Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч өндөр технологийн үйлдвэрлэлийн хэрэгцээ өсөхийн хэрээр газрын ховор элементүүдийн стратегийн ач холбогдол дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж байна. Манай улс энэ төрлийн ашигт малтмалын 3.1 сая тонн батлагдсан нөөцтэй ч өнөөдөр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд бодит тоглогч болж чадаагүй хэвээр байна. Салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн боломж, тулгамдсан асуудлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэгтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт газрын ховор элементүүд стратегийн ач холбогдолтой түүхий эдийн хувьд хүчтэй яригдах боллоо. Эдгээр элементүүдийн геологийн онцлог шинж, мөн ямар салбаруудад голлон хэрэглэгддэг талаар тайлбарлаж өгнө үү?
-Юун түрүүн нэг ойлголтын зөрүүг арилгах зүйлийг тодруулсан нь зүйтэй байх хүмүүс газрын ховор элемент гэдгийг ховор металлтай андуурч эсвэл хольж ойлгох нь түгээмэл байна. Геологийн салбарт ховор метал гэх ойлголт бий. Энэ нь өөр эрдэс, элемент ашигт малтмал учраас газрын ховор элементээс ялгаатай. Хүмүүс газрын ховор элементийг маш ховор гэж боддог, үгүй. Харин эдийн засгийн хувьд олборлоход ашигтай өндөр агууламжтай орд цөөн байдаг тул ховор гэж нэрлэгддэг. Энэ нь орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн нэг бөгөөд хамгийн наад зах нь батерей, утас болон дэлгэцтэй тоног төхөөрөмж хийхэд ашиглагддаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, батлан хамгаалах үйлдвэрлэлийн өсөлтөөс шалтгаалан стратегийн ач холбогдол, үнэ цэн нь эрс нэмэгдэж байна. Газрын ховор элементийг физик, химийн шинж чанараар нь хүнд болон хөнгөн гэж ангилдаг. Хүнд элементүүд илүү ховор, нийлүүлэлт нь хязгаарлагдмал тул эдийн засаг, стратегийн ач холбогдлоор давуу үнэлэгддэг. Газрын ховор элемент нь дараах дөрвөн төрлийн ордод голлон хуримтлагддаг.
Карбонатитын орд: Дэлхийн хамгийн том газрын ховор элементийн ордуудын нэг бөгөөд неодим, празеодим зэрэг элементээр баялаг. Ашиглалтын өртөг харьцангуй бага байдаг. Энэ төрлийн ордын хамгийн том төлөөлөл бол БНХАУ-ын Өвөр Монголын Баотоу хотын ойролцоох Баян Овоо орд юм.
Шүлтлэг магмын орд: Магмын ялгаралтай холбоотой бөгөөд газрын ховор элементийн өндөр агууламжтай бүсүүд үүсдэг.
Ион-шингэсэн шаврын орд: Хүнд газрын ховор элементүүдээр баялаг. Хүчиллэг уусгалтын аргаар олборлодог.
Шороон (тунамал, хуримтлал) орд: Элс, хайрганд хуримтлагдсан эрдсүүд бөгөөд монацит, ксенотим зэрэг эрдэс агуулна.
-Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн батлагдсан нөөц хэр байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн судалгаа нэлээн дээр үеэс эхэлсэн. 1990-ээд оноос хойш Орос, Польшийн геологичдтой хамтарч эрчимтэй судалгаа хийсэн. Манай улсад одоогоор газрын ховор элементийн 3.1 сая тонн нөөц бийг тогтоосон. Халзан бүрэгтэй, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Улаан дэл, Цагаан чулуут (монацит) гэсэн зургаан орд улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгэлтэй байдаг. Эдгээрээс хамгийн их нөөцтэй орд бол Халзан бүрэгтэй. Энэ орд манай улсын нийт нөөцийн 50 орчим хувийг дангаараа эзэлдэг. Ховор байдаг хүнд элементийг агуулсан учраас эдийн засгийн хувьд илүү үнэ цэнтэй, өгөөжтэй. Газрын ховор элемент нь алт шиг дангаар агуулгадаггүй. Харин 15 ширхэг лантаноидын бүлгийн элемент дээр нэмээд нягт багатай хайлш үйлдвэрлэхэд ашиглагддаг Scandium (Sc) болон өндөр технологи, лазер болон LED технологид ашиглагддаг Yttrium (Y)-ийг оруулсан нийт 17 төрлийн химийн элементүүдийн нэгдлээс бүрдэнэ. Эдгээрийн исэл хэмжээгээр нь нөөцийг бүртгэдэг болохоос биш яг ганцхан нэг элемент тийм хэмжээтэй гэсэн зүйл байхгүй. Угаасаа олборлох, боловсруулах, баяжуулах технологийн хувьд ч нэгдлүүдээрээ явж байгаад нарийн боловсруулалт дээр очихоороо тус тусад нь салгадаг. Тэгэхээр энэ нь нөөцийн хувьд бүртгэхдээ анхдагч байгаа нэгдэл байдлаар бүртгэдэг гэж ойлгож болох юм.
