Үндэсний их баяр наадмаар 5 хоног бүх нийтээр амардаг хуультай. Тэгвэл энэ жил долдугаар сарын 11, 12-н буюу бүх нийтийн амралтын 2 өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаа учраас амралтын хугацааг сунгах, эсэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмйн хамгааллын яам Засгийн газрын хуралд танилцуулан шийдвэр гаргах аж.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ талаар “Наадмын амралтыг сунгаж магадгүй. Иргэдийг нутаг усандаа очиж, тайван амрах боломжийг бүрдүүлэх чиглэлээр судалж байна. Саналаа ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэв.
Бүх нийтийн амралтын өдөр бямба, ням гарагт тохиовол Засгийн газар ажлын өдөр шилжүүлж болох хуультай. Өнгөрсөн жил ч Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд амралтын өдрүүдтэй давхцсан тул Засгийн газраас ажилтан, албан хаагчдыг ажлын өдрүүдэд нөхөн амраах зохицуулалт хийж байсан билээ. Учир нь Цагаан сар, Наадам гээд үндэсний их баяруудаар иргэд хөдөө орон нутагт аюулгүй зорчиж, амрах боломжийг олгох үүднээс ийнхүү зохицуулалт хийдэг билээ.