Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын багийн залуусыг АТГ-аас шалгаж, гурван ч хүнийг цагдан хорилоо. Тодруулбал, түүний нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалай, Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн нөхрийг АТГ-аа хориод байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 16 мега төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч дийлэнх нь цаасан дээр буюу ТЭЗҮ дээрээ явж байгааг хоёр өдрийн ерөнхий хяналтын сонсголоор ярьсан. Нийт 28.9 их наяд төгрөгийн 16 мега төслөөс 5 хувийн санхүүжилтийг гаргасан байгаа талаар албаныхан мэдээлж байгаа. Гэхдээ эдгээр төслүүдийг хэрэгжүүлж гардан ажиллаж байсан залуусыг ийнхүү шалгаж, цагдан хориод байна. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар ажлаа өгөөгүй байхдаа өөрийн цахим хуудастаа лайв хийж "намайг тойруулж буудаж байхаар, намайг шалга" хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өөрийнх нь томилсон, хамтран ажиллаж байсан залуусыг шалгаж, хорьж байхад таг чимээгүй явж байна.
Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг тавдугаар сарын 22-нд цагдан хорин шалгаж байгаа. Тэгвэл цагдан хорих хугацааг дахин нэг сараас сунгасан. Түүнийг “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлж байгаа. Тиймээс Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Мөн "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалай зургадугаар сарын 4-өөс нэг сар цагдан хорьсон. Тэрээр нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн төрсөн дүү юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг тус тус үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Харин нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг ч АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан. Ингээд энэ сарын 18-нд түүний нөхөр Б.Өсөхбаярыг АТГ-аас цагдан хорьсон. Ч.Төгсдэлгэрийг 2024 оны наймдугаар сард тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилсон юм. АТГ-аас түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан гэдгийг хэлсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зүйл ангиар шалгаж байсан бөгөөд нөхрийг нь цагдан хориод байгаа юм.