-Олон нийтэд газрын ховор элементүүдийг ихэвчлэн цөөн хэдэн ордтой холбон ойлгох нь түгээмэл. Тухайлбал, Халзан бүрэгтэй ордыг хүмүүс илүү сайн мэддэг. Энэ орд манай улсын нөөцийн 50 хувийг дангаараа бүрдүүлдэг юм байна?
-Сүүлийн үед Халзан бүрэгтэй орд нэлээн яригдаж байгаа учраас хүмүүс газрын ховор элемент гэхээр энэ ордоор л төсөөлж байна. Гэхдээ үүний цаана таван орд, 20 гаруй илрэл, хэтийн төлөв бүхий талбай тогтоогдсон бөгөөд судалгааны ажил үргэлжилсээр байгаа. Ордуудын тогтоогдсон байдлыг харахад баруун болон Өмнөд говийн хэсгээр түлхүү илэрсэн байдаг. Халзан бүрэгтэй, Улаан толгой, Улаан дэл нь баруун хэсэг буюу Ховд, Увс, Хөвсгөлд бий. Ихэвчлэн шүлтлэг боржин (peralkaline granite) гаралтай бөгөөд хүнд газрын ховор элементүүдээр илүү баялаг байх хандлагатай. Өмнөд Говьд Мушгиа худаг, Хотгор, Луугийн гол байгаа. Эдгээр нь карбонатит гаралтай бөгөөд хөнгөн газрын ховор элементүүд давамгайлдаг. Халзан Бүрэгтэй бол Монголын хамгийн том, сайн судлагдсан орд. Хүнд газрын ховор элементүүд (HREE) болон иттри (Y), диспрози (Dy), терби (Tb) зэрэг өндөр үнэ цэнтэй элементүүдээр баялаг. Неодим (Nd), празеодим (Pr) мөн агуулагддаг.Улаан дэл ордод ч мөн адил хүнд газрын ховор элемент болон итрри байдаг. Мушгиа худаг нь монголын хамгийн анхны судлагдсан ордын нэгт тооцогддог бөгөөд карбонатит төрлийн орд. Энд хөнгөн газрын ховор элементүүд (LREE) болох лантан (La), церий (Ce), неодим (Nd) давамгай. Хотгорт лантан, церий зэрэг хөнгөн газрын ховор элемент элбэг. Луугийн гол орд шүлтлэг чулуулаг, карбонатитын комплекс. Цагаанчулуут бол хөнгөн газрын ховор элемент байхаас гадна монацит агуулсан шороон орд юм.
-Монгол Улс энэ салбараас бодит эдийн засгийн өгөөж хүртэхийн тулд ямар бодлогын алхмууд, мөн хөрөнгө оруулалтын орчны ямар шинэчлэл шаардлагатай вэ?
