс татварын нэмэгдэлд хамрагдахгүй аж.
Сүүлийн жилүүдэд Японд ирэх жуулчдын тоо эрс өссөнтэй холбоотойгоор энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд нэмэлт орлогыг хэт их аялал жуулчлалын сөрөг нөлөөг бууруулах, мөн аялал жуулчлалын дэд бүтэц, хүчин чадлыг сайжруулахад зарцуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар энэхүү татвараас жилд 50 тэрбум иенийн орлого төвлөрдөг бол татвар нэмэгдсэнээр энэ дүн 120 тэрбум иенд хүрэх төлөвтэй байна.
Нөгөөтэйгүүр, гарах татвар Японы иргэдэд ч мөн үйлчлэх тул Засгийн газар тэдний санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор гадаад паспортын хураамжийг бууруулжээ. Лхагва гарагаас эхлэн цахимаар хүсэлт гаргасан 10 жилийн хүчинтэй паспортын хураамж 15,900 иенээс 8,900 иен болж буурсан байна. Харин биечлэн гаргасан хүсэлтийн хураамжийг мөн 7,000 иенээр хямдруулжээ.
Мөн энэ өдрөөс эхлэн богино хугацааны жуулчны визний хураамжийг тав дахин нэмэгдүүлсэн байна. Нэг удаагийн визний төлбөр 3,000 иенээс 15,000 иен, олон удаагийн визнийх 6,000 иенээс 30,000 иен болж өсжээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдээллээр, 2025 онд богино хугацааны виз хүсэгчдийн 70 гаруй хувь нь БНХАУ-ын иргэд байжээ. Мөн тухайн онд олгосон визний тоо 2019 оны дараах хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Визний хураамж нэмэгдсэнээр Японы визний үнэ АНУ-ын 185 ам.доллар, Европын Холбооны 90 евро орчим байдаг визний төлбөртэй ойролцоо түвшинд хүрчээ.
Япон улс 2025 онд 42.4 сая гадаадын жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд 2030 он гэхэд энэ тоог жилд 60 саяд хүргэх зорилт тавиад байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн