2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д шалгарсан түүхэн ялалтаа тэмдэглэсэн Мексикийн хөгжөөн дэмжигчдийн баяр эмгэнэлт явдлаар төгсөж, дөрвөн хүн амиа алджээ.
Мексикийн шигшээ баг Эквадорыг 2:0-ээр буулган авч, 40 жилийн дараа ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод ялалт байгуулсны дараа нийслэл Мехико хотын төвд 1.4 сая хөгжөөн дэмжигч цугларсан байна. Хөгжөөн дэмжигчид Мехико хотын бэлгэ тэмдэг болсон Тусгаар тогтнолын сахиусан тэнгэрийн хөшөө болон Пасео де ла Реформа өргөн чөлөө орчимд цугларч, үндэсний шигшээ багтаа баяр хүргэжээ. Хотын захиргаа том дэлгэцүүд байршуулан, автомашины хөдөлгөөнийг хааж зохион байгуулалт хийсэн ч хүний хөдөлгөөн хяналтаас гарсан байна.
Албаныхны мэдээлснээр 19 настай эмэгтэй, 44 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй олны шахцалдааны үеэр амьсгал боогдож ухаан алдан, эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ. Мөн 30 орчим насны нэг эрэгтэй таталт өгч, хоол боловсруулах замын цус алдалтын улмаас зүрх нь зогсон эмнэлэгт нас барснаар хохирогчдын тоо дөрөв болсон байна.
Мехико хотын метрополитан бүсэд 20 сая гаруй хүн оршин суудаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн шигүү суурьшсан хотуудын нэг юм. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр баярын үеэр салют, пиротехникийн хэрэгсэл дэлбэрснээс хүмүүс сандарч гүйхэд олны шахцалдаан үүсч, зарим нь унан бусдын хөлд дарагдсан байж болзошгүй гэж үзэж байна. Нийгмийн сүлжээнд тархсан дүрс бичлэгүүдэд хүмүүс хөдөлж чадахгүй шахам бөөгнөрч, аврагчид иргэдэд яаралтай тусламж үзүүлж буй дүр зураг харагджээ.
Мексикийн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан бөгөөд дараагийн шатанд Английн шигшээтэй хүч үзнэ. Англичууд шөвгийн 32-ын тоглолтод Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын багийг 2:1-ээр буулган авч, дараагийн шатанд шалгарсан юм. Мексик–Английн тоглолт долдугаар сарын 5-нд болж, ялсан баг шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авах болно.