Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

АНУ-Ираны хүчин төгөлдөр болсон хэлэлцээрт юу тусгав

АНУ-Ираны хүчин төгөлдөр болсон хэлэлцээрт юу тусгав
Нийтэлсэн 3 минутын өмнө
АНУ болон Ираны хооронд байгуулсан гал зогсоох хугацааг сунгах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон талаар Цагаан ордны албан тушаалтан мэдээллээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп Францын Эвиан-ле-Бен хотод болсон Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойг дахин нээхээр тусгасан уг гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.
“Харилцан ойлголцлын санамж бичиг” хэмээн нэрлэгдсэн 14 зүйл бүхий энэхүү баримт бичигт Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэдгээ баталгаажуулахын зэрэгцээ тус улсын “сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийг” дэмжих зорилгоор 300 тэрбум ам.долларын сан байгуулахаар тусгасан байна. Гэхдээ АНУ уг санд хөрөнгө оруулах үүрэг хүлээхгүй.
Трампын засаг захиргаа уг хэлэлцээрийг “гүйцэтгэлд суурилсан” гэж тодорхойлсон бөгөөд Иран зөвхөн амлалтаа биелүүлсэн тохиолдолд л үр өгөөж хүртэнэ гэж мэдэгдэж байна. Хэлэлцээрийн текстэд олон асуудал тодорхойгүй хэвээр үлдсэн ч одоогоор мэдэгдэж буй гол заалтуудыг хүргэж байна.

1-р заалт: Бүх чиглэл дэх мөргөлдөөнийг зогсоох

АНУ, Ираны тал болон тэдний холбоотнууд бүх фронт дахь цэргийн ажиллагаагаа бүрэн зогсооно. Үүнд Ливан дахь мөргөлдөөн ч багтаж байгаа бөгөөд цаашид бие биедээ цэргийн заналхийлэл үзүүлэхгүй байхаар тохиролцжээ.

2-р заалт: Дотоод хэрэгт үл оролцох

Баримт бичигт АНУ болон Иран харилцан тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нэг нэгнийхээ дотоод хэрэгт оролцохгүй гэж заажээ.

3-р заалт: 60 хоногийн хугацаатай хэлэлцээ

Талууд 60 хоногийн дотор эцсийн энхийн гэрээ байгуулах хэлэлцээг дуусгахаар тохиролцсон бөгөөд шаардлагатай бол хугацааг сунгах боломжтой байхаар тусгажээ.

4-р заалт: АНУ-ын бүслэлтийг цуцлах

АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтээ үе шаттайгаар цуцалж, мөргөлдөөнөөс өмнөх цэргийн байрлалдаа буцна.

5-р заалт: Ормузын хоолой

Иран Ормузын хоолойгоор худалдааны усан онгоцуудыг төлбөргүй, аюулгүй нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт хэвийн болох хүлээлттэй байна.

6-р заалт: Ираны сэргээн босголтын сан

Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор дор хаяж 300 тэрбум ам.долларын сан байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ АНУ уг санд шууд мөнгө оруулахгүй бөгөөд гол санхүүжилт нь бүс нутгийн орнуудаас бүрдэх аж.

7-р заалт: Хориг арга хэмжээг цуцлах

АНУ Ираны эсрэг хэрэгжүүлж буй бүх эдийн засгийн хориг арга хэмжээ, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолууд болон АНУ-ын дангаар тогтоосон хоригуудыг цуцална гэж заасан байна. Гэхдээ энэ үйл явц яг ямар хугацаанд хэрэгжих нь тодорхойгүй байна.

8-р заалт: Цөмийн зэвсэггүй байх амлалт

Иран цөмийн зэвсэг эзэмшихгүй гэдгээ албан ёсоор баталгаажуулж, одоо байгаа өндөр баяжуулсан ураны нөөцөө Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтан дор бууруулахаар зөвшөөрчээ. Хариуд нь хориг арга хэмжээг цуцлах асуудал урагшлах юм.

9-10-р заалт: Одоогийн нөхцөл байдлыг хадгалах

Эдгээр заалтад өндөр баяжуулсан ураны асуудлыг шийдэх хүртэл Ираны цөмийн хөтөлбөрийн өнөөгийн байдлыг хадгална гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, АНУ шинэ хориг арга хэмжээ тогтоохгүй бөгөөд газрын тос, нефтийн бүтээгдэхүүн экспортлох, банкны гүйлгээ, тээвэрлэлтийн үйлчилгээ зэрэгт түр зөвшөөрөл олгох юм.

11-р заалт: Царцаасан хөрөнгийг чөлөөлөх

Ираны царцаасан хөрөнгийг үе шаттайгаар суллах бөгөөд нарийвчилсан журмыг хэлэлцээний явцад тохиролцоно. АНУ-ын албан тушаалтны хэлснээр Иран өндөр баяжуулсан уранаа бууруулах зэрэг амлалтаа биелүүлж эхэлбэл хэлэлцээ үргэлжилж байх хугацаанд тодорхой хэмжээний хөрөнгийг үе шаттайгаар суллах боломжтой аж.

12-14-р заалт: Хяналт ба эцсийн хэлэлцээр

Сүүлийн заалтуудад хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгажээ. Үүнд санамж бичгийн хэрэгжилт болон ирээдүйн эцсийн гэрээний мөрдөлтийг хянах тусгай механизм байгуулна гэж заасан боловч яг ямар бүтэцтэй байх нь тодорхойгүй байна.
Мөн санамж бичигт гарын үсэг зурж, хэрэгжилт эхэлсний дараа АНУ, Иран хоёр эцсийн гэрээ байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэх юм. Эцсийн хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулна гэж санамж бичигт тусгажээ.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн