Open iToim app
Улс төр | 3 мин уншина

О.Номинчимэг: Тамхины хуульдаа ийм өөрчлөлт оруул гээд Сангийн сайддаа бичиг хүргүүлсэн. Мөнгөний өмнө хүчин мөхөстөж байна

О.Номинчимэг: Тамхины хуульдаа ийм өөрчлөлт оруул гээд Сангийн сайддаа бичиг хүргүүлсэн. Мөнгөний өмнө хүчин мөхөстөж байна
Нийтэлсэн 1 минутын өмнө
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-аар өчигдөр хэлэлцсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг тус хуулийн өөрчлөлтийг тамхины компанийнхан ихэд эсэргүүцэж байна. Төрийн өндөр албан тушаалтан нам дамнасан байдлаар УИХ-ын гишүүдэд нөлөөлөн мөнгөнийхөө бярыг үзүүлж, биднийг хүчин мөхсөдөхөд хүргэлээ хэмээн хэвлэлийн хурал хийлээ.
Тэрээр "Төрийн ордонд яаж мөнгөөр наймаалцаж болдгийг харуулсан үйл явдал болж байна. Ямар эмгэнэлтэй хошин шогийн жүжиг болж байна вэ гэдгийг та бүхэн бэлхэнээ харж байгаа байх. Мөнгө байвал шударга ёс утаа болж, шинжлэх ухаан зүгээр л хоосон болдог юм байна. Үнэхээр хүчин мөхсөдөж байна. Тамхины хэрэглээ манайд тулгамдсан асуудал. Гэтэл хэсэг бүлэг тамхины бизнесийнхэн эрх ашгаа хамгаалах гэж нам дамнасан бүлэглэл үүсгэжээ. Монгол Улсад тамхины бизнесийн том гурван компани байдаг. Янжуур тамхины Алтангадас, Валкам, электрон тамхины Электроник Гажид нар юм. Энэ хүмүүс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалж, борлуулалтаа багасгахгүйн тулд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Өөрсдийнхөө гар хөлийг Төрийн ордонд шургуулж нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулийг гацааж, бусниулах ажлыг нам дагасан бүлэглэлээрээ хийж байна. Гурван парламент дамнасан ч хуулиндаа өөрчлөлт хийж чадаагүй шалтаан бол ерөөсөө л мөнгө. Тамхины бизнес жилд 800 тэрбум төгрөгийн зах зээлтэй. Үүнийгээ 1.5 их наяд болгох зорилго компани болон түүний гар хөл болсон төрийн түшээдэд байна. УИХ-ын гишүүд гарын үсэг зурсан байр сууриасаа 180 градус эргэж, ажлын хэсэгт ороё гэж орсон гишүүд ажлаа хийхгүй айна. Байнгын хороо, чуулганаар орохоос нэг хоёр хоногийн өмнө ажлын хэсэгт тодорхой зорилготой хүмүүсийг оруулж, ажил бусниуллаа. Тамхиныхан үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна. Тамхины компаниуд гишүүдийн өрөө болгоноор явж байна. Шувуу болгонд үг дайж, шуудан болгонд захидал илгээнэ гэдэг шиг энэ хуулийг яаж гацааж, шалтаг гаргах вэ гэдэгт анхаарч байна. Тамхины тухай хуулийг эсэргүүцсэн хүн байхгүй. Тэдний тактик нь шалтаг хайж, өөртөө ашигтай байдлаар хуулийг яаж гацаах вэ, электрон тамхины хязгаарлалт зохицуулалтыг яаж сулруулах вэ гэдэг чиглэл рүү явжээ.
Би баримттай яръя. Миний гарт төрийн түшээ Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг байна. Энэ хүн тамхины асуудлыг ярьснаас хойш улаан цаймдаа гарч өөрийнхөө гарын үсэгтэй бичгээр тамхины хуульд ийм өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгөөд сууж байна. Энэ бичигт байгаа тооцооллыг харвал ямар нэгэн байдлаар тамхины компаниудын гаргасан татвараа бууруул гэх агуулгатай тооцоолол яг тэр чигээрээ албан бичигт туссан. Одоо төрийн бодлого болох гээд явж байна. Ж.Энхбаяр Хүнс хөдөө аж ахуйн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг хэлэлцээрт оруулж болно гэдэг зөвшөөрлийн өгч, бүх утаат тамхины гаалийн албан татварыг тэглүүлсэн. Энэ тал дээр ам мөчгийг нь авахад онцгой албан татвараар нөхнө гэдэг үлгэр яриад сууж байлаа. Дараа нь үүнийг хийх Эдийн засгийн хөгжлийн сайд болсон. Энэ хүн надад тамхины татварын асуудал манай асуудал биш учраас Сангийн яамтай ярь гэсэн. Тамхины хуулийн өөрчлөлтийг гацааж байгаа хүн бол бол Ж.Энхбаяр сайд. Өнөөдөр маргаашгүй Евроазийн хэлэлцээрт янжуур тамхины татварыг тэглэсэн асуудлаа гээд ороод ирнэ. Энэ бичиг дээрх мэдээллийг харвал бүх тамхиа татваргүй болгоно. Янжуур тамхины онцгой албан татварыг бараг байхгүй болгоё. Нэг ширхэг электрон тамхинд 300 төгрөгийн татвар ногдуулъя гэсэн санал тэр чигтээ байна. Үнэхээр гутаж байна. Төрийн өндөр сэнтийд байгаа хүмүүс хүртэл нам дамнасан байдлаар УИХ-ын гишүүдэд нөлөөлж мөнгөний хүчээ ингэж гаргаж байгаад үнэхээр хүчин мөхсөдөж байна. Мөнгөний өмнө УИХ сөхрөх юм уу эсвэл нийгмийн эрүүл мэндээ аврах нийтийн эрх ашгаа хамгаалах чиглэл рүүгээ явах юм уу гэдэг асуудал дээсэн дөрөөн дээр байна” гэв.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн