Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмж, нийгмийн баталгааг хангахгүйгээр тус салбарын аюулгүй байдал, боловсон хүчний дутагдал, техник технологийн шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул тэмцлийн эцсийн хэлбэр болох ажил хаялтыг энэ сарын 30-аас эхлүүлэхээр болсноо Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.
Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээр зогсонги байдалд орж, ажил хаях нөхцөл хэд хэдэн удаа үүссэн. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ийм шийдэлд хүрэхгүйгээр хэлэлцээ хийх гэж маш их оролдсон ч тодорхой үр дүнд хүрээгүй. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ерөнхий сайд Н.Учралтай өнгөрсөн тавдугаар сарын 1-нд уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөж, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч тодорхой шийдэл гаргах болов уу гэж нэлээдгүй хугацаанд харсан. Харамсалтай нь тодорхой шийдэл гаргаагүй. Иймээс ажилтан хүнд олгогдсон гол эрх болох ажил хаяхаас өөр аргагүйд хүрлээ. Эрчим хүчний салбарт ажиллаж буй нийт ажилчдын дийлэнх нь буюу 27 байгууллагын 6600 ажилтнаас санал асуулга авсан. Тэдний 90 гаруй хувь нь ажил хаяхыг дэмжсэн гэж мэдээлэл өгөх үеэрээ онцлов.
Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Үйлдвэрчний хорооны дарга н.Ганбат: Манайх монгол орны төвийн бүсийн 11 аймгийн 137 сум сууринг цахилгаан эрчим хүчээр хангадаг томоохон түгээх сүлжээ. Нийт 650 гаруй ажилтантай. Санал асуулгад оролцсон 50 салбарын ажилчдын 90 хувь нь ажил хаяхыг дэмжсэн. Ийм хүнд нөхцөл гарахаас өмнө шийдээсэй гэж бодож байгаа ганц зүйл бол ерөөсөө л цалин хөлс. Орон нутгийн ажилчид гар дээрээ 2 сая хүрэхгүй цалин авч байгаа. Нэг хүний ажлыг хэд хэдэн хүн хийдэг. Сумдад 1-2 хүн өндөр, нам бүх сүлжээнийхээ засвар үйлчилгээ, орлого төвлөрүүлэлтээ хариуцаж байна. Хамгийн хүнд нөхцөлд нийгмийн хамгаалал бага нөхцөлд ажиллаж байна. Бид ажил хаяхыг хүсээгүй. Ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг ахуйн асуудлыг шийдээч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Үүнд ямар нэгэн шийдэл гаргаагүй учраас ийм байдалд хүрлээ. Бидний хамгийн чухал ойлгох ёстой зүйл бол эрчим хүчний салбарыг тоног төхөөрөмж төмөр авч явдаггүй. Хүн авч явж байгаа гэдгийг яагаад Засгийн газрын түвшинд ойлгохгүй байна вэ. Яагаад ажилтнуудыхаа эрсдэл, ачааллыг ойлгохгүй байна вэ.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж: Ажил хаялт зарласан хугацаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хариуцлагыг Эрчим хүчний яам, холбогдох байгууллагууд өөрсдөө хүлээх ёстой. Дарамт шахалт мэр сэр ирж байна. Зургадугаар сарын 8-нд Эрчим хүчний сайд Б.Найдалаад ажил хаялтад бэлдэж байгаа тухай мэдэгдэл албан бичиг хүргүүлсний маргааш Сүхбаатар дүүргийн цагдаагаас залгасан. Хамтын гэрээ хэлэлцээ хийнэ гэдэг соёл бий. Бид маш хүлээцтэй соёлтой хандаж, үндэслэлтэй шаардлага тавьж байгаа. Хэрвээ Эрчим хүчний яам, Монгол Улсын Засгийн газраас санал тавибал хэлэлцээр хийхэд бэлэн байна. Ямар ч үе шатанд хэлэлцээр хийхийг эрхэмлэнэ. Ажил хаялт гэдэг эцсийн сонголт. Бид хуульд заасан бүх арга хэмжээг авна гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Дарамт шахалт ирэх үндэслэлтэй байгаа учраас ХЭҮК-т хандана.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир: Энэ ажил хаялтын ард улс орны эдийн засагт нэлээн сөрөг үр дагаврууд гарна. УИХ, Засгийн газраас ийм зүйл гарахаас өмнө шуурхай шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. УИХ-ын хаврын чуулган үргэлжилж байна. Энэ үед улсын төсвийг батлах эрхтэй УИХ-ын гишүүд улсын хэмжээнд тулгамдаад байгаа энэ сорилттой нөхцөл байдлыг мэдэрч ойлгож тодорхой хэмжээгээр дуу хоолойгоо илэрхийлээсэй. Төсийн тодотголыг намрын чуулганаар оруулна гэж байх шиг байна. Яг энэ тулгамдсан шаардлагатай асуудал дээр шаардлагатай арга хэмжээг авах ёстой.