-Газрын ховор элементийн төслүүд нь их хэмжээний хөрөнгө, урт хугацааны төсөл бөгөөд илүү эрсдэл шаарддаг. Энэ нь ганц удаагийн хайгуулын төслөөр эсвэл нөөц тогтоож бүртгэгдсэнээр дуусдаггүй. Халзан бүрэгтэй дээр гэхэд нөөц тогтоосон л болохоос биш олборлолт эхлээгүй. Хайгуулын ажил үргэлжлээд явж байна. Газрын ховор гэлтгүй бусад орд ч ижил. Саяхны жишээ гэхэд Эрдэнэтийн Овоо зэс молибдены ордын хайгуул үргэлжилсээр Оюут гэдэг хэсэг нэмэгдлээ. Үүнтэй ижил геологи, хайгуулын ажил бол ордыг бүрэн ашиглаж дуустал үргэлжилдэг. Ингэж байж эдийн засгийн үнэ цэн нь нэмэгддэг юм. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бас нэг түлхэц бол тухайн төрлийн ашигт малтмалын үнэ байдаг. Дэлхийн зах зээл дээр үнэ хэр байна вэ гэдгээс шалтгаалж эдийн засгийн өгөөж нь тодорхойлогдоно. Мөн технологи, арга аргачлал ч хамаатай. Бүх шалгуураа давсан ч орон нутгийн эсэргүүцэлтэй тулвал хэзээ ч эдийн засгийн эргэлтэд орохгүй. Тэгэхээр бүгдээрээ нэг зүг рүү харж байж ажил явна гэсэн үг. Монгол Улс газрын ховор элементийн салбараас бодит өгөөж хүртэхийн тулд зөвхөн хүдэр олборлож экспортлохоос илүүтэйгээр баяжуулалт, боловсруулалт, цэвэршүүлэлт бүхий нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэх шаардлагатай. Үнэ цэнийг өсгөж байж эдийн засгийн өсөлт ярина. Яг өнөөдрийн байдлаар энэ салбар судалгааны түвшинд л явж байгаа. Төслүүд үл ойлголцол, төрөл бүрийн асуудалтай нүүр тулгарч хурдтай явж чадахгүй байна. Бид нөөцөө тогтоосон, зарим талаараа эдийн засгийн ашигтай байж болно гэж хэлж болохоор байна. Цаашид нарийвчлан судалж тодорхой хэмжээнд олборлолт боловсруулалт руу шилжих шаардлага бий. Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ байна. Гэхдээ манайх тэр эрэлт хэрэгцээний гинжин сүлжээнд нэгдэн орж чадахгүй байна. Дотооддоо ч яах эсэхээ эцэслэж чадахгүй яваад байгаа юм. Дэмжлэг гэж ярьвал төрөл бүрийн л дэмжлэг хэрэгтэй. Зөвхөн газрын ховор элемент гэхгүй ашигт малтмал, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, үр өгөөжийг нь цаг тухайд нь хүртэхийн тулд улс төр, эдийн засаг, олон нийтийн, эрдэм шинжилгээ, судалгааны гээд төрөл бүрийн л дэмжлэг хэрэгтэй. Эдгээрээс хамгийн сүүлд яригдаж байгаа ч хамгийн чухал дэмжлэг болох зүйл бол хүний нөөцийн хангамж. Эдийн засаг санхүүгийн бусад нөөцөөс энэ төрлийн нөөц хамгийн их тулгамдсан асуудал болж байна. Зөвхөн Монголд ч биш олон улсад геологич мэргэжилтнийг бэлтгэх асуудал зогсонги байдалд орсон. Мэргэжилтний эрэлт хэрэгцээ их байгаа ч түүндээ хүрэхгүй, ажиллах хүчний хомсдолтой байна. Бусад нөхцөлийг тодорхой хэмжээнд бий болгож болно. Гэхдээ хүний нөөц гэдэг хэцүү. Ганц хоёр жил яриад шийдэгдэх асуудал биш. Шууд үйлдвэрлэлд гарах боломжтой мэргэжилтэн хамгийн багадаа зургаан жил цаашилбал 10 гаруй жил бэлтгэгдэнэ. Өнөөдрийн бодит байдлыг харахад төсөл, орд бэлэн. Эдийн засгийн болон орон нутгаас ч дэмжиж төсөл эхлэх болоход энд ажиллах боловсон хүчин хомсдолтой байна. Бид ахиад л гадныханы дэмжлэгийг авахаар хандах хэрэгтэй болно эсвэл ямар нэгэн байдлаар хугацаа алддаг. Тэгэхээр боловсон хүчний асуудал дээр нэлээн анхаарах шаардлагатай.
-Ер нь манай улсад геологич мэргэжлээр жилдээ хэчнээн хүүхэд төгсдөг юм бэ?
