Open iToim app
Спорт | 2 мин уншина

Сенегалын эсрэг дубль хийсэн Мбаппе Францын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо

Сенегалын эсрэг дубль хийсэн Мбаппе Францын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо
Нийтэлсэн 12 минутын өмнө
АНУ-ын Нью-Йорк хотын Нью Жерси цэнгэлдэхэд болсон  ДАШТ-ий I хэсгийн тоглолтод Францын шигшээ Сенегалыг 3:1-ээр хожиж, дэлхийн аваргын гараагаа гурван оноогоор эхлүүллээ. Харин үзэгчдийн бүх анхаарал багийн ахлагч Килиан Мбаппед төвлөрж байв.
Тоглолтын эхний үе Сенегалын хувьд тун сайн өрнөсөн. Николас Жексон, Исмайла Сарр нар хэд хэдэн довтолгоо хийж, Францын хамгаалалтыг сандаргасан ч боломжуудаа ашиглаж чадсангүй. Харин завсарлагааны дараа Дидье Дешамын баг тоглолтын хэмнэлийг бүрэн өөрчилж, довтолгоогоо эрчимжүүлсэн юм. 
66 дахь минутад Майкл Олизегийн дамжуулалтыг Килиан Мбаппе гоол болгон хувиргаж тооны харьцааг нээв. Үүнээс ердөө хэдэн минутын дараа сэлгээнээс орж ирсэн Брэдли Баркола Адриен Рабьогийн дамжуулалтаар гоолдож, Франц 2:0-ээр тэргүүлж эхэлсэн байна. 
Нэмэлт цагт Сенегалын залуу довтлогч Ибрахим Мбайе нэг гоол оруулж итгэл найдвар төрүүлсэн ч Мбаппе тэр даруй 30 орчим метрийн зайнаас гайхалтай цохилт хийж тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Энэхүү гоол нь тоглолтын хамгийн үзүүштэй мөчүүдийн нэг болсон. 
Хоёр гоолын ачаар Мбаппе шигшээ багийнхаа төлөө нийт 58 гоол оруулж, 57 гоолтой байсан Францын домогт довтлогч Оливье Жируг ардаа орхин Францын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо. Сонирхолтой нь тэрээр энэ амжилтад ердөө 99 тоглолтод хүрсэн бол Жиру 137 тоглолтод 57 гоол оруулж байв. 
Үүгээр ч зогсохгүй Мбаппе дэлхийн аваргын тэмцээнд оруулсан гоолын тоогоо 14 болгож, Францын домогт тоглогч Жюст Фонтений амжилтыг давсан юм. Мөн тэрээр ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад улам ойртож, Германы домогт довтлогч Мирослав Клозегийн 16 гоолын дээд амжилтыг эвдэх боломжтой хэвээр байна. 
Энэ тоглолтын өмнө Мбаппе улирлын турш шүүмжлэлд өртөж, Реал Мадридтайгаа томоохон цом хүртэж чадаагүй, ахлагчийн хувьд хангалтгүй ажиллаж байна гэх яриа гарч байсан. Гэвч тэр ДАШТ  тайзан дээр эргэн ирж, шүүмжлэгчдэд талбай дээр хариулт өглөө. 
2018 онд дэлхийн аварга болж, 2022 онд мөнгөн медаль хүртсэн Мбаппе одоо Францыг гурав дахь дэлхийн аваргын төлөө хөтлөх гол найдвар хэвээр байна. Харин түүний дараагийн зорилго нь зөвхөн Францын төдийгүй ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч болох явдал юм. 
Франц дараагийн тоглолтоо Ирактай хийх бол Сенегал хэсгээс гарах боломжоо хадгалахын тулд Норвегийн эсрэг чухал тоглолт хүлээж байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн