Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутагт зургаадугаар сарын 9-нд Тавантолгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр хугацаат цэргийн хоёр алба хаагч автомашинд дайруулсан хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэл хийлээ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр: 2007 оноос хойш марш-тактикийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш-тактикийн тэмцээний гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр тоглолтод оролцсон хугацаат цэргийн хоёр алба хаагч гэмтсэн. Тухайн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлсний үр дүнд нэг цэрэг нь салаандаа буцаж очсон бол нөгөө цэргийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж эмчилж байна. Эмчлэгдэж буй цэргийн хувьд элэгний няцрал, хэвлийн хэсгийн гэмтэлтэй бөгөөд мэс заслын эмчилгээ хийсэн. Салаандаа буцсан цэргийн хувьд, цэргийн хүн болно гээд ДХИС-ийн шалгалтад оролцож байна. Хугацаат цэргийн алба хаагчид долоон сар алба хаасан, галт зэвсэг болон цэргийн бэлэн байдлын сургалтад тодорхой хэмжээнд хамрагдсан байсан.
Эзлэгдсэн объектыг чөлөөлөх үзүүлэх тоглолтыг удирдаж, хянаж байсан буруутай найман алба хаагчид шат шатны арга хэмжээ авч, тодорхой тооны алба хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Иргэдийн зүгээс Зэвсэгт хүчний байгууллагыг хаалттай, мэдээллээ нууцалдаг гэсэн шүүмжлэл их ирдэг. Цаашид төрийн болон албаны мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтална.
Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн эмнэл зүйн төвийн захирал, дэд хурандаа Д.Нямдорж: Марш-тактикийн үеэр нэг цэрэг яаралтай түргэн тусламжаар ирж, мэс засалд орсон. Цус тогтоож, элгийг тайрахгүйгээр гэмтсэн хэсэгт эмчилгээ хийсэн. Одоогоор цэргийн биеийн байдал тогтвортой, эмчийн хяналтад байгаа.