-Сүүлийн үед геологич мэргэжлийг сонирхож байгаа хүүхдүүдийн тоо өсөж байгаа гэсэн статистик бий. Гэхдээ ингээд харахаар бид ямарваа нэгэн зүйлийг урьдчилан таамаглаж эсвэл төлөвлөж чадахгүй дандаа л араас нь яваад байдаг тал бий. Жишээ нь, 2007-2009 онд манайд хайгуулын ажил эд өрнөж, жинхэнэ эрчимжиж байлаа. Эндээс геологич мэргэжил чухал юм байна гэдгийг мэдрээд тухайн үед геологийн ангид 50-60 хүүхэд бүртгүүлж байлаа. Тэд дөрвөн жил суралцаад гартал эдийн засгийн мөчлөгийн дагуу эрдэс баялгийн түүхий эдийн үнэ унаж,хайгуулын ажил удааширч, хөрөнгө оруулалт нь багассан. Ингээд төгсөгчдийн дунд ажил олдохгүй юм байна гэсэн ойлголт бий болсон. 2013 оноос элсэгчдийн тоо буурсаар 2020 онд 10 хүрэхгүй хүүхэд төгсөж байв. Гэхдээ уул уурхайн салбарын хөгжил дахин сэргэж оюутны тоо өсөж, эхнээсээ 2030 онд төгсөхөөр байна. Гэхдээ тэр үед эрдэс баялгийн салбарын өсөлт ямар байх вэ. Энэ хэвээрээ саарч удааширвал дахин бүр илүү боловсон хүчний хомсдолд орно. Тэгэхээр бид ерөөсөө л том дүр зургаар юмсыг харж урьдчилан таамаглаж бэлдэж чадахгүй байна. Өнөө маргаашаа харсаар ардаас нь хөөгөөд байна. Одоо болохоо байлаа, дараа жил ажил эхлэх нь гээд яарч, үүндээ бачуураад яваад байна. Уг нь том дүр зургаар харвал цикл харагдана. Салбар хэзээ өсөж, хэзээ буурах вэ гэдгийг таамаглаж болно. Хэрвээ өнөөдөр уул уурхай эрдэс баялгийн салбар огцом өсөхийг мэдэж байсан бол наад зах нь дөрвөн жилийн өмнөөс мэргэжилтнүүдээ бэлтгээд явах байсан.
-Халзан бүрэгтэйн ордын жишээн дээрээс харахад энэ чиглэлийн төслүүд олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулж байна. Ийм төрлийн стратегийн ашигт малтмалын төслүүд дээр олон улсын туршлагаар орон нутгийн оролцоо, ил тод байдал, байгаль орчны хяналтыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Халзан Бүрэгтэй төслийн туршлагаас харахад асуудал нь зөвхөн олборлолтод биш, харин олон нийтийн итгэлцэл, мэдээллийн ил тод байдал, байгаль орчны эрсдэлийн талаарх ойлголтод байдаг. Дэлхийн туршлагаас үзвэл стратегийн ашигт малтмалын төслүүд амжилттай хэрэгжих эсэх нь техникийн шийдлээс илүүтэйгээр нийгмийн зөвшөөрлөөс хамаардаг. Олон нийтийн эсэргүүцэл зөвхөн ганцхан манайд тулгараад байгаа юм биш. Канад, Австрали зэрэг уул уурхай хөгжсөн оронд ч ийм нөхцөл байдал тулгардаг одоо ч байсаар байна. Тэдний хувьд олон жилийн өмнөөс энэ харилцаанд орсон учраас зохицуулалт хийж чадаад байгаа юм. Геологи хайгуулын ажил эхлэхээсээ ч өмнө орон нутгийн иргэд болон нийгэмд байгаль шинжлэлийн болон бусад анхан шатны мэдлэг ойлголтыг өгдөг. Яг ийм бүтэц, хөтөлбөрүүд ч байна. Жишээ нь Австралийн Геологийн алба 10 жилийн хүүхдэд болон олон нийтэд зориулсан боловсролын хөтөлбөртэй. Орон нутгуудаар явж түүнийгээ танилцуулж тайлбарладаг. Танай нутагт ийм төрлийн чулуу бий. Худгын ус чинь ийм найрлагатай, бэлчээрт ургаж байгаа ургамал нь ийм химийн элемент