Шинэ онол нь хатуу сахилга бат, төвлөрсөн удирдлага болон авлигатай тэмцэхийг онцолж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний улс төрийн үзэл санааны шинэ салбар онол болох “Ши Жиньпиний Нам байгуулах үзэл санаа”-г албан ёсоор зарлаж, намыг хатуу сахилга баттай, нэгдмэл удирдлагын дор удирдах зарчмыг онцлон тодорхойллоо.
Даваа гарагт болсон намын байгуулалтын үндэсний хурлын үеэр энэхүү үзэл баримтлалыг “Марксист нам байгуулах онолын түүх болон Хятадын Коммунист намын байгуулалтын түүхэнд гарсан чухал үйл явдал” хэмээн үнэлсэн тухай төрийн мэдлийн CCTV телевиз мэдээлжээ.
Шинэ нэр томьёог Коммунист намын үзэл суртлын асуудал хариуцсан, намын хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага болох долоон гишүүнтэй Улс төрийн товчооны Байнгын хорооны тав дахь өндөр албан тушаалтан Цай Ци даргалсан хурлаар албан ёсоор баталсан байна. Уг хуралд сахилга бат, хүний нөөц болон бусад чухал асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцжээ.
CCTV-ийн мэдээлснээр Ши Жиньпин энэхүү үзэл баримтлалыг 2012 онд болсон Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойш хөгжүүлж ирсэн бөгөөд “урт хугацаанд төр барих чадвартай марксист намыг хэрхэн байгуулах вэ” зэрэг томоохон асуултад хариулт өгсөн онол гэж үзэж байна. Мөн уг үзэл санаа нь “шинэ эрин үед намын байгуулалтыг бэхжүүлэх үндсэн удирдамж” болно гэжээ.
Тайланд дурдсанаар “Ши Жиньпиний Нам байгуулах үзэл санаа” нь “14 тууштай зарчим”-ыг дэвшүүлсэн байна. Үүнд:
Намын Төв хорооны төвлөрсөн, нэгдсэн удирдлагыг тууштай баримтлах;
Нам өөрийгөө бүх талаар, хатуу чанд удирдах зарчмыг мөрдөх;
Бүх шатанд уялдаа холбоотой, нэгдмэл зохион байгуулалтын тогтолцоог хадгалах зэрэг багтаж байна.
Авлигатай тэмцэх асуудал ч мөн энэхүү онолын гол чиглэлүүдийн нэг болжээ. Үзэл баримтлалд төрийн албан хаагчдыг “авлига үйлдэх зориггүй, боломжгүй, хүсэлгүй болгох” цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Энэхүү шинэ онолыг 2027 оны намрын улиралд болох төлөвтэй дараагийн Намын их хурлаас ойролцоогоор нэг жилийн өмнө танилцуулж байгаа нь анхаарал татаж байна. Насны хязгаарын уламжлалт дүрмийн улмаас Намын Төв хорооны гишүүдийн гуравны хоёроос илүү нь солигдох төлөвтэй байгаа бөгөөд Улс төрийн товчоо болон түүний Байнгын хороонд ч томоохон өөрчлөлт гарах магадлалтай гэж үзэж байна.
2017 онд болсон ХКН-ын XIX их хурлын тайланд “Ши Жиньпиний цэргийн үзэл санаа”-г тусгаж, зэвсэгт хүчинд намын үнэмлэхүй удирдлагыг хадгалах, байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх, инновацид тулгуурласан хөгжлийг дэмжих, цэрэг-иргэний интеграцчлалыг өргөжүүлэхийг онцолсон юм.
Мөн 2018 онд болсон гадаад харилцааны асуудлаарх бага хурлаар “Ши Жиньпиний дипломатын үзэл санаа”-г удирдах онол болгон баталжээ. Энэхүү үзэл санаа нь гадаад бодлогод намын удирдлагыг хадгалах, “хүн төрөлхтний хамтын ирээдүйн нийгэмлэг”-ийг байгуулах үзэл санааг дэмжих, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан энхийн хөгжлийг эрэлхийлэхийг гол зарчим болгосон байна.