УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсголыг хоёр өдөр хийж, нийслэлийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар шинжээчдийн дүгнэлтийг сонсож, хэлэлцүүлэг хийсэн.
Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойш Засгийн газрын асар их дэмжлэгтэй ажиллаж, нийслэлийг өндөр төсөвтэй болгох, бонд босгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан. Үүний үр дүнд 16 том төслийг зэрэг эхлүүлсэн ч өнөөдөр ихэнх төсөл нь зураг төсөл, ТЭЗҮ шатандаа явж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын эхлүүлсэн 16 мега төслийг хэрэгжүүлэхэд нийт 28.9 их наядын төсөв шаардлагатай бөгөөд санхүүжилтийн 5 хувь буюу 1.4 их наяд төгрөгийг зарцуулсныг албаныхан мэдээлсэн. Гэхдээ зураг төслийг ч асар өндөр үнээр хийлгэсэн байгаа юм.
16м мега төслийг салбараар нь ангилбал:
Нийтийн тээвэр 4, төсөвт өртөг 11.4 их наяд.
Авто зам-3 ,төсөвт өртөг 8.6 их наяд.
Эрчим хүч 4, төсөвт өртөг 3.8 их наяд.
Хот байгуулалт-3 төсөвт өртөг 3.1 их наяд.
Дэд бүтэц усны менежмент 2, төсөвт өртөг 2 их наяд байна. Ингэхдээ нийт төсөвт өртгийн 66 хувийг буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхээр төлөвлөсөн ч одоогоор бүрэн баталгаажаагүй. Энэ нь төслүүд зогсох, хугацаа сунжрах үндсэн эрсдэл болж байна. Санхүүжилтийн шийдвэрлэлт удааширснаас болж бэлтгэл шатанд зарцуулсан 129.4 тэрбум төгрөгийн зардал үр ашиггүй болох эрсдэлтэй байгаа.
Мөн Сэлбэ дэд төвийн санхүүжилтийг нийслэлээс олгохгүй байгаа ч гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр ажлаа үргэлжүүлж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэтэл төрөөс төслийг зогсоох асуудал яригдаж байгаа нь аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулж байгааг хэлсэн.
Нийслэлийн утаа, түгжрэлийг шийдэж, орон сууцжуулах нь нэн чухал ч нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар олон төслийг зэрэг эхлүүлсэн нь алдаа болсон гэдэг нь сонсголоор тодорхой болов.