агуулдаг. Өвөлжөө, хаваржаа зуслангийн газарт чинь тодорхой хэмжээний физик болон химийн гажилууд байгаа шүү гэдгийг хэлээд ирээдүйд ямар нэг геологи, хайгуулын судалгааны ажил хийгдэх боломжтой гэдгийг ойлгуулдаг. Төрийн болон төрийн бус байгууллага нь ч ийм тодорхой чиг үүрэг бүхий бүтэцтэй. Харин манайд ийм түвшний хөтөлбөр ч байхгүй. Мэдлэг, мэдээлэл, ойлголт байхгүй учраас гэнэтхэн хот айлын гадна талд өрмийн машин зоогоод эхлэхээр тэр хүн мэдээж дургүйцлээ илэрхийлэх нь ойлгомжтой. Хэрэв мэдэж байсан бол өө энэ яриад байсан зүйлээ судлах гээд ирж, хайгуул эхлэх юм байна гэж хүлээж авна. Хүн сонссон мэдэж байгаа зүйлээ хүлээж авах нь нэг өөр. Тэгэхээр ийм мэдлэг олгох ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай. Мөн хайгуулын болон бусад дараагийн түвшний ажил эхлэлээ гэхэд хариуцлагатай байх нь чухал. Хайгуул, олборлолт, уурхайн ажил нь тодорхой стандарт дүрэм журамтай. Оролцогч талууд аль аль нь үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид үндсэн хуулиндаа өгөөжийн асуудыг эрхзүйн хувьд томьёолсон. Энэ ажил явлаа гэхэд орон нутгийн малчин, иргэн эсвэл яг танд өгөөж яаж хэрхэн тусах вэ гэдгээ мэдэх нь маш чухал. Хүртэх өгөөжийг нь эрх зүйн хувьд тодорхой болгоод хүртээдэг л байх хэрэгтэй. Яг энэ агуулгаар Ашигт малтмалын тухай хууль болон Төсвийн тухай хуульд бол өөрчлөлт оруулах гээд салбарын яам явж байгаа. Энэ дээр ганцхан ойлголт мэдлэг биш дээрээс нь хүртэх өгөөжийг, тавих хяналтыг нь тал талаас нь тодорхой хэмжээнд сайжруулаад явах юм бол эрдэс баялгийн салбарын хөгжил хариуцлагатай, өгөөжтэй, хурдтай дараагийн түвшинд гарах боломжтой.
-Одоо хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуульд чухал ашигт малтмалын салбарын асуудлыг шийдвэрлэх ямар, ямар өөрчлөлт орсон бэ?
-Салбарынхны хувьд чухал ашигт малтмал гэдгийг нэлээн дээрээс мэдэж байсан. Критикал гэдэг агуулгаар нь аль 2000 оны эхэн үеэс л сонсож байв. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр нэр томьёо, агуулга байх ёстой. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд яг ямар зүйлийг чухал ашигт малтмалд тооцох вэ гэдэг агуулгаар нь нэр томьёо оруулж байгаа. Чухал ашигт малтмалын эрэлт нийлүүлэлтийн сүлжээнд байдаг, байхыг хүсдэг улсууд бодлого, нэр төрлийн жагсаалтаа баталдаг. Бид ямар ч байсан чухал ашигт малтмал гэдэг нэр томьёог хуульд оруулж албажуулах, дараа нь чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргах батлах, зарлах, тэрнийхээ дагуу бодлогоо боловсруулах эрхийг Засгийн газарт өгөх зохицуулалт хуульд оруулсан явж байгаа. Хуулийн хэлэлцүүлэг явахаар асуудлууд нэлээн тодорхой яригдах байх. Хэрвээ оруулж байгаа өөрчлөлт энэ хэвээр батлагдвал ямар ч байсан дэлхийн эрэлт нийлүүлэлтийн сүлжээнд тодорхой хэмжээгээр орох эхний алхмаа хийнэ гэсэн үг.
-Газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд орсон тохиолдолд ямар эерэг өөрчлөлт гарах вэ?
