Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 мэдээллийн цагаар тус намын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын зарим гишүүн өөрсдийн санаачилсан хуулийн төсөл болоод үүнийг эрх баригчид хэрхэн замхруулж буй талаар мэдээлэл өглөө. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Ирэх хавар, намрын чуулганаас үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн цикл эхэлнэ. Хоёр жил гэдэг дүгнэлт хийж болохуйц цаг хугацаа. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд идэвх оролцоотойгоор асуудалд хандаж ирсэн. Зөвхөн сөрөг хүчний хувиар бус нам болоод бүлгийн хувьд бүтээлч хуулийн төсөл санаачилж, батлуулах чиглэлд онцгойлон ажилласан. Эрх баригчид хоёр жилийн хугацаанд гурав дахЬ Засгийн газар, Ерөнхий сайд,Парламентын даргатай үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд албан тушаал, сандал суудлын асуудлыг ярьсан. Өнөөдөр гэхэд УИХ дээр бүтээлч хуулийг ярих бус дандаа томилгоо ярьж байна.Ардчилсан намын бүлгийн гишүүд маш олон хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Эдгээр хуулиудыг нэгтгэн хэлэлцүүлэх нэрийн дор яаж аргацааж хууран мэхэлж байна вэ гэдгийг хэлье. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих үед Засгийн газраас бизнесийн эрх чөлөө гэсэн санал оруулж аль ч биш болгох хувиргасан. Авлига хээл хахуулийн үндэс суурь болсон нууцалж байгаад хулгайлдаг асуудлыг нь ил болгоё гэж Нууцын хуулийг өргөн барихад Засгийн газар бас нэг дагалдах адил төстэй хууль өргөн барьж үүнийг эзэнгүйдүүлсэн. Ж.Баярмаа гишүүн 100 мянган гарын үсэг цуглуулан Татварын хуульд дорвитой өөрчлөлт оруулъя, ажил хийж байгаа ажил олгогч, баялаг бүтээж байгаа хүмүүсийн талд гарч зогсъё гэхэд өөх ч биш булчирхай ч биш болгосон. Ө.Шижир, Б.Түвшин нарын өргөн барьсан Нийгмийн даатгалын хуулийг хэлэлцүүлэхгүй байж байгаад одоо яаж завхруулж хувиргаж байгааг хар. Х.Тэмүүжин нарын гишүүд УИХ-ын даргыг намчирхлаас ангид байлгах зорилготой хуулийг өргөн барихад үүнийг бас л завхруулсан. С.Цэнгүүн гишүүн аль БНМАУ-ын үеийн төрийн болон төрийн өмчит компанийн үйл ажиллагааг хэрхэн яаж нууцалж далдлан бүрэн эрхэт төлөөлөгч томилох замаар өнгөрсөн хугацаанд завхрал үүсгэж байсан тухай гарган ирж, хуулийн төсөл өргөн барихад хамтад нь хэлэлцүүлэх замаар яаж завхруулсан билээ. Энэ мэтчилэн хоёрын хугацаа, тэр тусмаа энэ хаврын чуулган өндөрлөж байна. Чуулган маргааш завсарлана. Тэр үед ямар ямар хуулийг хэрхэн бөөндөж батлах гэж байгаа тухай хараарай.Ашигт малтмалын тухай хууль хардлага сэрдлэгэн дунд үргэлжилж байна. Үндсэндээ Оюутолгойн гэрээний цаана юу нуугдаж байгаа, юуг хавчуулж авч явах гэж байгаа тухай олон зүйлийг та бүхэн онцгойлон анхаарах хэрэгтэй болж байна.