-Газрын ховор элементийн хувьд өгөөжөө өгч эхлээгүй учраас энэхүү сүлжээнд шууд орох боломжгүй. Мэдээж эндээс ямар нэгэн орлого олж өгөөж хүртэж байж сүлжээнд орлоо гэж өөрсдийгөө бүрэн хүлээн зөвшөөрнө. Ороогүй нөхцөлд үндсэн тоглогч биш нөөц тоглогчоороо л явна. Гаднын улс манайхыг сонирхон санал тавьж, орж ирэхийг оролдож байна гэдэг нь ямар нэг түвшинд оролцогч болсон гэсэн үг. Гэхдээ яг эдийн засаг, нийгэмд бий болсон өгөөж хүртдэг, орлоготой үндсэн тоглогч болж чадаагүй байгаа юм. Энэ гинжин хэлхээнд ороогүйдээ алдах юм маш их бий. Орсон тохиолдолд эдийн засгаас гадна геополитикийн хувьд ч тодорхой хэмжээнд байр суурь эзэлж чадна.
-Газрын ховор элементүүдийг дагасан геополитикийн өрсөлдөөн дэлхий даяар эрчимжиж байна. Монгол Улс энэ зах зээлд оролцохдоо ямар бодлого, стратегийн байр суурь баримтлах нь оновчтой вэ?
-Газрын ховор элементийн салбар дахь геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буй нөхцөлд Монгол Улс аль нэг улс, зах зээлээс хэт хараат болохгүйгээр олон тулгуурт, тэнцвэртэй бодлого баримтлах нь чухал. Дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ өнөөдөр маш төвлөрсөн хэвээр байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA), АНУ-ын Геологийн алба (USGS)-ны тооцоогоор Хятад улс олборлолтын ойролцоогоор 70 хувь, цэвэршүүлэлт-тусгаарлалтын 90 орчим хувь, хүнд газрын ховор элементийн боловсруулалтын бараг 99 хувийг хяналтдаа байлгаж байна. 2025 онд Хятад хүнд элементүүд болон боловсруулах тоног төхөөрөмжийн экспортод хязгаарлалт тогтоосон нь дэлхийн зах зээлд хүчтэй цочрол үүсгэсэн. Иймээс стратегийн гол сорилт нь олборлолт өөрөө биш, харин дунд шатны боловсруулалт буюу баяжуулалт–тусгаарлалт–цэвэршүүлэлт дэх хараат байдлыг бууруулахад оршино. Энэ нь Монгол Улсын хувьд зөвхөн хүдэр экспортлохоос илүүтэйгээр боловсруулах чадавхад түшиглэсэн бодлогын ач холбогдлыг улам тодотгож байна. Үүний хүрээнд АНУ, Япон, БНСУ, Европ зэрэг болон хөрш орнуудтайгаа хөрөнгө оруулалт, технологи, зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх шаардлагатай. Ингэснээр экспортын эрсдэлийг бууруулж, зах зээлийн боломжийг нэмэгдүүлнэ. Мөн Монгол Улс зөвхөн хүдэр экспортлох бус, баяжуулалт, боловсруулалт, цэвэршүүлэлт бүхий нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өгөөжөө өсгөх хэрэгтэй. Газрын ховор элементийн оксид болон тусгайласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь түүхий эд экспортлохоос хавьгүй өндөр үнэ цэн бий болгодог. Нөгөө ордууд стратегийн ач холбогдолтой учраас хөрөнгө оруулалтын бодлогыг үндэсний аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай.
Түүнчлэн байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) олон улсын стандартыг мөрдөж чадвал Монгол Улс дэлхийн зах зээлд найдвартай, хариуцлагатай нийлүүлэгч улс гэсэн байр суурийг бэхжүүлж, урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалт татах боломжтой. Монгол Улсын хамгийн зөв стратеги нь геополитикийн өрсөлдөөнд аль нэг талд төвлөрөх бус, түншлэлээ төрөлжүүлж, дотооддоо нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэн, үндэсний ашиг сонирхолд суурилсан бодлого хэрэгжүүлэх явдал юм. Энэ нь газрын ховор элементийн салбараас эдийн засгийн хамгийн өндөр өгөөж хүртэх үндэс болно.